sonin.mn

Аймгийн 14 сумын 36 багт өвөлжилт хүндэрлээ

Одоогоос 4 жилийн өмнөх их цаснаар малчин Монголчууд модоо барих дээрээ тулж байсан гашуун сургамжтай. 2009 оны өвлөөс хойш байгалийн аюулт үзэгдлээс сургамж авсан малчид хадлан тэжээлээ базааж, өнтэй өвлүүдийг давсан. Гэвч уур амьсгалын өөрчлөлт энэ удаад Монгол төдийгүй цэнхэр гаригийн улс орнуудад цочир хүйтрэлийг авчирч байна.

 

Манай аймагт өнгөрсөн оны 11-р сараас орж эхэлсэн цас он дамжин үргэлжилж, хөрсөн дээр цочир хүйтэрсний улмаас бид 3 сая малаа алдахад хүрээд байгаа аж. Үндсэндээ 2012 оны 11 сараас хойш аймгийн нийт нутгаар их бага хэмжээгээр 4-20 удаа цас орж, цасан бүрхүүл тогтжээ. Тэр дундаа аймгийн зүүн өмнө талын сумдаар 13-16 удаа цас орж, цасны зузаан 3-10см-т хүрчээ.

 

Ялангуяа 12-р сарын дунд үеэс эхэлсэн жавар олон жилийн дунджаас 3-7 градусаар илүү хүйтэрч, цас их орсны улмаас аймгийн ихэнх нутгийн зам даваа хагдаж, мал бэлчээрлэх боломжгүй болсныг цаг уурчид хэлж байна.

 

Одоогийн байдлаар манай аймгийн Хашаат сумын Жаргалант, Номгон, Цагаан хад, Баян, Хотонт сумын Орхон, Өндөрсант, Хотонт, Улаанчулуу, Бургалтай, Хөөвөр, Төвшрүүлэх сумын Хөх сүм, Эрдэнэтолгой, Өртөнт, Жаргалант сумын Асайт, Зуслан, Хоолт, Эрдэнэ-Уул, Баянцагаан, Эрдэнэмандал сумын Тээл, Өндөр-Улаан сумын Хануй, Азарга, Хайрхан сумын Могой, Асгат, Цэнхэр сумын Алтановоо, Цэнхэр, Цэцэрлэг, Орхон, Чулуут сумын Хүрэм, Ихтамир сумын Бугат, Булган сумын Тусгалт, Цэцэрлэг сумын Туулант, Чулуут, Өлзийт сумын Байшир, Бодонт багуудад өвөлжилт хүндрээд байгааг зарлалаа.

 

Бэлчээрийн даац, багтаамжийн нөхцөл байдлаас өөрийн аймгийн сум хооронд 949 өрхийн 244829 мянган толгой мал, өөр аймаг болон Булган аймгийн Могод, Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Төв аймгийн Заамар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Рашаант зэрэг сумын нутагт 137 өрхийн 53364 толгой мал, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгаас тус аймгийн Булган, Цахир, Хангай зэрэг 43 өрхийн 4461 толгой мал отроор өвөлжиж байгаа юм байна.



Гурван суманд 3666 мал хорогджээ

Нийт нутгаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан оны эхэнд аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд сумдын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаад ирсэн байна. Ажлын хэсгийнхний мэдээлж байгаагаар одоогийн байдлаар аймгийн 14 суманд өвөлжилт хүндэрч, цас их орсны улмаас машин тэрэг явах боломжгүй болж, зам даваа хаагдаж, малчдын өвс тэжээлийн нөөц барагдсан байдалтай байгаа аж.

 

Цаг агаарын таагүй байдлаас малаа авч үлдэх гэж малчид ч эрүүл мэндээрээ хохирч, эцэстээ сумдын эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага ихэсч, тусламж хугацаандаа хүрч чадахгүй байх нөхцөл байдал үүсчихээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор сумдын түргэн тусламжийн бензин шатахууны зардал хэрээс хэтэрч, машин тэрэг эвдэрч сүйдэх болсон байна. 

 

Одоогийн байдпаар өвөлжилт хүндэрсэн гурван сумдад 3666 тооны мал хорогдоод байгаагийн 90 хувь нь Хотонт суманд хорогдсон байна. Үүнээс 882 нь бод мал, 2451 нь бог мал байна. Цас зудын хүндрэлийн улмаас малчдад хүргэх хүн, мал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бензин шатахууны хүрэлцээ хангамж тааруу байгааг ажлын хэсгийнхэн уламжлаад эхний ээлжинд 481 тн өвс, 166тн тэжээлийн нөөц, хаагдсан зам давааг онгойлгох трактор, туулах чадвартай машин, бусад эм тариа, сэлбэг хэрэгслүүд нэн шаардлагатай байгааг хэлсэн юм.



Цас хатуурсны улмаас малын хөл халцарч, туурай нь ханзарчээ

2012 оны сүүлийн саруудад олон удаа орсон цас нягтаршиж, хатуурсны улмаас Жаргалант, Хотонт, Төвшрүүлэх, Хашаат, Цэнхэр, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын 300,0 гаруй мянган малын хөл нь халцарч, туурай ханзарсан байна. Өвөлжилттэй холбоотойгоор Жаргалант, Төвшрүүлэх, Цэцэрлэг, Батцэнгэл сумдад хурга, ишиг зэрэг малын “шөвөг яр” хэмээх өвчнөөр 3000 гаруй төл мал өвнилжээ.

 

Энэ өвчин нь хонь, ямааны хурга ишигний уруул, дэлэн, хөлийн арьс, амны салст бүрхүүлд бэлцэн, цэврүү товх булдруу хэлбэрээр илэрдэг халдварт өвчин бөгөөд халдварлагдсан өтөг бууцнаас үүсдэг байна. Дээрх өвчлөлийг эмчлэхэд шаардлагатай эм бэлдмэлийн захиалгыг холбогдох газруудад хүргүүлж, 50,0 мянган тун вакциныг татаж, тараагдаж эхэлжээ.



Зудын хэмжээнд хүрснийг мэдэгдэв

Хэдийгээр аймаг өөрийн дотоод боломжоороо өвс тэжээл, бусад тусламж дэмжлэгийг хүргүүлж байгаа ч зудын байдлыг даван туулахад хангалтгүй гэж үзэн улсын онцгой комисст хандаж эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-амар, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан тэргүүтэй ажлын хэсэг манай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан юм.

 

Ер нь зудын гамшиг болсныг цасны зузаан, нягтралаар тодорхойлж болдог бөгөөд манай аймагт талдаа 20-30см, хунгар газраа 130 см хүртэл цасан бүрхүүл тогтсон нь зудын хэмжээнд хүрсэн гэдгийг Хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан онцолж, улсын онцгой комиссын зүгээс аймагт үүсэн нөхцөл байдалд тусламж дэмжлэг үзүүлэхийг Засгийн газрын түвшинд ярихаар болсныг мэдэгдлээ.

 

Энэ үеэр аймгаас цаг агаарын хүнд нөхцөлд өвөлжиж байгаа мал, малчдад зайлшгүй шаардагдах тэр тусмаа онцгой хүндэрсэн 7 суманд шаардлагатай байгаа асуудлуудыг шийдэж өгөхийг Улсын онцгой комиссоос хүслээ.



Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээл, шатахууны дэмжлэг хүргүүлжээ

Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах хөдөлгөөнийг аймаг даяар өрнүүлж эхэллээ. Урьдчилсан байдлаар аймгийн нөөцөөс сумдад өвс, тэжээлийг хүргүүлж байгаа юм байна. Тухайлбал Хашаат суманд 800 боодол өвс, 5 тн няцалбар будаа, Хотонт суманд 2500 боодол өвс, 25 тн няцалбар будааг хүргэжээ. Мөн зам даваа онгойлгоход зориулж, 2.838.800 төгрөг нийт 7.3 сая төгрөг, Хашаат, Хотонт, төвшрүүлэх сумдын хүн эмнэлгүүдэд ард иргэдэд эрүүл мэндийн үзүүлэхэд шаардлагатай 8.5 сая төгрөгийн зардлын асуудлыг орон нутгийн зүгээс шийдсэн байна.

 

Мөн Төвшрүүлэх сумын улсын нөөцийн сал бараас 200 тн өвс, 2012 онд шинээр бэлтгэсэн 300 тн өвс, 120 тн тэжээлийг сумдад хувиарлан олгож дууссан байна. Хотонт сумын Өндөрсант, Орхон, Улаанчулуу, Бургалтай, Хотонт багийн төв рүү зам гаргаж, 15-20 хот айл руу туслах зам, Төвшрүүлэх суманд Хөх сүм, Улаантолгой, Баян-Өндөр, багууд руу төв зам, 97 хот айл руу зам гаргаж, хаагдсан зам давааг онгойлгож байгаа боловч дахин цасаар шуурч хаагдаад байна гэдгийг Онцгой байдлын албанаас мэдээллээ.

 

Үүнээс гадна аймгийн Засаг даргын зүгээс өвөлжилт хүндэрсэн сумдад бензин шатахуунд нь зориулж, тус бүр 1.0 сая төгрөг, хүндэрч болзошгүй сумдад тус бүр 500.0 мянган төгрөгийн тусламжийг хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.



Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар

Цасны нягтрал бусад аймгаас илүү байна

Монгол улын Шадар сайд, улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагвын өгсөн үүрэг даалгаврын дагуу өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй 11 аймгийн нөхцөл байдалтай танилцлаа. Говь-Алтай болон Ховд аймгуудад харьцангуй гайгүй байна. Харин Архангай аймгийн хувьд 14 сум зудтай байдалтай болсон байна.

 

Зөвхөн цасны нягтралаар нь авч үзэхэд 0.44г/ смЗ-т хүрсэн нь бусад аймгуудаас илүү байна. Энэ бол дундаж нягтралаас 2-3 дахин илүү болсон гэсэн үг. Ийм тохиолдолд мал бэлчээрлэх боломжгүй болдог. Тиймээс цаашид цаг хүндэрвэл гамшгийн хэмжээнд хүрч болохоор байгаа учраас улсын онцгой комиссын зүгээс Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна.



Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа:

Зарим газар нэг дуудлаганд 10 гаруй цаг явж байна

Аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч зудын нөхцөл байдалд шилжсэн байдалтай байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Гэвч цастай байгаа сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нилээд дэмжлэг хэрэгтэй байна. Зарим газраа 1 км газарт 1л шатахуун зарцуулж байна. Цас ихтэй газарт нэг дуудлаганд 10 гаруй цаг явж хүрч байна.

 

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд одоогийн байдлаар 12, 1-р сард төрөх эхчүүдийг сумын төв рүү нь нүүлгэсэн. Энэ сарын 08-наас эхлэн эрүүл мэндийн газрын тушаалаар зудын нөхцөл байдалтай холбоотой шуурхай ажлын багийг байгуулж, бүх сумдын эмнэлгүүдтэй утсаар холбогдон мэдээлэл авч, заавар зөвлөмж өгч байна. Саяхнаас зудтай байгаа 8 сумын 18 багт нарийн мэргэжпийн эмч нар хоёр чиглэлээр явж үзлэг хийж байна.

 

Өвчлөлийн хувьд артерын даралт ихсэх, зүрх судасны эмгэг, амьсгал, бөөр шээсний замын эмгэгүүд, мөн дээрээс нь хүйтний эрч чангарч байгаатай холбоотой томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай болж, нийт өвчний 17%-ийг эзэлж байна. Цаашдаа манай эрүүл мэндийн газар зудын нөхцөл байдал хүндэрсэн сумдад шуурхай авах арга хэмжээнүүдийг авна.

 

Тэр дундаа жирэмсэн эхчүүд, 0-1 насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны хяналтан дээр анхаарч ажиллана. Хамгийн чухал нь ард иргэд өөрсдөө зудын нөхцөл байдалд сонор сэрэмжтэй, эрүүл мэнд, сэтгэлзүй, эрүүл ахуйн хувьд бэлтгэлтэй, үхсэн малын сэг зэмтэй хэрхэн ажиллах, өрхийн эмийн сан, хүнсний нөөцийг бүрдүүлэх, өнгөц хөлдөлт осголт үүсвэл хэрхэн гэртээ анхан шатны тусламж үзүүлэх талаар ойлголттой байх хэрэгтэй.



Ийнхүү идэр ес эхлээд удаагүй байхад ихэнх нутаг зудын байдалд орж, малчид нөмөр нөөлөгтэй нутаг бараадан нүүдэллэж буй нь ирэх хавар хатуухан болохыг сануулж байна. Ямартай ч Монголчуудын амин зуулга болсон мал сүргээ хорогдуулалгүй, байгалийн гамшгийг даван туулахад ганцхан малчид гэлтгүй хүн бүрийн оролцох л хэрэгтэй.


Эх сурвалж: “Архангайн амьдрал”