sonin.mn
“The Hu” хамтлаг сайхан мэдээтэйгээр шинэ долоо хоногийг эхлүүлж байна. Тус хамтлагийнхан Канад улсад цомог борлуулалтаараа алтан сертификатын эзэд болсныг зарлажээ. Энэ талаарх мэдээллийг хамтлагийн менежер цахим хуудастаа оруулж нийтэд зарлалаа. Английн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн 2021 оны тэргүүн нүүрэнд “The Hu” хамтлагийг нийтэлсэн билээ. 1986 онд анх хэвлэгдэн гарсан уг сэтгүүл 60 мянган хувь хэвлэгддэг юм.
 
Өнгөрсөн арванхоёрдугаар сард “The Hu” хамтлаг Youtube-д нэг сая subscribers- тай болж, “Gold play button” шагналын эзэн болсон. Мөн “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж буй талаар өмнө нь мэдээлсэн.
 
Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж чадсан. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудастаа онцолсон юм.
 
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин