sonin.mn
Өнгө будаг сүлэлдсэн баялаг үзэсгэлэн өнгөрсөн баасан гарагт үзэгчдийн хүртээл боллоо. Оноосон нэрнээсээ авахуулаад сонирхол татах уг үзэсгэлэнг “Өөрөг” хэмээн нэрийджээ. Үнэндээ одоо бүх зүйл өнгөөр зүйрлэвэл саарал болчихоод байгаа энэ үед “Өөрөг”-т саатсан үзэгч бүр өнгөний хослолыг мэдэрнэ. Сэтгэл сэргээнэ бас сэтгэл гижигдэнэ. Энэхүү үзэсгэлэнгийн эзэн нь зураач М.Отгонтуул. Монголын урчуудын эвлэлийн гишүүн тэрбээр өмнө нь хоёр ч бие даасан үзэсгэлэнгээ үзэгчдэд танилцуулсан.
 
 
“Өөрөг” үзэсгэлэн түүний хувьд гурав дахь нь бөгөөд цар тахлын үед олны мэлмийг баясгаж буйгаараа онцлогтой. “MN17” арт галерейд үзэсгэлэнгээ дэлгэсэн зураач М.Отгонтуул Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг төгсжээ. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн франц хэлний ангийг дүүргэсэн тэрбээр “Tonalitй des Steppes” үзэсгэлэнгээ Франц улсад гаргаж байжээ. Түүнчлэн олон улсын хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан түүний бүтээл Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын Өвөрмонголын үзэгчдэд хүрч аль хэдийнэ танил болжээ.
 
 
Эдгээр аяллын дараа эх орондоо саатсан зураач М.Отгонтуул “Өөрөг” үзэсгэлэнгийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, “Өөрөө авсан өөрийн тань хөрөг зургуудаар өчнөөн сар аялж, ажиглалаа.
 
 
 
 
Өөрөө би бүсгүй хүн тул өөртэйгөө ижил хүйсээ мэдрэх гэж тэмтчив. Тэд бүгд инээмсэглэж, илүү сайхнаа бусдад харуулахыг хүсэж. Гэсэн ч би тэндээс баяр жаргал, гуниг харуусал, гутрал цөхрөл, илүүрхэл, бардамнал бүхнийг үзэв. Хаашаа ч залж болдоггүй хорвоогийн жамыг, хариу нь заавал ирдэг амьдралын төлөөсийг, хайр ямар гайхамшигтайг би өдөр бүр үзэж сэхээрэв.
 
 
 
 
Нууя гэсэн үнэн бүхэн нүднээс чинь уншигддагийг ойлгов. Тийм ээ, би өөрийн тань “Өөрөг” зургаар өдөр бүхэн аялсан. Өөдөөс минь инээмсэглэн харах өөрөг бүхэн өөр өөрийн мянга мянган түүхийг надад хүүрнэсэн. Чамайг биш чиний оршихуйг урлахыг би хүслээ. Бийр минь би-г биш мөн чанарыг эрээчив. Таны мэлмий таалан болгооно биз” хэмээсэн байлаа. Эрхэм зураач “Өөрөг”-өө энэ сарын 30 хүртэл үзэгчдэд хүргэнэ.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин