sonin.mn
Аав ээж минь хүүхэд байхаас “Уруудах хүнд унтах идэх, Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг дуулна” хэмээн эртэч байдалд сургасан. Үүний үр дүнд өнөөдөр амьдралд минь олон өөрчлөлт, ахиц дэвшил гарсан нь нойронд сэргэг, ажилч хичээнгүйд сургасан эцэг эхийн минь гавьяа гэж боддог юм. Эцэг эхээс улбаалсан энэ эрхэм сургаалыг үр хүүхдүүддээ ч сургаж, өглөө эртлэн босгож сургасан. Тиймээс манай гэр бүлд өдөр бүр жинхэнэ гайхамшиг тохиолддог юм. Цахим хэрэглээ нэмэгдсэн энэ үед иргэд ч өглөө эртлэн босох нь олон талын ач холбогдолтой гэдгийг ойлгож “Өглөөний гайхамшиг” хэмээх группт үүсгэн эртлэн боссон цагаа хэрхэн яаж үр дүнтэй өнгөрүүлсэн талаараа туршлага хуваалцдаг боллоо.Ийнхүү өмнө нь босох цааасаа нэг цагаар эртлэн боссон иргэн бүрийн, айл өрх бүрийн амьдралд олон сайн үр дүн бий болсоор байна. Иргэн бүр ийнхүү эртэч болбол эртэч улс болох боломжтой. Тэгвэл бид улс орныхоо нийгэм, эдийн засагт ямар их баялаг бүтээж болох тухай олон улсын туршлага арвин бий. Тиймээс манай улс шиг бага үдийн 10 цагт үйлчилгээний газруудаа ч нээгээгүй байдаг унтаа улс оронд өөрчлөлт авч ирэх боломж байна. Магадгүй эртэч улсын эртэч иргэн болох боломж, хөшүүрэг зуны цагийн хуваарьт шилжихээс эхлэж болох юм. Урин дулаан цаг ирж, нар эрт мандаж байгаа энэ үед л бид цагийн зүүг нэг цагаар урагшлуулахад ямар их баялаг бүтээх талаар нурших нь илүүц биз ээ.
 
 
 
Зуны цагийн хуваарьт шилжих нь бүтээмжийг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Шинэ Зеландын одон орон судлаач Жорж Вернон Хадсан 1895 онд өдрийн гэрэлтүүлэгтэй цагийг ашиглахыг санал болгож байсан түүхтэй.
 
 
 
Үүний дараагаар Герман, Австри-Унгар зэрэг улсад 1916 оны дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих болсон юм. Үүнээс хойш дэлхийн олон улс орон, хөдөө аж ахуйд зуны цагийн хуваарьт шилжсээр иржээ. Ялангуяа, 1970-аад онд болсон эрчим хүчний хямралаас хойш өөрөөр хэлбэл, эрчим хүчээ хэмнэхийн тулд олон орон нарны гэрэлтүүлгийг ашиглан цагаа урагшлуулдаг болсон билээ. Гэхдээ цаг урагшлуулах гол шалтгаан нь эрчим хүч хэмнэхийн тулд бус аж үйлдвэржсэн нийгэмд хүмүүс ихээхэн ашиг олохын тулд улирлын чанартай өөрчлөлтийг ашиглах цаг урагшлуулах аргыг санаачилсан хэмээн зарим шинжээч үздэг. Энэ нь өнгөц харахад өдрийн гэрэлтүүлгийг ашигласнаар эрчим хүч хэмнэх, эдийн засгийн ач холбогдолтой ч, нөгөөтэйгээр жижиглэнгийн худалдаа, спорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, оройн үзвэр гэхчлэн аж ахуйн нэгжүүд өдрийн цагийг ашиглан ашиг олж болох боломжийг эрэлхийлсэн хэрэг юм. Монгол Улс дэлхийн улс орнуудын жишгийн дагуу 1960 онд ажил эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалтыг хийсэн түүхтэй.
 
 
 
Ихэнх хүмүүс энэ шийдвэрийг талархан хүлээн авсан байдаг. Өнөөдөр коронавирусийн халдвараас үүдэн дэлхий даяараа нийгэм, эдийн засгийн хямралд өртсөн энэ үед монголчууд бид цагийн тооллыг урагшлуулах нь үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад болоод айл өрх бүрт ихээхэн зардал хэмнэх үр өгөөжтэй алхам болох нь ойлгомжтой.
 
 
 
Хаа хаанаа хэмнэлтийн горимд шилжиж хэрхэн яаж богино хугацаанд элгээр нь хэвтсэн эдийн засгаа хөл дээр нь тогтоох талаар санаа чилээж байгаа энэ үед нэг цагийн зөрүүгээр нэлээд ашиг олох боломж бүрдээд байна. Магадгүй яг одоо “цагийг алт” болгож, улс орноо хөгжлийн нэг шат урагшлуулах хамгийн энгийн бөгөөд хамгийн эн тэргүүнд авах шийдвэр “цаг урагшлуулах” байж болох юм.
 
 
Б.САРАНТУЯА
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин