sonin.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены баг “Сарны цохилт” гэж нэрлэсэн афганчуудын эцэс төгсгөлгүй дайныг зогсоох төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Шүүмжлэгчид энэхүү шуурхай төлөвлөгөө тус улсын хямралыг улам дордуулж магадгүйг анхааруулсан. Энхийн шинэ гэрээний төслийг Афганистан дахь АНУ-ын тусгай элч Залмай Халилзад Кабулын эрх баригчдад танилцуулжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений найман хуудас захидлыг орон нутгийн хэвлэлд нийтэлснээр улс төрийн шуурга дэгдээсэн юм. Афганистаны дэд Ерөнхийлөгч Амрулла Салех Вашингтоны төлөвлөгөөг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүйгээ зарлаад “АНУ-ын Ерөнхийлөгч Афганистаны ард түмэнд биш цэргүүддээ шийдвэр гарга” гэжээ. Харин “Талибан”-ы төлөөлөгч Забиулла Мужахид гэрээний төслийг нарийвчлан судлахаа мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр АНУ-ыг өнгөрсөн жил байгуулсан гэрээнийхээ нөхцлийг биелүүлэхийг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, АНУ-аар удирдуулсан НАТО-гийн 10 мянган цэргийг ирэх тавдугаар сарын 1 гэхэд татах тохиролцоог эргэн сануулсан юм. Энхийн хэлэлцээрт Афганистаны Засгийн газрыг төлөөлсөн Надер Надери “Бид эрх, үнэт зүйлсийн үндсэн багц, түүний дотор ардчилсан засаглалын тогтолцоогоо хадгалахын тулд хүндэтгэлтэй замыг сонгоно” гэжээ. Ерөнхийлөгч асан Хамид Карзай Кабулын төв телевизид өгсөн ярилцлагадаа “Миний бэхжүүлсэн “дархан” газарт ердийнхөөс илүү хөл хөдөлгөөн, бухимдал үүсчээ. Энэхүү баримт бичгийн төсөлд гурван хэсгээс бүрдэх шинэ зохицуулалтыг тусгасан. Мөн Афганистан улсын Үндсэн хууль, ирээдүйд баримтлах зарчим, шилжилтийн үед улс орныг удирдах тохиролцоо, шударга ёс тогтоох зураглал, гал зогсоох нөхцлийг заажээ. Шилжилтийн засгийн газрын үргэлжлэх хугацааг “ХХ” гэж тэмдэглэсэн байна. Гүйцэтгэх засаглалын тухайд Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгч нарын удирдлага болон Ерөнхий сайдаар тэргүүлсэн Засгийн газар гэсэн хоёр боломжийг санал болгосон” хэмээв.
Энхийн үйл явцыг хурдасгахын тулд АНУ давуу талаа бүрэн ашиглаж байна. Энтони Блинкений захидалд байлдааны талуудыг нэгтгэх зорилгоор Турк улсад дээд хэмжээний уулзалт хийхийг санал болгожээ. Найман хуудас бүхий энхтайвны гэрээний төсөлд оролцогч бүрт зориулсан зүйл заалтыг тусгаснаараа онцлог. Гэхдээ исламын Засгийн газрыг тогтоосны дараа талибуудын оролцоог боомилж магадгүй. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг Үндсэн хуулиар хамгаалах тухай тусгасан нь хоосон амлалт болно. Засгийн эрхэнд хэн гарахаас үл хамааран энэ улсын нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал бүдгэрнэ. Афганистаны түүхийн нум хэзээ ч шударга ёсны талд бөхийж байгаагүй юм. Афганистаны Хүний эрхийн комиссын дарга Шахарзад Акбар “Тогтвортой энхтайвныг цогцлоох нь Кабулын эрх баригчдаас хамаарна. Гэхдээ АНУ тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэг энэ мөргөлдөөнд оролцогч байсан бөгөөд тэдний үүрэг хариуцлага цэргээ татсанаар дуусахгүй. Тэд мөргөлдөөний хоёр талтай хөшүүрэг хэвээр байна. Үүнийг ашиглан афганчуудын зовлонг эцэс болгохын тулд бодитой хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй” хэмээн нөхцөл байдлыг дүгнэлээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагч Усама бен Ладеныг “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистанд орогнуулсан хэмээн АНУ болон түүний холбоотнууд Кабулд засгийн эрхийг барьж байсан талибуудын эсрэг “Туйлбартай эрх чөлөө” цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Уг ажиллагааг явуулах албан ёсны “зөвшөөрөл” нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1368 тоот тогтоол юм. Үүнээс хойш тасралтгүй 20 жилийн турш буюу АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн цэргийн ажиллагааны явцад 2400 гаруй америк цэрэг амь үрэгдэж, 20 мянга гаруй хүн шархдаджээ. Дайнтай холбоотой нийт зардлын хэмжээ хоёр их наяд ам.доллароос давсан байна. Афганистанд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын Төлөөлөгчийн газрын мэдээлэлд дурдсанаар, сүүлийн 10 жилийн хугацаанд Афганистаны 35 мянган энгийн иргэн амь үрэгдэж, 65 мянган хүн шархаджээ. Иймээс асар хохирол зардалтай дайныг эцэс болгоно гэдгээ Вашингтоны захиргаа амласан. Гал зогсоох хэлэлцээр байгуулснаар Афганистанд хүчирхийллийг бууруулж, тус улсад ужгирсан улс төрийн хямралыг зохицуулах боломж бий болно гэж талууд найдаж байгаа. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, цэрэг гарсны дараа Афганистаны дотоодод явагдах хэлэлцээр нь АНУ, “Талибан”-ы хэлэлцээтэй харьцуулахад хүндхэн нөхцөлд өрнөх болно. Учир нь талибууд Афганистаны нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг хянаж байгаа ба зарим мужид албан бус байдлаар засгийн эрхийг барьж, хүн амын дунд нэр хүнд сайтай байна. Кабулын улс төрийн дээд хүрээнийхэн авлигад идэгдэж, бүлэглэл хоорондын зөрчил хурцадсан. Үүний сацуу Афганистаны эрх баригч хүрээнийхэн засаглалын хямралд өртөж, Үндсэн хуулиар олгогдсон наад захын эрх үүргээ чадан ядан гүйцэлдүүлж байгаа бөгөөд мэргэжлийн ур дүй муутай, асуудлыг шийдвэрлэх чадваргүй, бие даасан бодлого хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин