сонин mn
НҮБ-аас БНӨСУ-д явуулж байгаа “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд  үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн батальоны холын эргүүлийн бүлгийн үүрэг гүйцэтгэлт, нөхцөл байдалтай танилцахаар Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар, “Юнити” секторын командлагч, бригадын генерал Шамим Камал тэргүүтэй Хүчний болон Секторын командлалын албаны хүмүүс Маёом сууринд ажлын айлчлал хийв. 
Энэ үеэр манай цэргийн багийн удирдлага болон Маёом суурины удирдлага, хүчний байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, “UNMISS” ажиллагаа, холын эргүүлийн бүлгийн үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Дэслэгч генерал Тинайкар Маёом сууринд ажиллах үеэрээ, “Энхийг сахиулах ажиллагааны газар оронд монгол цэргүүд ямагт шилдэг нь байдаг гэж бид үнэлдэг. Тиймээс ч та бүхнээр бахархдаг. Бидний итгэл найдварыг танай холын эргүүлийн бүлэг бататгаж байгаа. Та бүхэн миний харж байсан хамгийн шилдэг холын эргүүлийн бүлэг байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад Маёом суурин нь 120 гаруй мянган хүн амтай бөгөөд дийлэнхийг нь Нуэр омгийнхон эзэлдэг. “Юнити” секторын томоохон сууринуудын нэг аж. Мотобуудлагын батальоны томилгоот бүрэлдэхүүн хариуцлагын бүсэд эргүүл хийх үеэр НҮБ-ын болон Монгол цэргийн сүр хүчийг үзүүлэн, цагийн байдлыг судлан тогтоох, мэдээлэл олзворлох, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тосгон сууринуудын аюулгүй байдлыг хангах зорилготойгоор холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тус эргүүлийн бүлэг нь үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 3000 гаруй км зам маршрутын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 20 гаруй суурин, тосгоны иргэдтэй уулзалт хийгээд байна. 
Түүнчлэн тус улсын Жуба, Вау, Бентью хотыг холбосон төв хангалтын зам дагуу оршдог тул худалдаа, арилжаа хөгжиж байсан боловч сүүлийн жилүүдэд замын ихэнх хэсэгт хар шавар, хатуулаг хөрс тогтож, замын нөхцөл муудсанаас шалтгаалан худалдаа, наймаа эрс багасаж, хүнсний хомсдолоос үүдэлтэй хулгай, дээрэм, насанд хүрээгүйчүүдийн зэвсэгт бүлэг этгээдүүдийн гэмт хэргийн гаралт ихэссэн, цагийн байдлын тогтворгүй бүс нутаг юм. 
https://gsmaf.gov.mn/.../shine-dugaar-1_2021-03-03_41.pdf...
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин