сонин mn
Манай улсад “COVID-19” вирусийн халдвар дотоодод тархсанаас хойш гурван сар орчмын хугацаа өнгөрч байна. Анх гаднаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж ирснээс хойш Засгийн газар, улсын болон нийслэлийн Онцгой комиссын дэргэд эрдэмтэн судлаачдын багийг ажиллуулж эхэлжээ. Энэ тухай болон судалгааны ажлын үр дүн, урьдчилсан таамаглал, нөхцөл байдлын талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, хэрэглээний математикийн ухааны доктор, дэд профессор Б.БАРСБОЛДТОЙ ярилцлаа.
 
-Танай судалгааны баг анх яаж бүрдсэн юм бэ. Яг ямар чиглэлээр судалгаа хийж, хэрхэн ажиллаж байна вэ?
 
-Одоогоос жил гаруйхны өмнө манай улсад “COVID-19”вируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөж орж ирснээр ЭМЯ-ныхан судалгааны баг байгуулах саналыг МУИС-ийн удирдлагад тавьсан байдаг. Энэ дагуу эрдэмтэн судлаачдын багийг байгуулсан. Тэр үед Монголд коронавирус тархаагүй, халдварыг дотооддоо алдаагүй байсан учраас дэлхийн бусад оронд анх яаж халдварлаад дотооддоо хэрхэн дэлгэрч тархсан талаарх мэдээлэл, дүн шинжилгээнд үндэслэн бид төсөөлөл, зураглал гаргаж байлаа. Гэхдээ Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар орж ирэх, улмаар тодорхой түвшинд тархах нь цаг хугацааны л асуудал гэдгийг эрүүл мэндийн салбарынхан, цаашилбал, төр засгийнхан, бид ч таамаглаж байсан шүү дээ. Учир нь, энэ бол зөвхөн Монгол Улс юм уу, Ази тив биш дэлхий нийтийг хамарсан нийгмийн эрүүл мэнд, байгалийн давагдашгүй хүчин зүйл болж байна. Одоо үүний эсрэг зогсож чадах гол хүчин нь вакцин, түүний нөлөөгөөр бий болох дархлаа, нийтийн орчинд халдвар хамгааллын дэглэм буюу амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сайтар сахих, зайгаа барих, аль болох олон нийтийн газраар явахгүй байх гэхчлэн хамгийн энгийн арга хэлбэр л байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар вакцины хамгаалалт ч бат бэх “хэрэм” болох яагаа ч үгүй байна.
 
 
 
Дэлхийн бүх улс орны тавны нэг хүрэхтэй үгүйтэй нь л хүн амаа вакцинд хамруулж эхэлсэн нь өмнөх үеийнхээс давуутай ч бас л удаашралтай байгаа хэрэг. Хэдийгээр шинжлэх ухаан хурдтай хөгжиж байгаа ч дэлхий нийтийг хамарсан гамшгийн өмнө хүчин мөхөсдөх явдал байх л юм.
 
 
 
-Тийм байх. Анх дэлхий нийтийг хамарсан өвчин гарч, халдвар дэгдэхэд аймшигтай нөхцөл байдалтай байсан гэж уншсан юм байна?
 
-Одоогоос 100 орчим жилийн өмнө “Испанийн томуу” дэгдэж байх үед халдварт өвчний эсрэг вакцин байтугай микробиологийн нарийвчилсан судалгаа хийх тоног төхөөрөмж ч хүндрэлтэй байсан болохоор чухамдаа зөнгөөр нь орхихоос аргагүй л байж. Гэхдээ л хүн төрөлхтнийг бүхэлд нь хиаруулчихсангүй. Байгалийнхаа хуулиар тухайн бүс нутгийн нийт иргэний 60-70 хувь нь өвчин тусаад эдгэрэх юмуу биеийн эсэргүүцлийн чадамжаар тухайн үеийг даван туулж гэмээнэ тархалт нь намддаг зүй зохицол байдаг. Өнөөдөр тэр үетэй харьцуулбал шинжлэх ухаан, техник технологи маш эрчимтэй хөгжиж, байгаль нийгмийн давагдашгүй хүчин зүйлд нөлөөлөх чадамж маш өндөр болсон.
 
 
 
Наад зах нь коронавирусийн халдвартай хүнийг оношлоод эрт илрүүлж, тусгаарлалтад авч өвчнийг тархаахаас урьдчилан сэргийлж байна. Товчхондоо, аливаа өвчнийг “зөнд нь орхиж”, аль нэг бурхан тэнгэрт найдахаа больсон гэсэн үг. Цаашилбал, тухайн өвчний эсрэг вакцин гарган авч, үйлдвэрлэж, эмнэл зүйн практикт нэвтрүүлснээр энгийнээр хэлбэл, хүнийг тухайн өвчний вирусээр зохиомлоор халдварлуулж дархлаажуулж байна гэж ойлгож болно.
 
 
 
Ингэснээр вирус цааш дамжиж халдварлах үүд хаалгыг хааж байгаа юм. Тийм тохиолдолд буюу нийт хүн амын 60-70 хувийг вакцинжуулснаар “COVID-19” вирусийг “цурманд нь оруулж” чадна гэсэн тооцоолол гарсан.
 
-Манай улсын хувьд хөдөө орон нутагт бий болсон хэд хэдэн голомтыг барьж авсан ч нийслэлд гарсан халдварын тохиолдол буурахгүй, голомтын тоо нэмэгдсээр байна. Үүнийг ямар аргачлалаар урьдчилан тооцоолсон юм бэ?
 
-МУИС-ийн эрдэмтэн судлаачдын баг яг энэ чиглэлээр ажиллаж, мэдээлэл баримтад түшиглэн тооцоолол хийж, загвар гаргаж байна. Улмаар Монгол Улсад коронавирусийн халдварын тархалт ямар байх талаар урьдчилсан зураглал хийж, ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн. Энэ нь тодорхой чиг баримжаа болж, тус нэмэр болсон байх гэж найдаж байна. Түүнээс хойш буюу дотоодод “COVID-19”-ийн халдварыг алдсанаас хойш долоо хоног, сарын дараа ямар байх ерөнхий баримжаа, энэ байдал хэр удаан үргэлжлэх талаарх төлөвийг математик аргачлалаар гаргасан. Гэхдээ энэ маань загвар гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс өдөрт төчнөөн хүн халдвар авч нэмэгдэнэ гэж маш нарийвчлалтай гаргах боломжгүй ч ерөнхий төсөөлөл нь таарч байгаа.
Ер нь математик загварчлал гэдгийг хамгийн сайн өөртөө агуулсан мэдээлэл нь ус, цаг уур орчны тухай мэдээ байдаг. Энэ нь хиймэл дагуулын интелсат систем, Монгол Улсын газар нутаг дээрх 300-400 станцаас ирүүлсэн, нарийвчлал өндөртэй тоног төхөөрөмжийн мэдээллийг супер компьютерээр боловсруулалт хийгээд бүтээгдэхүүн болгож, олон нийтэд түгээж байна шүү дээ. Үүнтэй харьцуулахад “COVID-19” цар тахлын тархалт, өвчлөлийн эх уурхай, сурвалж уг гарвал зургийг судалж, урьдчилсан таамаглал, төлөв байдлын прогноз гаргана гэдэг бол маш бүрхэг, төсөөлшгүй ажил юм. Учир нь, энэ бол хүний хүчин зүйл, иргэдийн ухамсар, мэдлэг боловсрол, итгэл үнэмшлээс хэт их хамааралтай байна. Гэхдээ бидний гаргаж байгаа аргачлал, тоон мэдээлэл бодит байдлаас нэг их зөрөхгүй байгаа гэж харж байна.
 
-Монголчуудын уламжлалт баяр Цагаан сарын өдрүүдээр нийслэлд хатуу хөл хорио тогтоохоор УОК-оос санал дэвшүүлсэн. Үүнд танай эрдэмтдийн баг ямар нэг байдлаар мэдээллээр хангасан уу?
 
-Ц.Улам-Оргих тэргүүтэй манай сургуулийн эрдэмтэн судлаачдын баг УОК-ын дэргэд ажиллаж байгаа юм. Бид болохоор НОК-той хамтраж ажиллаж байна. Гэхдээ бид нэг л юмны талаар судалгаа шинжилгээ хийж, нэг л зорилгын төлөө зүтгэж байгаа учраас мэдээ мэдээлэл тодорхой хамааралтай байж таарна. “COVID-19” вирусийн цар тахлын тархалт их байгаагийн гол шалтгаан нь ердөө л хүмүүсийн бөөгнөрөл төвлөрөл, хүн хоорондын зайг ягштал баримтлахгүй байгаатай холбоотой болох нь тогтоогдсон. Математик загварчлалаар бол “уулзах магадлал” гэж томьёолдог юм. Энэ байдал л манайд алдагдчихаад байна. Тиймээс Цагаан сарын өдрүүдээр хорио цээрийн дэглэмийг тогтоож, дээр хэлсэнчлэн “уулзах магадлал”-ыг аль болох багасгах тусам өвчин тархах эрсдэл тэр хэмжээгээр буурах юм. Уг нь коронавирусийн халдвар гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн, дотоодод анх алдсан үеийнх шиг иргэд заавар зөвлөгөөг дагаж хэрэгжүүлээд байвал “COVID-19” тархах магадлалыг багасгаж чадах болно. Үүнийг эхнээс нь судалсан хүний хувьд санал бодлоо хэлэхэд, яг тийм байдлаа хадгалж Цагаан сарын өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, айл өрх, ахан дүүсээрээ айлчин золгуут хийхгүй, хөл хориог хатуу бариад хэд хоночиход л бодит төрх шал өөр болно гэж харж байна.
 
-Та бүхний гаргаж өгсөн тэр төсөөлөл, прогнозыг харгалзаад тууштай нэг сар ч юмуу хөл хорио тогтоочихож болохгүй байгаа юм байх даа. Тэгвэл тархалтын хүрээ хязгаарлагдах юм биш үү?
 
-Тэр бол нийслэлийн болон УОК, Засгийн газрын л шийдэх асуудал. Хөл хорио тогтоогоод хамаг юмаа хаачихаар иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учирч, ашиг орлого нь хаагдана. Улмаар айл өрхийн амьжиргаанд ч сөргөөр нөлөөлж байна. Тийм болохоор төр, засгаас иргэдийн амьдралын түвшинг алдагдуулахгүй байх зорилгоор зарим газрын үйл ажиллагааг эхлүүлж байгааг буруутгах аргагүй. Гэвч үүний дараа халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас коронавирусийн тохиолдол нэмэгдчихээд байна. Тиймээс нэг хэсэг хорио тогтоогоод дараа нь удалгүй сулруулж, зарим газрын үйл ажиллагааг нээх зэрэг нь нэг талаар хувийн хэвшлийнхэнд тустай мэт боловч нөгөө талаар олон нийтэд итгэл үнэмшилгүй сэтгэгдэл төрүүлээд байх шиг. Зарим улс оронд иргэдийнхээ шаардлагаар чөлөөт байдалд шилжүүлснээр нөхөж болшгүй гарз хохиролтой учирч, арга буюу хатуу хөл хорио тогтоосон жишээ Европын улс орнуудад олон байна. Тиймээс төр засаг, холбогдох газрын зүгээс шийдвэрээ гаргаж, хэдийгээр албадлагын шинжтэй боловч хатуу арга хэмжээгээ аваад явах нь чухал болов уу. Учир нь, халдварын голомт хүрээгээ тэлж, өвчлөлийн тоо нэмэгдэх нь өөрөө эргэлт буцалтгүй процесс юм. Нэг хүн халдвар авахад л энэ нь хэд хэдэн хүнд очиж наалдах төдийгүй тэднийг хүчээр эмчлэхээс өөр аргагүй байдалд хүргэнэ. Энэ л хамгийн том аюул болж байна.
 
-Өнөөдрийн бодит байдал хэдий хүртэл үргэлжлэх бол. Цаашдаа арай гайгүй болж, чөлөөтэй амьсгалах боломж бүрдэнэ гэх өөдрөг төсөөлөл байна уу?
 
-Энэ байдал наад зах нь зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ, математик загварчлалаар харахад. Гэвч бодит амьдрал дээр одоо коронавирусийн эсрэг ажиллаж, өдөр шөнөгүй хүчин зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдал, цагдаагийн албан хаагчдын чадал тэнхээ, тэсвэр тэвчээр хэдийд барагдчих бол гэх хүний нөөц, нийгмийн сэтгэл зүйн асуудал томоохон асуултын тэмдэг болж байна. Робот биш хүн л юм чинь тэд ядарч зүдэрнэ, цуцаж халширна гээд зөндөө асуудал бий. Тэдэнд зөв зохион байгуулалт, систем дараалалтай амралт шаардлагатай. Цагаан сарын өдрүүдээр хатуу хөл хорио тогтоох нь энэ шаардлагын нэг хэсэг гэж ойлгох нь зөв байх. Түүний дараа халдварын тохиолдлын тоо эрс багасаад ирвэл хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл, арилжаа наймааг нээж, амьжиргааны эх үүсвэрээ олоход нь тус дэм болох арга хэмжээг дэс дараатай авч таарна. Ийм л байдлаар нийгэм, эдийн засгийн амьдралыг зохицуулж явахаас өөр гарцгүй л болчихоод байгаа юм. Гэхдээ ирэх зургаадугаар сар гэхэд байдал өөр болно гэж өөдрөгөөр төсөөлж байна.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин