Палеонтологичид шүдгүй, өд сөдтэй, урд мөчиндөө хоёр хуруутай үлэг гүрвэлийн ер бусын шинэ төрөл зүйлийг олж илрүүлжээ. Эдгээр үлэг гүрвэл нь гадаад төрхөөрөө аварга том тоть шувуутай төстэй байсан гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж. Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн талаарх тайлбарыг “Royal Society Open Science” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.
Эдинбургийн их сургуулийн судлаач Грегори Фанстонагаар ахлуулсан эрдэмтэд Монголын говиос өдтэй үлэг гүрвэлийн маш сайн хадгалагдаж үлдсэн хэд хэдэн бүрэн бүтэн араг яс олжээ. Шинэ төрөл зүйлийг Алтайн домогт гардаг Оксоко хэмээх гурван толгойт бүргэдийн нэрээр “Oksoko avarsan” хэмээн нэрлэсэн байна.
Энэ нь гавлын гурван ясыг хамтад нь олсонтой холбоотой бол нэрийн хоёр дахь хэсэг нь монголоор “аврагдсан” гэх утгатай бөгөөд олдворыг хууль бусаар малтлага хийгчдээс аварсан учраас ийнхүү нэрлэжээ. Судлаачид Оксоко нь хоёр метрийн урт биетэй, холимог тэжээлтэн амьтан байсан гэж таамаглаж байна. Энэхүү олдвор нь 68 сая орчим жилийн настай аж. Мөн одоогийн Монгол, Хятадын нутагт цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан гурван хуруут үлэг гүрвэл гэгддэг овирапторууд нэг хуруугаа алдсаны хамгийн анхны нотолгоо болжээ. Судалгаанд Их Британийн эрдэмтдээс гадна, Канад, Япон, Монголын судлаачид оролцжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Uuniigee sain hadgalaarai daa. Nuguu shunaltai dinozavriin yas damladag humuusiin gart orchih vii? Buu uzegd! Mongold shine dinozavriin yas ba shine ashigt maltmaliin bayalag ord neelee geheer l aih yum baina shuu dee, Za odoo nuguu shunaltai huurnuud ni shulsee zalgiad l dairna. Burhan Min!