sonin.mn

Сүүлийн үед Монголын телевизүүдийн талаар хэвлэл, мэдээллээр их бичих боллоо. Энэ нь нэгд, УИХ-аар Хэвлэл, мэдээллийн Эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж байгаатай гол холбоотой байх. Телевиз бол өнөө орчин цагт мэдээллийн асар том түгээгч хэвээр байна. Түүнээс гадна хүмүүсийг сатааруулах том орон зай юм. Энэ нь энтертаймент талаас нь хэлж байгаа ухаантай.

 

Нөгөө талаас телевиз бол бас мөнгө олж буй бизнесийн байгууллага. Бизнес эрхлэж байгаа бусдаас ялгах юмгүй, аж ахуйн нэгж шүү дээ. Ийм ийм талаас нь саяхан Д.Болдхуяг, А.Миегомбо нарын мэргэжлийн хүмүүс, сэтгүүлчийн мэдээллийн сайтуудад санал сэтгэгдлээ бичсэнд нэмэр болгон, үзэгч, иргэн хүний хувьд, мөн сэтгүүл зүйн тогооны хүний хувьд ч тэр Монголын телевизүүдийн өнөөгийн байдлын талаар санал бодлоо хуваалцаж байна.

 


Юуны өмнө тооноос эхэлье. Монголд өдгөө 40 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийг ”ZDF”,”Deutsche Welle”, “ARD”, “ProSieben", “RTL”, “Sat 1” гэх мэтээр хэдхэн тоймтой төв телевизтэй байдаг 80 гаруй сая хүн амтай Герман улстай харьцуулахад /энэ бол ганцхан жишээ шүү/ манайх шиг хүн ам цөөнтэй оронд дэндүү их гэдэг нь ойлгомжтой, Монголд яагаад ийм их TV байгаа юм гэсэн асуулт тавигддаг.

 

Үүнд манайхны зарим нь, зах зээлийн нийгэмд шилжсэн оронд хэд ч байсан яах вэ гэдэг. Гэтэл ийм олон (визуальный коммуникац) байхын ач холбогдол, үр дүн манайд төдийлөн гардаггүй. Үйл явдлын мэдээг нэгэн зэрэг, ялгагдалгүй адилхан давтдаг ийм олон телевиз тэгвэл яагаад оршин тогтноод байдаг вэ гэсэн дараагийн асуулт тавигддаг. Нэгэнтээ л бизнесийн орчин юм чинь чөлөөт өрсөлдөөн энд яагаад явагдахгүй байна вэ?

 


Мэргэжлийн бид дээрх асуултад “Бүх телевизийн ард хэн нэгэн эрх мэдэлтэн байж, мөнгөөр угжиж суудаг учир манай телевизийн салбарт цэвэр, шударга өрсөлдөөн ерөөс явагддаггүй” гэсэн ганцхан хариулт өгдөг юм. Энэ нь хэр зөв, үнэн эсэхийг судлаач, мэргэжилтнүүд давхар үнэлж дүгнэж гаргана биз.. Гэхдээ тогоон дотроо ярилцдаг байсан бидний яриа өнөөдөр нэгэнтээ ил болоод байна.

 

Цагийн эрхээр ил болохоос ч яах билээ. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийн ажлын хэсгийг ахлаж буй УИХ-ын гишүүн М.Батчимэг хэвлэл, мэдээллийн байгууллагын эздийг олон нийтэд ил болгоно гэж мэдэгдсэн. Хуулийн төслийн “шүүсийг шахаж” байгаа нь энэ юм байх. Төрийн зүгээс ингэж мэдэгдэж байгаа хэдий ч манай телевизүүдийн эзэд нэгэнтээ ил тод шүү дээ.

 

Жишээ нь, “Т\/-5”-ын эзэн нь саяхан УИХ-ын гишүүн болсон, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, “ТМ”-ийн эзэн нь Үнэт цаасны үйлдвэрийн захирал, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Түмэнжаргал (Энэ онд УИХ-ын сонгуульд Булган аймагт АН-аас нэр дэвшиж байсан), “SBN’’-ын эзэн нь мөн л өмнө нь УИХ-ын гишүүн байсан, бизнес эрхлэгч, “Наран” группийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт, “UBS’’-ын эзэн нь хөгжмийн зохиолч Ц.Балхжав (тэрээр МАН-ын засаглалын үед уг телевизийг нийслэлийн өмчөөс менежментийн гэрээгээр аваад буй) нар байгаа.

 

“Эх орон" телевизийг УИХ-ын гишүүн Д.Батбаяр эхнэр, УГЖ Т.Баясгалангийн хамт эзэмшиж байсан , “TV-8"-ын эзэн нь сэтгүүлч С.Баярмөнх, эзэмшилд нь Г.Занданшатар зэрэг МАН-ын удирдах зарим хүн оролцдог (С.Баярмөнх нь ГХЯ-ны Дипломатад үйлчлэх газрын даргаар ажиллаж байсан), “MN-25”-ын эзэн нь УИХ-ын гишүүн асан З.Алтай, “NTV’’-ын эзэд нь УИХ-ын гишүүн Г.Батхүү болон “АПУ”, “Шунхлай”-ийн захирлууд гэдэг. "BTV” УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаяр, “Монгол ТВ” “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Чинбат, “С-1” гэхэд УИХ- ын гишүүн, ҮХХАА-н сайд Х.Баттулгын мэдэлд байдаг гэдэг.

 

Энэ бол албан болон албан бус эзэмшигч эзэд нь юм. Зарим телевизийн эзэмшил нэгээс нөгөөд шилжээд буй. Ингэхдээ чанарын ялгаагүй, хэн нэгэн улстөрч юмуу, улстөр болон төр, засагт алба хашиж байсан хүмүүст очдог. Жишээ нь, “Шинэ Дэлхий” хэмээх шинэ телевизийн эзэмшил УИХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт шилжээд буй. "Ийгл", “Боловсрол” зэрэг телевизүүд “Бодь” группийн мэдэлд өөрөө медиагрупп болоод буй.

 


Дээрх жишээнээс харахад манай телевизүүдийн эзэд болон эзэмшлийн 90 гаруй хувь нь улстөрчдийн багаас бүрдсэн байгаа биз. Тэгэхээр телевизүүд улстөрөөс ангид байж чадсангүй. Шулуухан хэлэхэд улстөрчид өөрсдийн “олсон” сул мөнгөөр эзэмшилдээ байгаа телевизээ угжаад байдаг учир Монголын телевизүүд сөнөдөг ч үгүй, дээшилж дэвждэггүй, тэдний хооронд бизнесийн болон уран бүтээлийн цэвэр, шударга өрсөлдөөн явагддаггүй, бахь байдгаараа байгаад байдаг нь бодит үнэн юм.

 

Тэгвэл улстөрчид яах гэж энэ мэтээр өөрийн гэсэн нэг нэг телевиз байгуулдаг юм гэсэн дараагийн асуулт гарч ирдэг. Өөрсдийн үзэл бодлоос илүү эрх ашгаа илэрхийлэн түгээх, лобби бүлэглэлээ хамгаалж, үгүй ядах нь ээ бусад руу довтлох хэрэгсэл болгон ашиглах гэж TV байгуулдаг гэхэд хилсдэхгүй. Энд мөн улстөрчид мөнгө бэл, эрх мэдэлтэй болж, нийгэмд өөрийн байр суурьтай шүү гэдгээ үзүүлэх гэсэн имиж давхар явагддагийг нуух юун.

 

Тэд өөрсдийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслээрээ эрх ашгаа илэрхийлэхдээ мэдээж ил тод улаан цайм “орилоод” байдаггүй нь ойлгомжтой. Олон нийт, иргэдийн нэгээхэн хэсгийн толгойг эргүүлэх, тархийг угаах замаар үүнийгээ гүйцэлдүүлдэг. Тиймээс ч манай телевизүүдийн мэдээллийн цаг, улстөр нь их байдаг. Түүнийгээ дахин давтаад байдаг нь энэ юм. Эндээс дүгнэж үзэхэд манай телевизүүдийн дийлэнх нь сэтгүүл зүйн хувьд бие даасан, чөлөөт бус, хараат байдалд байна.

 

Санхүүгийн хувьд зах зээлд амьдрах чадвар нь хэн нэгний мөнгөнөөс хамааралтай нөхцөлд байдаг. Тэгэхээр бусадтайгаа яаж өрсөлдөх вэ дээ. Одоо нэг нэгнээсээ огт ялгагдаггүй манай телевизүүдийн өөр өөрсдийн “онцлог”, өнөөгийн байдлыг өгүүлье.

 

“SBN”-технологийн хувьд дунд зэрэг ч гэсэн өглөөний, амралтын зэрэг зарим нэвтрүүлэг, хөтөлбөрүүд нь амьд, зарим телевизүүд шиг савангийн дуурь болон гаднаас хямдаар импортлосон нэвтрүүлэг, “косметик” хуулбарууд болон савангийн дуурь мэтийн кинонууд үзүүлээд байдаггүй. Өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлэхийн хичээж буй TV.


“ТV-8”-Монголын төвийн телевизүүдээс хамгийн муу буюу хоцрогдсон техник, технологитой телевиз гэж хэлж болно. Нэвтрүүлэг, уран бүтээлийн хувьд ч ялгаагүй. Ихэнх цагтаа чат, зар явуулдаг. Орой үдэш зарим Солонгос, Хятад кино нь орчуулгагүй тууж явах нь ч бий. Хэдийгээр эзэн нь сэтгүүлч гэсэн ч тус TV нэг ёсондоо Монголын хамгийн муу үзүүлэлтүүдтэй, “халтуурны” маягын телевиз болсон. Алдаг оног нэвтрүүлэг, хөтөлбөрүүдээс нь залхсан үзэгчид эдгээрээс нь ганцхан “Шөнийн толь"- ийг л үзэх гэж сувгаа тааруулдаг байх.



“MN-25”-Монголын хамгийн анхны бие даасан, чөлөөт телевиз гэдэг нь яах аргагүй үнэн. Гэхдээ л анхных гэдэг тэр хэмжээгээр нэвтрүүлэг, хөтөлбөр болон техникийн чанар нь удаж, муудаж байгаа. Нэвтрүүлгүүд нь сүүлд гарч ирсэн бусад телевизүүддээ цохигдож, нэг хэвийн болсон. Хэдийгээр бие даасан, чөлөөт гэгддэг боловч сонгууль бүрээр өөрийн телевизээс УИХ-д сонгогдсон болон нэр дэвшсэн хүмүүсээ цаг хайрлахгүй, сайн сурталчилдаг.

Энэ ч яахав, хувийнх болохоор мэдээжийн хэрэг байх. Олон жилийн өмнөх онц ноцтой гэмт хэргийн талаарх өөрсдийн жүжиглэчилсэн сериал зэрэг өөрийн автор бүхий нэвтрүүлгүүдтэй. Урлаг, соёлын нэвтрүүлгүүд түлхүү цагийг эзэлдэг сайн талтай. /Энэ нь тэнд хөгжмийн зохиолч Ч.Энхбазар зэрэг мэргэжлийн хүмүүс ажилладагтай холбоотой байх/.



“Монгол ТВ”-байгуулагдаад удаагүй байгааг хэлэх үү, техник, технологийн хувьд Монголдоо тэргүүлж буй. HD технологиос гадна бичлэгийн нисдэг аппарат бүхий камерийг эх орондоо туршсан боловч төрийн зүгээс элдэв саад хийгээд хориглочихсон. Программын цаг цөөхөн ч урлаг болон танин мэдэхүйн нэвтрүүлэг ихтэй. Гадаадын кинонуудыг цаад талын албан ёсны зөвшөөрөлтэй үзүүлдэгээрээ сэтгүүл зүйн болон бизнесийн ёс зүйгээ баримталдаг, үүнийг Монголд дэлгэрүүлж байгаагаараа дэвшилтэт телевиз.



“ТМ”-“Танин мэдэхүйн” телевиз гэсэн нэртэй боловч энэ үүргээ хангалтгүй биелүүлдэг. Хурдан морины уралдааныг өвөл, зунгүй, бүс нутгийн уралдааныг хүртэл алгасалгүй үзүүлдэг нь морь уядаг, Морин уяачдын холбооны тэргүүлэгчдийн нэг, уг TV-ийн эзэнтэй нь холбоотой байх. Гадны нэвтрүүлгүүдийг импортлох нь их.



C-1-Техник, технологи, өгөгдлийн хувьд өөрийн гэсэн шинэчлэлтэй. Энэ нь менежентийн багт нь гадаадын мэргэжилтэн ажилладагийн давуу тал. Монголын баримтат кино гардаг. МҮОНРТ-ын архиваас баримтат болон уран сайхны кинонууд их авсан гэдэг. Харин худалдаж уу, яаж авсан нь тодорхойгүй. Амьд шоу нэвтрүүлэг, хөтөлбөр сайн. Адилхан олон телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийг нэгтгэж мэдээллийн дайджест болгон фокус хэлбэрээр үзүүлдэг нь илүү, онцлогтой.



“Ийгл”-Сэтгүүлч сурвалжлагч, техникийн ажилтнууд нь уран бүтээлч, дайчин шаргуу, тэрийгээ үе дамжуулан алдалгүйгээр яваа, Монголын сэтгүүл зүйд олон сайн чадварлаг, бие даасан сэтгүүлчдийг төрүүлсан. Мэдээллээр дагнадаг учир үйл явдлыг газар дээрээс нь ямар ч цензургүйгээр шууд дамжуулдаг гэсэн өөрийн давуу талуудтай. Энэ менежмент нь өмнөх эзэд болох америкчуудаас үлдсэн. АНУ-ын тал эзэмшлээ монголчуудад худалдаад явснаас хойш “Христийн телевиз” гэж чичлүүлдэг байсан ганц эерэг бус нэрээсээ салж байгаа.



“ТВ-9”-Анх бурханых байгаад Н.Энхбаярынх гэх болсон нь хийж буй нэвтрүүлэг, тэнд ажиллаж байгаа уран бүтээлчдийн хандлага гэхээсээ илүүтэй өмчлөлтэй холбоотойгоор ингэж цоллуулахад хүрсэн. Хэдийгээр нэг намын, нэг хүчний дуу хоолой болдог ч орон нутагт, аймаг бүрт шахам өөрийн сурвалжлагч бүхий сүлжээтэй, уул уурхайн салбараар буюу эрдэс баялаг маань хэрхэн ашиглагдаж байгаа сэдвээр дагнадаг, үүгээрээ өөрийн гэсэн имижтэй болсон. Спортын хөтөлбөр, бөхийн барилдааныг шууд дамжуулдаг зэргийг эс тооцвол зугаа цэнгэл, шоу хөтөлбөр, урлаг, танин мэдэхүйн нэвтрүүлэг тун бага. Ихэнх цагаа улстөр, уул уурхай, Оюутолгойг тойрсон сэдэвт хандуулдаг учир аргагүй гэлтэй.



“UBS’’-Нэг үе бараг ОСГ-ны хорооны ажлыг хүртэл сурталчлан үзүүлдэг байсан тус телевиз нийслэлийн өмчлөл дэх нийтлэл, нэвтрүүлгээсээ одоо хэр нь бас салаагүй л байгаа. Уг нь хуучин Телевизийн баримтат киноны студи байгаад дараа нь “Өлзий” төв болж өргөжин салж бие даасан телевиз болох хөгжлийн явцад “UBS” өөрийн гэсэн уран бүтээлчдийн том, чадварлаг баг, техникийн өргөн бүрэлдэхүүнтэй болсон.



МҮОНТВ-Улс орон даяар цацагддаг давуу байдлаа бусад TV-үүдэд алдсан ч хөдөө, хотгүй ганцхан мэдээллийн “Цагийн хүрд” хөтөлбөрийг нь үздэг. Гэхдээ сүүлийн жилд эх хэлний “Тунгаамал”, “Залуу зохион бүтээгч” зэрэг танин мэдэхүйн болон "Нэг минут, нэг сая", “Нөу hey" зэрэг хөгжөөн нэвтрүүлгүүд ихтэй болж, олон нийтийн телевизийн гэх гэгээрүүлэх болон цэнгээх үүргээ биелүүлж эхэлж байгаа. Мэргэжлийн хүмүүс сүүлийн үед тус телевизээс олноор “үйлдвэрлэн” гаргаж байгаа баримтат болон дотоодын уран сайхны кинонуудад “Уран бүтээлийн хямд хэлбэр бүтээлүүдэд үзэгчдийн мөнгө их үрэгдэж байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа.

 


Монголын телевизүүдийн бaйдaл иймэрхүү байна. Телевизүүдийн үзэгчдэд таалагддаггүй нэг нийтлэг зүйл нь “Киноны дундуур реклам гараад байна уу, рекламны дундуур кино үзээд байна уу гэдэг шүүмж юм. Зарим телевиз бүр 2-3 рекламыг хэн ингэж их мөнгө зарцуулна вэ гэж бодогдон залхтал давтан үзүүлдэг нь бас л нөгөө нэг эзний хараат байдалтай холбоотой.

 

Энд ямар ч цензур, хяналт хязгаар байдаггүй. Хууль эрхзүйн талд ч тэр... Тиймээс хөөрхий үзэгч сувгаа адилхан нэг хэвийн хэдэн телевиз дээрээ ээлжлэн тааруулж сууна.

 

Б.Билгүүн

Эх сурвалж: “Бизнес Таймс”