sonin.mn

Модун бол Түмэн шаньюйн ууган хүү байв. Түмэн шаньюй өөр яньчжи /Хятадын сурвалж бичгүүдэд "Хүннү нар хатныг яньчжи гэдэг" хэмээн тэмдэглэсэн байдаг/ авсан байна. Тэр яньчжи удалгүй төрөхөөр болж Түмэнд хандан "Би үхэж магадгүй. Хэрвээ надаас хүү төрвөл Та заавал шаньюй болгоно гэж амлана уу" гэсэнд Түмэн шаньюй түүнд хайртай байсан тул зөвшөөрчээ.

 


Ингээд хүү төрж, яньчжи ч өөд болжээ. Түмэн шаньюй нэгэнт тангарагласан тул түүнийгээ биелүүлэхээс өөр аргагүй болов. Түмэн шаньюйн үед Хүннү нар хүнд байдалд ороод байлаа. Өмнөд талаас нь Цинь Улс довтолж, Ордосыг булааж авсан байв. Баруун талаас Юэчжи нар довтолж, Хүннү нараас тэднийг довтлохгүй байхын баталгаа болгож, өөрийн залгамжлагчаа барьцаанд өгөхийг Түмэн шаньюйгаас шаарджээ.

 


Зүүн талаас нь дорнод Ху нар /Дүнь Ху/ довтолж, Хүннү нараас албан татвар авч байлаа. Түмэн шаньюй Модуныг зайлуулахын тулд түүнийг Юэчжи нарт барьцаанд өгсөн гэж эрдэмтэд үздэг. Харин Модун барьцаанаас оргож, Хүннүд эргэж иржээ. Улмаар Модун төрийн эрхийг булаан авч, МЭӨ 209 онд шаньюйн суудалд суусан байна.

 


Модун хэрхэн шаньюйн суудалд суусан тухай эртний Хань Улсын түүхч түшмэл Сыма Цяны бичсэн "Ши цзи" зохиолын "Хүннүгийн шастир" хэмээх 110 дугаар бүлэгт "Түмэн шаньюй Модун гэдэг ширээ залгамжлах хүүтэй байтал хайртай яньчжигаас нь отгон хүү төрөхөд Модуныг зайлуулахын тул Юэчжи нарт барьцаанд өгсөн. Модуныг очмогц Түмэн тэднийг довтлоход Юэчжи нар барьцаанд байгаа хүүг нь алахаар завдсан билээ.

 


Харин Модун сайн морийг хулгайлан буцаж ирэхэд Түмэн түүний эрэлхэг зоригтойг таашаан түмтийн дарга болгов. Модун дуут сум хийн морьт цэргүүдээ морин дээрээс нум харвахад сургаж, "Дуут сумыг харвасан зүг рүү цөм харвагтун. Харваагүй хүний толгойг авна" гэж тушаажээ. Модун ан агнахаар явахдаа дуут сум харвасан зүг сумаа тавиагүй хүний толгойг авсан аж.

 

Удалгүй Модун сайн морь уруугаа дуут сумаа тавихад бараа бологчдын зарим нь харваж, зарим нь харваагүй гэдэг. Ингэхэд мөн л харваагүй хүний толгойг авсан байна. Үүний дараагаар тэрбээр хайрт гэргий уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь зүрхэлсэнгүй. Модун бас л тэдний толгойг авчээ.

 


Дахиад анд явж байхдаа шаньюйн сайн морь уруу дуут сумаа Модун харвахад бараа бологчид нь цөм харваж Модун бараа бологчдоо ашиглах цаг ирснийг мэдсэн байна. Хожим нь Модун эцэг Түмэн шаньюй уруу дуут сумаа харвахад бараа бологчид нь цөм түүн рүү харвасан аж. Чингээд тэрбээр хойд эх, дүү, өөрт нь захирагдах дургүй түшмэдийг цөмийг алаад шаньюй болжээ" хэмээн тэмдэглэсэн байдаг.

 

Тэрбээр Хүннү Улсын засаг захиргаа, цэрэг, аж ахуйд томоохон өөрчлөлт хийсэн юм. Хүннү Улсын засаг захиргаа, цэргийн байгуулалтын тухай "Ши цзи" зохиолд "Модунаас эхлэн Хүннү хүчирхэг том болж, умар зүгийн харь угсаатныг цөмийг захирч, өмнө зүг Хятадтай мөр зэрэгцэх болсон бөгөөд түүний үе улиран залгамжилдаг төрийн тушаалтны цолыг тэмдэглэн дурдаж болно.

 


Баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван, баруун, зүүн их жанжин, баруун, зүүн дүвэй, баруун, зүүн данху, баруун, зүүн гудухоу тушаалтныг тавьсан. Хүннүгээр цэцэн гэхийг туци гэнэ. Иймд хааны ор залгамжлах хүү зүүн цэцэн ван болох нь олонтаа. Зүүн, баруун цэцэн вангаас данху хүртэлх тушаалтны хамгийн том нь түмэн морьт /цэрэг/, бага нь мянган морьт /цэрэг/ захирна. Эдгээр 24 даргыг түмтийн дарга гэнэ.

 


Том түшмэд цөм үе залгамжилна. Киян, Лань, хожим буй болсон Сюйбу гурав нь сурвалжит овог мөн. Зүүн гарын бүх ван, жанжин нь Шангу тойргийн өөдөөс харан дорно зүгт Хуйхэ, Чосонтой /Солонгосын нутагт байсан эртний улс/ хиллэн зүүн гарт байна. Бүх баруун гарын түшмэл, жанжин нь Шаньцзюнь тойргийн өөдөөс харан, өрнө зүгт Юэчжи, Ди, Цян нартай хиллэн баруун гарт нутаглана.

 


Шаньюйн өргөө нь Дай, Юньчжун тойргийн өөдөөс харсан нутагт буудаг. Тэд тус бүр өвс, ус даган нүүх хувь газартай. Гэхдээ баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван хамгийн том хувь газартай. Баруун, зүүн гудухоу төр жолоодоход тусална. 24 түмтийн дарга тус бүр мянгат, зуут, аравтын дарга, жижиг ван, гол туслагч, дүвэй, данху, цецзюй нарыг томилно" хэмээжээ.

 


Мөн уг зохиолд Хүннүгийн том түшмэдийн тухай "Хүннүгийн том түшмэд гэвэл дээд нь зүүн цэцэн ван, зүүн гули ван, баруун цэцэн ван, баруун гули ван. Эдгээрийг дөрвөн эвэртэн гэнэ. Дараа нь зүүн, баруун жичжу ван, зүүн, баруун вэньюйти ван, зүүн, баруун цзяньцзян ван. Эдгээрийг арван эвэртэн ван гэнэ" хэмээн өгүүлжээ.


 Т.Билэг

Эх сурвалж: