sonin.mn
Малайзын парламентын сонгууль эхлэхээс хэдхэн цагийн өмнө Монгол Улсын иргэн С.Шаарийбуу тус улсын Ерөнхий сайд асан Махатхир Мохамэдтэй холбогдон малайзчуудад хандан мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, тэрбээр “Малайзчууд аа, сонголтоо хийхдээ Ш.Алтантуяаг санаарай. Хэрэв Малайзын ард түмэн буруу сонголт хийвэл миний охины аллага шиг шударга бус явдалтай нүүр тулах болно” хэмээн бичээд тус орны тугийг барьсан өөрийн гэрэл зургаа хавсаргажээ.
Эргэн сануулахад, 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Малайзын Куала Лумпур хотын Силангор мужийн Субан Дам хэмээх ойгоос Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр хөнөөгдсөн байдалтайгаар цогцсыг нь олсон байдаг.
Талийгчийн үхлийн талаар түүний аав С.Шаарийбуу “Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улстөрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч, уг үйл ажиллагаанд орчуулагчаар ажилласан учраас охиныг минь зэрлэгээр хөнөөсөн нь зарим баримтаар тогтоогдсон” хэмээн хэвлэлд нэг бус удаа ярилцлага өгч байсан билээ.
Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт Малайзын анхан шатны шүүхээс хоёр хүнд цаазын ял оноосон ч давж заалдах шүүх хэргийг нь цагаатгасан байдаг. Мөн энэ хэргийг холбооны шүүхэд танилцуулсан С.Шаарийбуугийн өмгөөлөгч Карпал Сингх автын ослоор нас барсан. Дараагаар нь 2015 онд Холбооны дээд шүүхээс эл хэрэгт Малайзын цагдаагийн тусгай албаны ажилтан Азила Хадри, Сирул Азхар Умар нарыг буруутай хэмээн цаазын ял оноосон юм. Гэсэн ч Сирул Азхар Умар ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан. Тэрбээр Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх Виллавүүдийн Цагаачлалын саатуулах төвд хоригдож байгаа аж.
Үүнээс гадна Malaysiakini агентлагаас талийгчийн аав С.Шаарийбуутай холбогдож ярилцсан бололтой. Энэ талаараа тус агентлаг "МонгоЛ Улсын нийслэл Улаанбаатар дахь өмгөөлөгчөөр нь дамжуулан С.Шаарийбуутай холбогдоход “Малайз улсад шинэ Засгийн газар байгуулагдаж, Холбооны дээд шүүхийн эсрэг гаргасан түүний заргийг нухацтайгаар авч үзээсэй гэж хүсэж байна.
“Охин маань 12 жилийн өмнө амиа алдсан гэтэл одоог хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй байна. Бид хэр удаан хүлээх ёстой вэ? Охин маань амьд сэрүүн байсан бол энэ оны тавдугаар сарын 6-нд 40 нас хүрэх байсан. Түүний төрсөн өдөр Малайзын парламентын сонгуультай давхацсан учир би тус улсын иргэдэд хандаж Ш.Алтантуяаг битгий мартаарай,  ухаалаг сонголт хийгээрэй гэж хэлмээр байна гэсэн юм” гэж мэдээлжээ.
С.Шаарийбуугийн нэхэмжлэлээр Малайзын Засгийн газрыг тус хэрэгт яллагдагчаар татах, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Малайзын Холбооны дээд шүүхээс хянах хүсэлт энэ сарын 2-нд гаргажээ. С.Шаарийбуугийн өмгөөлөгч Сангийт Каур Деогийн хэлснээр С.Шаарийбуугийн гэр бүл ирэх зургаадугаар сарын 6-наас өмнө мэдүүлэг өгөх шаардлагатай аж.
 
Б.Билгүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"