sonin.mn
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан АНУ-ыг зориод ирсэн. Түүнийг эзгүйд УИХ дахь АН-ын бүлгээс огцруулах үндэслэлтэй хэмээн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлээд байгаа. Түүнээс дараах тодруулгыг авлаа.
 
-Та сая АНУ-ыг зориод ирлээ. Явсан сониноос дуулгаач?
 
-ОУВС-гийн жилийн хаврын уулзалтад оролцоод ирлээ. АНУ-д НҮБ, Мянганы сорилтын сан, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудтай уулзалт хийгдсэн. Ингээд АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын усан хангамж, саарал усыг ашиглах, эргэлтэд оруулах талаар төсөл хэрэгжүүлэхээр эцэслэн ойлголцож, шийдвэрлэлээ. Ойрын үед гарын үсэг зурагдана.
Энэ нь Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, Улаанбаатар хотын цэвэр усны хангамж, байгаль орчинтой холбоотойгоор саарал ус ашиглахад чиглэгдсэн ажилд ихээхэн чухал үр дүнтэй юм. Мөн ОУВС-тай Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар ярилцлаа. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж үр дүн нааштай байгаа тухай юм. Үүнээс гадна дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал ямар байх, гол асуудал нь юу яригдаж байна гэдгийг судаллаа.
Монгол Улс дэлхийн нэг эд эс учраас бусад улс орны нөхцөл байдлыг харж, түүнтэй нийцсэн бодлого явуулахгүй бол зөрж явбал эдийн засаг хямардаг гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд харлаа. Дэлхийн банктай Монгол Улстай хамтарч ажиллах асуудал, НҮБ-д хөгжлийн санхүүжилтийн асуудлыг нэлээд ярьсан. Ер нь амжилттай ажлууд боллоо.
 
-Таныг эзгүйгээр огцруулахаар шаардлага өгсөн. Таны хувьд үндэслэлийг хэрхэн харж байна вэ.
 
-Би огцруулах үндэслэлийг үзсэн. АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө энэ тухай мэдээнүүд гарч ирж байна лээ. Засгийн газраас өргөн барьсан татварын хуулиуд төсөвтэй зөрчилдөж байна гэсэн агуулгатай юм билээ. Монгол Улсын Үндсэн хуулиар бол хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг эрх зөвхөн УИХ-д л байдаг. Хэнтэй ч булаалдаж, хуваалцдаггүй эрх шүү дээ.
Татварын ерөнхий хуульд ч татварыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь мөн ялгаагүй УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 2016 оны зургаадугаар сарын 1 хүртэл 34 хуульд хөнгөлөлт, чөлөөлөлт оруулж баталсан байна лээ. Гэхдээ тухайн үеүдэд улсын төсөв нэг, нэг их наядаар тасарч байсан байхад хөнгөлөлт, чөлөөлөлтийг олгож байсан байгаа юм.
Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2017 оны 10 дугаар сарын 1 хүртэл энэ хөнгөлөлт, чөлөөлөлтийг олгож байсан байгаа юм. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2017 оны 10 дугаар сарын 1 хүртэл энэ хөнгөлөлт, чөлөөлтийг дөрвөн хуульд оруулж ирсэн байдаг. Тухайлбал, төмөр замын дизелийн түлшинд оногдуулах онцгой албан татварыг хөнгөлөх, 1.5 тэрбумаас бага орлоготой дөрвөн салбарт хөнгөлөлт үзүүлэх гэх мэт асуудал явагдсан.
Тухайн үед хэлж, ярьж байгаад парламент дээр УИХ өөрийнхөө бүрэн эрхийн асуудал учраас баталж байсан, Засгийн газраас өргөн барихдаа дандаа хугацаа тавихгүй оруулдаг. Яагаад гэвэл УИХ-ын бүрэн эрхийн асуудал зөрчилдөх асуудал байдаг. Хэлэлцүүлээд тухайн явцад нь бусад хуультайгаа нийцүүлээд баталдаг асуудал. Тодруулбал, УИХ-ын дангаараа хийдэг асуудал. Хэн нэгэнтэй хуваалцдаггүй.
 
-Намын бүлэг хоёр хуваагдсан хэвээрээ учраас намынхан чинь бас таныг огцруулахыг дэмжээд байгаа юм биш үү?
 
-Би тийм асуудал сонссонгүй.
 
-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэл таныг огцруулах үндэслэлтэй адилхан гэсэн?
 
-Хоёр өөр асуудал. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэдэг нь анх Халамжийн хуулиар бус Хүний хөгжил сангийн тухай хуулиар шийдвэрлэдэг байсан. Энэ хуульд газрын доорх баялгийг иргэн бүрт олгох ёстой гэж заасан байдаг. Түүнийхээ дагуу хүүхэд бүрт өгч байсан. Дараа нь энэ хуулиа өөрчлөөд Халамжийн хуульд үндэслэж өгдөг болгосон.
Гэхдээ хавтгайруулж олгохыг халамж гэхгүй шүү дээ. Зорилтот бүлэгт өгөхийг л халамж гэнэ. Тиймээс үүнтэйгээ уялдаж л олгох ёстой. Хоёрдугаарт хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт суулгасан байх учиртай байсан. Харин одоогийн нөхцөл байдал юу вэ гэвэл Халамжийн хуулийн дагуу 60 хувийг 80 болгоно гэдэг нь нийгэмд байгаа ард иргэдийн бухимдал л даа.
ОУВС, Дэлхийн банк, Японы Засгийн газартай энэ хэлэлцээр дөрвөн cap үргэлжилж байгаад орж ирсэн шүү дээ. Төсөвт, сайдын багцад Азийн хөгжлийн банкны нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэхээр 40 тэрбум төгрөг суулгачихсан байсныг шилжүүлж хэрэглэхээр болж байгаа. Энэ нь өөрөө хуульдаа нийцэж байгаа. Харин зарим хүн төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж яриад байгаад тайлбар өгөхөд төсөв тодотгохын тулд тусгай шаардлагууд хангагдсан байх ёстой. Түүнийг аваад үзэхээр тодотгол хийх ямар нэгэн үндэслэл гарч ирэхгүй байгаа юм. Хэрвээ төсөв тодотгоно гэж орж ирвэл хууль зөрчсөн асуудал болно.
 
-УИХ-ын гишүүд төсвийн тодотгол хийхэд тавигдах шаардлагуудаа мэдэхгүй байгаа юм болов уу. Эсвэл улс төр хийгээд байна уу?
 
-Улс төр л явж байна гэж ойлгож байна.
 
-Тантай холбоотойгоор Хотгор шанагын уурхайн асуудал яригддаг. Та ч өөрөө АТГ-т шалгуулсан. Одоо ямар шатанд яваа юм бэ?
 
-Хүмүүс улс төр хийгээд байсан. Тиймээс би өөрөө АТГ-т хүсэлтээ өгч шалгуулсан.
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"