sonin.mn


УИХ-д шинээр орж ирсэн, олны анхаарлыг сайнтай саартай нь татдаг Мон-Уран-ын тодотголт Б.Наранхүү шүүхийн танхимд “зочлов”. Төрийн түшээ болсноосоо хойш хэвлэлийнхний дуранд ийнхүү өөрийн биеэр мэдэгдэл хийсэн нь учиртай. Хоёр жил шахам бага насны охидыг худалдсан гэх хэрэгт нэр холбогдсон тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр тэрбумаар нь нэхэмжилж олны нүдийг орой дээр нь гаргаж байв. Банк дампууруулсан, алдарт шарга азаргаа ломбарданд тавьсан, Канадын хилээр даваад гүйхэд нь манай тагнуулынхан араас нь хараад үлдсэн гэхчилэн олон дуулианыг Б.Наранхүү таг чиг өнгөрүүлж ирсэн нь гуйвалтгүй үнэн. Түүний нэр төрийг анхан шатны шүүх сэргээх шийдвэр гаргасны дараа ийнхүү ярилцлаа.

 


Сэтгүүлчид холбогдох хэрэг шүүхээр хоёр жил орчим явж байна. Та өмнө нь яагаад шүүх хуралд өөрөө оролцдоггүй, өмгөөлөгчөө явуулдаг байсан юм бэ?

-Би амьдралдаа анх удаа шүүх хуралд орж үзлээ. Гэхдээ ганц тэр сэтгүүлчийг буруутгахын тулд ингээгүй юм шүү. Мянган худлыг нэг үнэн дийлдэг гэсэн үг бий. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг сэтгүүлчид зөвөөр ашиглах ёстой. Хүн буруу зүйл хийсэн бол шударгаар уучлал гуйж сурах хэрэгтэй. Худлаа биччихээд дахиад худал яваад байвал бүр хулгайч болдог. Би хувьдаа хэвлэн нийтлэх эрх чөлөө Монголд алдагдсан гэж боддог. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд хувийн шинжтэй байгууллагуудад очсон байна. Хэвлэл мэдээллийн байгууллагыг хэн нэгнийг гутаан доромжлоход буруугаар битгий ашиглаасай. Харин Монголоо гоё, том болгох, хөгжүүлэх, сайн сайхан, эрүүл болгохын тулд үнэний талд байгаасай гэж боддог. Тиймээс үнэний төлөө энд ирсэн.

 



-Таныг өнгөрсөн жил “Зарга хөөгөөд явж байх завгүй” гээд шүүх хуралд очдоггүй байсан гэх яриа бий. УИХ-ын гишүүн болсон учраас өөрөө шүүх хуралд оролцъё гэж шийдэв үү?

-Энэ удаад шүүгч “Та заавал шүүх хурапд оролцож үнэнийг хэлээч” гэсэн хүсэлт тавьсан учраас ирсэн. Шүүхээс дуудсан тохиолдолд өөрөө оролцох учиртай юм байна. Үүргээ биелүүлээд шүүх хуралд оролцлоо. Өмнө нь зөвхөн шүүгдэгч намайг оролцуулах хүсэлт гаргаж байсан. Өмнөх шүүх хурлын үеэр би гадаадад байсан. Бизнес хийх чинь өөр шүү дээ. Өдөр, шөнөгүй гадагшаа явж, ирж байдаг. Харин өнөөдөр бид Монгол Улсын нүүр царай болж яваа. УИХ-ын гишүүн бага насны охидыг зараад явдаг гэсэн худал мэдээллийг залруулах үүрэгтэй гэж бодож байна. Үнэхээр охидыг зарчихсан бол зохих ялаа аваад явна биз дээ.

 


-Шүүх хуралд ямар байр суурьтай оролцов?

-Ганцхан байр суурьтай байсан. Үнэнийг хэлээсэй л гэж хүссэн.



-Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна уу?

-Зүйл ангиараа баривчлах, торгох ялтай юм байна. Хамгийн бага шийтгэл оноож өгөөч гэсэн хүсэлтийн дагуу торгуулийн ял оноосон байх. Залуу хүн алдаан дээрээ ухаараад үнэнийг бичдэг болбол маш сайн хэрэг. Ертөнцөд хамгийн аюултай зүйл гэвэл үнэнийг гуйвуулсан худал гэсэн үг бий.  Шүүгч сэтгүүлчид торгуулийн ял оноолоо. Цалингийн доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ гэчихэв дээ мөнгөний тоог нь анзаарсангүй.



-Улстөрчдийг хардах, янз бүрээр хэлж, бичих тохиолдол байдаг. Та уужим байж энэ асуудлыг орхичихож болоогүй юм уу?

-Надаас ганц удаа ч уучлал гуйгаагүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бичсэн зүйлээ үнэн мэтээр олон нийтэд ойлгуулж явлаа. “Сэтгүүлч цагаадлаа”, “Сэтгүүлч яллаа” гэх зэрэг мэдээллииг олон нийтэд цацлаа шүү дээ. Энэ нь өөрөө маш их хор хохиролтой. Би мянга гаруй удаа сониноор муу, сайнаа хэлүүлж явсан юм билээ. Янз бүрээр гүтгүүлж л байсан. Гэхдээ энэ удаагийнх арай хэрээс хэтэрсэн гүтгэлэг болсон. Эмэгтэй хүн сонсоход, гадаад улсад сонсогдоход гутамшигтай муухай асуудлаар гүтгэж доромжилсон нь арай л хэтэрсэн зүйл.



-Та одоо бизнесмен биш УИХ-ын гишүүн хүн. Нэгэнт тэр мэдээлэл нь худал, худал гэдгийг таны ойр дотныхон мэдэж байгаа бол чихнийхээ хажуугаар өнгөрөөчихөж болохгүй гэж үү. Эр хүний гүндүүгүй зан, улстөрчийн ноён нуруу гаргаад ч гэдэг юм уу?

-Би мянга гаруй муу, сайнаар бичүүлчихээд гомдоллож үзээгүй гэсэн шүү дээ. Энэ удаагийнхыг зөвхөн би биш сэтгүүлчид ч ярих хэрэгтэй. Ийм байдлаар Монголын сэтгүүлзүйг ийм байдлаар явуулж болохгүй гэдэгтэй санал нийлэх байх. Эрүүл ухаанаар бодоход ч ойлгомжтой зүйл. Банк дампууруулчихлаа, хүн алчихлаа, худал хэлдэг, хулгай хийдэг, шарга азарга нь арын хаалгаар түрүүлдэг, азаргаа ломбардад тавьчихсан гэх зэргээр гүтгэхийг тэвчдэг, тоодоггүй байсан. Харин энэ удаагийх бол өөр асуудал. Ганцхан миний хувь заяатай холбоотой асуудал байсан бол нэг их тоохгүй байсан. Би гурван хүүтэй хүн. Тэд маань хүнтэй сууна. Тэр үед "Аав нь бага насны охидыг худалддаг байсан” гэвэл яах вэ. Миний гэр бүл цаашлаад Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудал болж хувирна. Монголын УИХ-ын гишүүн бага насны охидыг 500 ам.доллараар зараад явж байдаг гэж дэлхий нийт ойлговол яах вэ. Энэ бүхнийг засч залруулахын тулд шүүхээр үнэнийг тогтоолгохоос аргагүй. Өөрийн чинь хэлснээр би “Мон-Уран” компанийн захирал биш УИХ- ын гишүүн. Тийм байх тусмаа монголчуудын төлөөлөл болж байгаа учраас дэлхий нийтэд төрсөн буруу ойлголтыг өөрчилж   залруулах ёстой. Сайтуудад ороод хараарай. Англи хэлээр бичсэн мэдээлэл дээр 'Наранхүү 500 ам.доллараар охин зардаг" гээд байж байгаа. Үүнийг та нар ч гэсэн залруулах хэрэгтэй.

 


-Бага насны охидыг уруу татсан хэрэгт Наранхүү гэдэг хүн холбоотой. Тэр үед чухам аль Наранхүү вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Энэ мэдээллийг нийгэмд хүргэснээрээ сэтгүүлч үүргээ гүйцэтгэсэн. Түүнээс таныг гүтгэх зорилго байгаагүй гэдгээ хэлдэг шүү дээ. Сэтгүүлчтэй уулзсан уу?

-Уулзаж сайн зөвлөгөө өгсөн. Харахад нүдэнд дулаахан бүсгүй байна лээ. Яагаад ийм зүйл хийчихэв дээ гэж харамсаад сууж байлаа. Буруу зүйл хийсэн бол хүлээх, уучлал гуйх чадвартай байх ёстой гэдгийг зөвлөсөн. Сая хурлын үеэр шүүгч “Өөрөө уучлал гуйх уу” гэж асуухад тэр сэтгүүлч “Үүнд хариулахгүй” гэж байна    лээ.Тэгэхээр санаатайгаар хийсэн ажил болов уу. Сэтгүүлчид би “Зохих хэмжээний шийтгэл амсчих. Хожмын өдөр сэтгэл чинь ариун болно. Буруу үйлийг цайруулж байж сайн сайханд хүрдэг. Тэгэхгүйгээ муу аргаар буруу зүйлийг өөгшүүлээд, сэтгэлдээ хоногшуулаад явбал насан туршдаа харамсч, илүү хүнд шийтгүүлдэг. Тиймээс өнөөдөр     тодорхой хэмжээнд шийтгүүлэх нь алсдаа өөрт чинь хэрэгтэй. Би буруу зүйлээ цайруулчихсан. Одоо зөв замаар явах ёстой гэж зөв гарцаа олох ёстой гэдгийг л хэлсэн. Ингэж ч ойлгож байгаа.



-Уучлал гуйсан бол заавал цагдаа, шүүхээр явах байсан уу?

-Хоёр жил үнэн юм шиг бичиж, хэлж явлаа. Муу зүйлийг сайнаар дардаггүй л байхгүй юу. Муу үйлийнхээ үрийг цэвэрлэж байж сайн сайхныг бодох хэрэгтэй. Буруу зүйл хийсэн л бол зохих ёсны шийтгэл хүртэх нь хорвоогийн жам.



-Таныг бас охидыг уруу татсам гэх Г.Наранхүүтэй танил гэх мэдээлэл гарсан.

-Мэдээллийн асар өргөн эрин зуунд амьдарч байгаагийн сул тал байх. Хэлсэн үг бүрийн хойноос хөөцөлдөөд явбал бидний нас ч хүрэхгүй. Үнэнийг тогтоодог хууль, хяналтын байгууллага бий. Би тэр залууг танихгүй. Тэр залуу өмгөөлөгчөөрөө дамжуулж надаас уучлал хүссэн.



-Юу гэж?

-’’Уучлаарай, Гэхдээ би энэ бүхнийг санаачлаагүй шүү” гэж уучлал гуйсан.

 


-”Мон-Уран” компани газар, мөнгө санхүүтэй холбоотой хэл аманд өртөх нь их. Зарга ч их гардаг. Өөрт чинь холбогдсон зарга бүхэнд «өмгөөлөгчөө л явуулдаг байсан уу?

-Газрын ч юм уу маргаан өрөөсөө гарч байгаагүй. Үлгэр домог шиг л юм ярьдаг. Намайг Канадын хил рүү гараад гүйж байхад тусгай алба араас нь хараад хоцорлоо гэж хүртэл ярьдаг.



-“Анод”-ын гэх хэрэгт та холбогдсон. Энэ хэрэг шүүхэд ирчихсэн байгаа байх?


-”Анод" банкнаас би зээл авсан. Бас төлөөс дуусгачихсан. Үүнийг шүүх албан ёсоор тогтоосон учраас УИХ- д өрсөлдөх эрх өгсөн. Тэр банк дамлуурсан л байгаа байх. Үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. Ер нь өнөөдөр ганц бизнес хийдэг Наранхүү биш дундговийнхны эрх ашиг байна. Тиймээ", зөв зүйтэй талаас нь шүүхээр явж асуудлыг шийдүүлж байх ёстой байх. Намайг “Анод" банкийг дамлууруулсан гэж маш олон сонин бичсэн. Үүнийг ч шүүхэд өгч нэг мөр шийдүүлье гэж бодож байна. “Анод” банкийг хөгжиж, дэвшихэд нь би онцгой хувь нэмэр оруулсан гэж боддог. Өнөөдөр нэг мөнгөний ч өр байхгүй.



-”Анод”-той холбож бичсэн бүх сэтгүүлчийг шүүхэд өгөх юм уу?

-Энэ асуудлыг шүүхээр эцэслэх шаардпагатай.Нэг банкийг дампууруулсан уу, үгүй юү гэдгийг тогтоолгоно.



-Үүнийг улстөрч болоод эхний ээлжинд сэтгүүлчидтэй “дайн” зарлаж байна гэж ойлгож болох уу?


-Дайн биш. Нийлээд зөв зүйлийг нийгэмд таниулах гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Заавал ялж дийлэх гэж шүүхэд өгөөд байгаа юм биш. Зөв зам руугаа орж, үнэн мэдээлэл өгөөсэй, битгий монголчуудаа хуураасай гэдэг утгаар явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.



-Өөрийн чинь талаар гарсан бүх мэдээллийн үнэн, мөнийг тогтоолгох гэсээр УИХ-д ард түмнээ төлөөлөх ажил цалгардах бишүү?

-Тэр нэг их хэцүү биш. Ажил хийх огтхон ч хэцүү биш шүү дээ. Оюун ухаанаараа л хийчихдэг. Том байшин барилаа гэхэд би ганцаараа шавар зуураад суухгүй, Ер нь тодорхой хэмжээгээр үнэнийг гаргах хэрэгтэй. Бидний нэгийг шүүхээр оруулаад ял өгчихлөө гэж сэтгүүлчид битгий эмзэглэ. Харин ч зөв зүйтэй асуудал боллоо гэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ бол нийгэмд байдаг л зүйл. УИХ-ын ээлжит бус чуулган завсарлачихлаа. Тойргийнхоо сонгогчидтой очиж уулзана. Төлөвлөж байгаа олон ажил байна. Монгол дотроо байлдах биш илүү дэлхий дээр том байхын төлөө явах цаг үе ирсэн. Жишээлбэл, МАН эсвэл өөр нэг нам бидний дайсан биш. Ардчилсан намд дургүй Дундговийн хүн байсан ч монгол хүн гэдгээр нь хайрлах тийм бодлого явуулна.

 


Эх сурвалж:”Монголын нэг өдөр”