sonin.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар А.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчид болон ялтны өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

А.Мэндбаяр нь 2013 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 2 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мустанг" баар, зочид буудлын гадна Э-г өс хонзонгийн сэдэлтээр толгойн дагзны ар хэсэгт 4 удаа, ар нуруу, баруун далны хэсэгт 2 удаа, нийт 6 удаа буудан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

Мөн 1933 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн 57078 дугаартай, байлдааны зориулалттай 1895 оны загварын "Наган револьвер" маркийн бууг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх дээрх хэргийг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд А.Мэндбаярыг өс хонзонгоор, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, галт зэвсэг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оногдуулжээ.

Эрүүгийн давж заалдах шатны 10 дугаар шүүх уг хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг