sonin.mn

Сүүлийн үед цахим ертөнцөөр дамжуулан залилан хийж, гэмт хэргийн золиос болох тохиолдол ихсэх болсон. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Цахим гэмт хэрэг сүүлийн үед нэлээд гарах боллоо. Энэ гэмт хэрэгт ихэвчлэн ямар хүмүүс өртөж байна вэ?

-Гэмт хэргийн суурь интернэт болох магадлалтай байна. Дэлхий нийтээрээ интернэт буюу кибер гэмт хэрэгтэй тэмцэх талаар нэлээд ажил зохион байгуулж байгаа. Монголын цагдаагийн байгууллага олон улсын холбооны мөрдөх товчоо, кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран алба хаагч нарыг энэ чиглэлээр сургалтад хамруулж байна.

Цагдаагийн байгууллагад кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шинээр байгуулсан. Энэ тасгийг байгуулснаар 2014 он гарснаас хрйш өнөөдрийг хүртэл 25 гэмт хэрэг илрүүллээ. Одоо мөрдөн байцаах шатандаа явж байна.

Үүнийг үйлдсэн гэмт этгээдийн 70 орчим хувь нь Монгол Улсаас гадна өөр улсын иргэд байгаа юм. Гол төлөв Зүүн Өмнөд Азийн орны иргэд Монгол Улсын иргэдийн сонор сэрэмж, интернэт орчинд ажиллах мэдлэг чадвар дутмаг байдлыг ашиглан гэмт хэргийн хохирогч болгодог.

-Иргэд цахим гэмт хэргээс сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Интернэт орчинд ажиллах, гадаад хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байх ёстой. Ялангуяа хувийнхаа мэдээллийг тэр бүр хүнд өгөх хэрэггүй. Тухайлбал, сүүлийн үед ямар нэгэн сайтад "Та зөвхөн бүртгүүлснийхээ төлөө таван ам.доллар авах боломжтой" зэрэг хуурамч сайт байгуулж иргэдийг хуурах тохиолдол нэлээд гарч байна.

Үүнээс гадна фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдийг залилж байна. Бодит амьдрал дээр нэг хүн 40-50 найзтай байх жишээтэй. Гэтэл интернэт орчинд хэдэн мянган найзтай байдаг. Зарим нь үүгээрээ бахархаж бусдад гайхуулдаг. Энэ бол буруу. Энэ олон мянган хүний цаана гэмт хэрэг хийх гэж буй этгээд байхыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед цахим ертөнцийг ашиглаж хил дамнан залилан хийх тохиолдол гарах болсон. Хүмүүсийг ихэвчлэн ямар арга замаар залилж байна вэ?

-Тухайн хүн интернэт орчинд дотно харилцаа тогтоогоод өөрийнхөө тухай мэдээллийг зурган болон файл хэлбэрээр тухайн гэмт этгээдэд өгдөг. Түүнийг нь ашиглан дарамталж мөнгө нэхэх замаар иргэдийг хохироож байна.

Мөн томоохон компанийн нэр барьж "Дэлхий нийтээр шалгаруулж байгаа сугалаанд оролцож та азтан боллоо. Их хэмжээний мөнгө хожсон тул ийм дансанд мөнгөний хураамж болох 10 хувийг төлбөл таны дансанд энэ мөнгө орох болно" гэж худал хэлдэг.

Ийм байдлаар залилж иргэдийг хохироосон тохиолдол байна. Ийм зүйлтэй таарах юм бол иргэд тухайн компанитай холбогдож, мэдээллийг лавлах хэрэгтэй.

-Залилуулсан иргэд хэр их байгаа вэ. Манайд бүртгэгдсэн тохиолдол байгаа юу?

-Тухайн хүнтэй хуурамч сайтаас хандаж "Овор хэмжээ ихтэй бараа таны нэр дээр ирсэн байна. Гаалийн татвар болох 2000-3000 ам.доллар төлөхгүй бол танд эрүүгийн хэрэг үүсгэнэ" гэж гадаадын хуулийн байгууллагын нэр барьж сүрдүүлдэг. Энэ аргаар Монгол Улсын иргэдийг хохироосон гурван тохиолдлыг цагдаагийн байгууллага бүртгэж авсан. Одоо шалгаж байна.

-Цахим гэмт хэрэгт бага насны хүүхдүүд холбогдох магадлалтай болж байна. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Интернэт сүүлийн 2-3 жилд хурдацтай хөгжиж хэрэглэгчдийн тоо 10-20 дахин нэмэгдсэн. Ийм үед бага насны хүүхдүүд интернэтэд орох тохиолдол их байна. Ингэснээр гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох магадлал өндөр. Тиймээс хүүхдүүдэд хараа хяналт тавих зайлшгүй шаардлагатай.

Хүүхдүүд гэмт хэрэг, садар самуун сурталчилсан сайт руу орж мэдээлэл авч байна уу гэдэг тал дээр нь хяналт тавих хэрэгтэй. Интернэт үйлчилгээ үзүүлж буй компаниудад Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газраас шаардлага тавьж байгаа.

Айл өрхөд интернэт үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд тухайн хүний хүсэлтээр хориотой сайт руу орох эрхийг нь хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: