sonin.mn

Манай улсад 2010 оноос хойш 49 хүн гзр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотнынхоо хүний гарт амь насаа алдсан гэсэн тоо байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг 2004 онд батлан мөрдөж байгаа. Гэтэл амьдралаас хэт тасархай хууль болсны уршгаар хүчирхийлэлд өртөгсөд олширч, амь насаа алдахад хүрч байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар албаныхан зөвлөлдөж байна. Хүүхдийн хүчирхийлэл болон хамгааллын асуудлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/-ийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн зохицуулагч П.Золзаяатай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж, УИХ-ын эмэгтэй гишүүд ч үүнд нэлээд анхаарал хандуулж эхэллээ. Хуульд орж буй гол зохицуулалт юу байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг нэмэгдэж байгаа гэж сонссон?

-Шинэчилсэн хуулийг 2014 оны хаврын чуулганаар батлуулахаар ажиллаж байна. Энэ хуулийг батлаад найман жил болсон ч өөрчлөлт оруулах шаардлагатай олон зохицуулалт бий. Одоо боловсруулж буй хуулийн төсөлд хүчирхийлэл давтан үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг нэмэгдэнэ. Энэ бүлэгт гэр бүлийн хүрээнд хүүхдээ зодох, тарчлаах үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлагад татдаг болох зэрэг олон нааштай санал байгаа.

 

Мөн хүүхдэдээ хүч хэрэглэсэн бол эцэг, эхээс нь тусгаарлах, албадан сургалтад суулгах, цаашлаад эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл нарийн зохицуулалт орох юм. Мөн хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг мэдвэл заавал холбогдох хүмүүст нь мэдээлэх үүрэгтэй байхаар тусгасан. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцох боломжтой. Ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх нэг нөхцөл болно.

-Одоогоор хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд хэдэн хүүхэд байна вэ?

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой түр байрлуулах байр гэж бий. Энэ хамгаалах байранд өнөөдрийн байдлаар найман хүүхэд, насанд хүрсэн дөрвөн эмэгтэй аюулгүй байдлаа хамгаалуулах үйлчилгээ авч байна. Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн гэр бүлийн орчинд хүчирхийлэлд автдаг. Тухайлбал, бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Хамгаалах байранд байгаа хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчинд бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байгаа.

-Хүчирхийлэлд өртсөн хүмүүст танай төвөөс ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Манай төвд хамтран амьдрагч, нөхрийнхөө дарамт шахалтад орсон хүмүүс ирдэг. Хамгаалах байранд зохицуулагч, сэтгэл зүйч, нийгмийн болон халамжийн ажилтан болон хуульч хохирогч хүүхдүүтэй ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд бид тухайн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Мөн гол хэрэгцээ болох хувцас, ахуйн хэрэглээгээр хангадаг.

 

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд тухайн хүчирхийлэгчийн гараас амь нас, эрүүл мэндээ аварч гарахын тулд өмссөн хувцастайгаа л гүйж гарч ирдэг. Өвлийн хүйтэнд улавчтай, нимгэн цамцтай зугтдаг. Тэгэхээр анхан шатны суурь хэрэгцээ буюу хоол, хувцас, ариун цэврийн хэрэглэл гээд бүгдийг хангаж өгдөг. Дээрээс нь эрүүл мэндийн үйлчилгээг харьяа дүүргийн эмнэлэг, нөхөн үржихүйн чиглэлээр үйлчилгээ явуулдаг охидын эмнэлэгтэй хамтарч ажиллаж байна. Мөн өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Ер нь нэг дор цогц үйлчилгээ үзүүлэхийн тулд хамгаалах байраа өргөтгөсөн.

-Хамгаалах байранд хэдий хугацаанд байрлуулах боломжтой вэ?

-Хамгаалах байрны стандарт гэж бий. Стандартчилал хэмжил зүйн газраас 2009 онд гаргасан журмаар хамгаалах байранд 7-90 хоног аюулгүй байдлыг нь хангаж байрлуулдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн нөхцөл байдлаас шалтгаалж үйлчилгээ явуулна. Үүний дараа хүүхдүүд эргээд гэр бүлдээ нэгдэнэ. Насанд хүрэгчдийн дийлэнх нь ч эргээд гэр бүлдээ очдог. Гэхдээ ХЭҮТ нь төрийн анхан шатны байгууллага болох хорооны хамтарсан багтай хамтарч ажилладаг.

 

Хамгаалах байрнаас үйлчлүүлэгчийг гаргаад хорооны эмч, хэсгийн төлөөлөгч, сургуулийн нийгмийн ажилтанд хариуцуулдаг. Эдгээр хүн нь хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, эрхийг хамгаалах чиглэлд хамтарч ажиллах үүрэгтэй. Үүнийг гэр бүлдээ эргэн нэгдэх үйлчилгээ гэж нэрлэдэг. Энэ үйлчилгээ нь бэлтгэл, бататгал, хүлээлгэж өгөх үе шат зэрэг мэргэжлийн төвшний үйлчилгээ байдаг. Хорооны хамтарсан багийн хувьд манайхаас хохирогчид ямар үйлчилгээ үзүүлэхийг зааж зөвлөдөг.

-Гэр бүлдээ нэгдэх үед үйлчилгээнд хамрагдсан хүмүүс дахин хүчирхийлэлд автах үзэгдэл хэр байдаг бол?

-Хэдэн сарын дараа эргээд хүчирхийлэлд өртсөн гээд ирдэг тохиолдол бий. Ийм үед бид мөн л сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд хүлээж авдаг. Энэ тохиолдолд хорооны хамтарсан баг урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайн хийх хэрэгтэй. Тухайн хүчирхийллийг таслан зогсоох, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болно.

-Хамгаалах байрны багтаамж, хүртээмж хэр байдаг вэ. Нэг дор хэдэн хохирогч хүлээж авах боломжтой бол?

-Хамгийн анх хамгаалах байр дөрвөн ортой байгуулж байсан. Одоо хорин ортой үйлчилгээ үзүүлж байна. Гэхдээ бид үүгээр хязгаарладаггүй. Хүний амь нас, эрүүл мэнд чухал учраас бидэнд хандаж байхад бид орны багтаамж байхгүй гээд гаргаж болохгүй. Даац хэтэрсэн ч хүлээж авах ёстой. Зарим тохиолдолд хүүхдүүд тоглоомынхоо өрөөнд шалан дээр гудас дэвсээд унтах тохиолдол ч байдаг.

-Хамгаалах байрны хангамж үйлчилгээг хаанаас олгодог вэ?

-Олон улсын донор байгууллагууд, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2009 оноос хойш санхүүжүүлж байгаа. Бид орон нутагт хамгаалах гурван байртай. Харамсалтай нь санхүүгийн байдлаас болоод зарим нь үйлчилгээ явуулж чадахгүйд хүрээд байна.

-Хамгийн сүүлд хэвтэрт ортлоо зодуулсан бүсгүйн хоёр хүүхэд танай төвд байгаа талаар сонссон. Энэ талаар тодруулна уу?

-Ээж нь хүчирхийлэлд өртөөд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд манай төв хүүхдийг хамгаалах байрандаа авдаг. Тэгэхээр хамгаалах байранд хүчирхийлэлд өртсөн хүүхэд байхаас гадна ээжийнхээ хүчирхийлэлд өртөж байгааг харсан гэрч хүүхдүүд ч байрладаг.

-Хохирогч гурван cap хүртэлх хугацаанд хамгаалах байранд байрладаг гэсэн. Хүчирхийллийн төвшинөөс хугацаа нь хамаардаг уу?

-Тийм. Эрсдэлийн төвшин бага. дунд, өндөр гэж ангилдаг. Эрүүл мэнд нь эрсдэлтэй гэвэл асуудлаа шийдэхийн тулд шүүх, цагдаагаар явж хөөцөлдөнө. Үүнд олон шат дамжлага шаарддаг учраас хугацаа хэрэгтэй. Гэхдээ бид гурван cap болчихлоо гээд явуулдаггүй. Зарим тохиолдолд хагас жил түүнээс дээш хугацаагаар ч байх тохиолдол бий. Энэ нь хохирогч хүчирхийлэлд өртөх үедээ жирэмсэн болдог. Төрөөд хамгаалах байрандаа эргээд ирж байсан тохиолдолч бий.

-Өнгөрсөн жилийн хувьд танай төвд нийт хэдэн хүн хандав. Үйлчлүүлэгчдийн хүйсийн тэнцвэр ямар байдаг вэ?

-2013 онд 2035 хүн хандсан байна. Үүнд анх хандаж үйлчилгээ авсан 527, давтан хандсан нь 158, утсаар зөвлөгөө авсан 1350 хүн байна. Насны байдлаар авч үзвэл 0-18 насных найман хувь, 18-35 насных 38, 36-55 насных 43 хувь, 56-аас дээш насных 11 хувийг эзэлж байна. Хүчирхийлэлд өртөгсдийн 81 хувь нь эмэгтэй, 19 хувь нь эрэгтэй хүн байна.

 

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: