sonin.mn
Сүүлийн үед согтуу жолооч нар төмөр замын гармыг тээврийн хэрэгслээр дайрч гэмтээх нь давтагдаж байгааг олон нийтэд сэрэмжлүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-ны шөнийн 01.00 цагийн үед ТЭЦ-1 гармын Г талын ПАШ хаалтыг 50-28 УНЗ улсын дугаартай Тоуоtа Sunny маркын суудлын авто машинаар мөргөж унагаасан байна.
 
Уг машины жолооч согтуу явсныг Дохиолол холбооны II ангийн ахлах инженер Ж.Төмөртогоо, механик Д.Лхагваням нар БГД-ийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхэд хүлээлгэн өгчээ.
 
Мөн энэ сарын 12-ны 16 цаг 04 минутад Баруунхараагийн 202 дугаар км-ын гарам 271 дүгээр галт тэргийг өнгөрүүлэхээр автоматаар бууж байх үед 66-71 УНА улсын дугаартай ПУСО маркын ачааны авто машин гармын А талын хаалтыг мөргөж хугалжээ.
 
Хаалтыг Дохиолол холбооны I ангийн шугамын ахлах механик С.Миеэжав, механик Д.Энхтүвшин, гармын жижүүр С.Удвал нар хаалтыг засварлаж түр ажилд оруулсан ч маргааш нь хаалтыг шинээр сольсон байна.
 
Энэ сарын 18-ны 22 цаг 35 минутад 361 дүгээр км-ийн гармын А талын хаалтыг 01-78 ДАР улсын дугаартай портер маркын авто машин мөргөж хугалсан бөгөөд жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг холбооны Дохиолол холбооны II ангийн холбооны механик Ц.Энхмаа, Замын II ангийн дөрөвдүгээр хэсгийн мастер П.Галбаатар нар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
 
Ж.Лхагвасүрэн
 
Эх сурвалж: "Ганзам" сонин