sonin.mn
Манай улсад гар аргаар ашигт малтмал олборлолт хяналтгүй, зохисгүй явагдаж байгаагийн тод жишээ Ховд аймгийн Дөргөн сум болж байна. 
 
Алс баруун хязгаар Ховд аймаг уул уурхайн үйлдвэрлэлд харьцангуй бага өртсөн. Ялангуяа, гар аргаар алт олборлолт бараг байхгүй байсан гэхэд болно. Харамсалтай нь “нинжа” нар хаа сайгүй нүүдэллэж, алттай газар бүрийг нэгжиж байдаг. Тэгвэл тэдний дараагийн бай нь Дөргөн сум болжээ. 
 
Энд одоогийн байдлаар 500 гаруй “нинжа” нар байгаа хэмээн сумын удирдлагууд таамаглаж байна. Мөн тэд “нинжа” нарт ямар ч хяналт тавьж, зохицуулалт хийж чадахгүй байгаагаа нуугаагүй.
 
Уг нь орон нутгийн иргэд хамтраад “нинжа” нараас нутгаа нэг cap гаруйн хугацаанд хамгаалжээ. Энэ хугацаанд сумын захиргаанаас Ашигт малтмалын газарт тухайн газрыг орон нутгийн иргэд нөхөрлөлийн журмаар ашиглах хүсэлтэй байгаагаа хүргүүлсэн байна.
 
Гэвч АМГ-аас тухайн газарт улсаас хайгуул хийхээр нөөцөд нь бүртгэгдсэн тул нөхөрлөлийн журмаар ашиглуулах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.
 
Үүнээс хойш орон нутгийн иргэдэд газар нутгаа хамгаалах хөрөнгө мөнгө, хүч бололцоо нь ч байхгүй болсон байна. Ингээд улс, аймаг, орон нутгаас ч хамгаалалт, зохицуулалт байхгүй болж, одоо “нинжа" нар дураараа дургиж байгаа юм.
 
Нэг хэсэг нутгийн иргэд ямар хүмүүс хаанаас ирээд хаана алт ухаж байгааг гадарладаг байсан бол одоо ямар ч баримжаа хяналтгүй болжээ. Газар орон бүрээс хүмүүс ирдэг болсон байна. Дулааны цаг тул машинтай 4-5 хүн ирээд ухаж байгаад хөөхөөр ойрхон жалганд очиж хэсэг харзнаад буцаад ирдэг байна.
 
Сүүлдээ иргэдийн үгийг ч тоохоо больжээ. Түүнчлэн, “нинжа" нарыг дагаад элдэв гэмт хэрэг, тээрэм тонуул гарах нь ихэссэн аж. Үүнд нь нутгийн иргэд давхар өртөж, хэлмэгдэж байгааг сумын удирдлагууд тайлбарласан.
 
Тиймээс эцэст нь улс хайгуул хийнэ хэмээн хадгалж байгаа газрыг нь нинжа нар ухаад бүх нөөцийг нь шавхана. Ингээд орон нутаг, улс байгалийн баялгаараа хохирч, сүйдсэн газар нутагтай үлдэх нь хэмээн халаглаж байна. 
 
Хамгийн гол нь “нинжа" нарын олборлолт явуулж буй газар Чоно харайх голоос хоёр км зайтай. Тиймээс химийн бодис хэрэглэсэн тохиолдолд усаар дамжиж баруун таван аймаг хордох эрсдэлтэй гэдгийг сануулж байсан юм. 
 
Одоогийн байдлаар орон нутгаас химийн бодис хэрэглэж байгаа эсэхийг хянаж чадахгүй байгаагаа учирласан. “Нинжа” нар хэл ам ихтэй, зодож цохих дээрээ
ч тулах эрсдэлтэй тул сумын байгаль орчны байцаагч ажилдаа удаан тэсдэггүй байна. 
 
Сүүлийн жил гаруйн хугацаанд 2-3 байгаль орчны байцаагч солигдож, одоо ямар ч байцаагчгүй байгаа аж. Хамгийн сүүлд томилогдсон байцаагч нь эмэгтэй хүн хийхэд хэтэрхий хүнд ажил гээд орхиод явсан байна. Одоо газрын даамал дээрх албыг хавсарч гүйцэтгэж байгаа аж.
 
Дөргөн сум бол “нинжа” нар шинээр үүсэн бий болж байгаа бүс нутаг юм. Тиймээс үүнд анхнаас нь хяналт тавьж, зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байна. Учир нь “нинжа" нар цугласан газар ямар хохирол учирдагийн тод жишээг бид хангалттай мэднэ.
 
Хамгийн наад зах нь Баянхонгор аймгийн хүнсний зах мөнгөн усаар хордсон жишээг дурьдаж болно. Иймд Дөргөн суманд анхаарлаа хандуулахыг орон нутгийнхан хүсч байна. Ядаж шинээр “нинжа” нар үүсч байгаа газарт төсөв мөнгийг нь ахиу хуваарилаад өгөх хэрэгтэй аж. 
 
Цагдаа, байгаль хамгаалагчид “нинжа” нартай тэмцэх гэхлээр шатахуун болон бусад зардлаас эхлээд хүндрэл учирдаг байна. Мөн хүчний байгууллагын хүн хүчийг нь нэмээд өгвөл хэрэгтэй гэдгийг хэлж байсан. 
 
Түүнчлэн, метал хайгчийг ямар ч хяналт, зохицуулалтгүй зарж байгаагаас хүссэн хэн боловч худалдаж авдаг. Ингээд газрын хөрс сэндийчиж эхэлдэг. Тиймээс “нинжа” нарын багаж тоног төхөөрөмжийг нь хязгаарлаад өгвөл хаа сайгүй газар ухаад байхгүй гэдгийг анхааруулж байсан. Нөгөө талаас орон нутгийн залуусын тархинд “юм” хийх цаг болжээ. 
 
Тэд гap аргаар алт олборлосноор байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж, ирээдүй хойчид нь хэрхэн нөлөөлөхийг ухаарахгүй байгаагаас өнөөдрийн өчүүхэн ашиг хонжооны төлөө эх нутгаа сүйтгэж байна.
 
 
М.Мөнх
 
Эх сурвалж: