Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийг өчигдөр/2023.07.05/ хэлэлцэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайханы мэдээлснээр Д.Мөнх-Эрдэнэд оноосон хорих ялын хугацааг бууруулж, шийдвэрлэжээ. Тодруулбал анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2 жил, 6 сарын хорих ял оноож байв. Харин давж заалдах шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 10 сарын хугацаагаар хорих шийдвэр гарган ял эдлэх хугацааг бууруулсан байна.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгожээ.
Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 8,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээсэн байна.
Хахууль өгсөн шүүгдэгч Б.Ганбаярт 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосон хугацааг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх өөрчлөлт оруулжээ.
Шүүгдэгч Б.Эрдэнэбаярын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан хэрэгт оногдуулсан эрх хасах болон торгох ялыг хэвээр үлдээжээ. Түүнийг Монгол Улсын Их хурлын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Н.Пүрэвжав, Д.Батмөнх нарт холбогдох шийдвэрийг мөн хэвээр үлдээжээ. Тэднийг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 6,000,000 төгрөгөөр тус тус торгох ял анхан шатны шүүхээс оноосон юм.
Сэтгэгдэл0
sulal ter yneniig helsendee