sonin.mn
Мэдэгдэл
 
Сүхбаатар аймгийн Уулбаян суманд гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “Шинэ- Уужим орд” ХХК-ийн талаар зарим мэдээллийн сайтад буруу зөрүү мэдээлэл тарааж, тус компанийг хууль зөрчин, үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр нийгэмд буруу ойлголт өгч байгаатай холбогдуулан компанийн зүгээс үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор энэхүү мэдэгдлийг албан ёсоор гаргаж байна.
 
 
“Шинэ-Уужим орд” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани биш, Монгол иргэн хувьцааг нь 100 хувь эзэмшдэг дотоодын хуулийн этгээд бөгөөд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн нутаг дэвсгэрт 862.39 га талбай хамарсан МУ-021100 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшдэг.
 
 
Уг тусгай зөвшөөрөлтэй талбай нь Уулбаян сумын тахилгат Уулбаянмөнх хайрханаас 7 км, Баянцогт хайрханаас 4 км, Баянцогтын булгаас 3 км зайд байрладаг бөгөөд Байгаль орчны мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хайгуулын үйл ажиллагаа нь нутгийн тахилгат хайрхан болон усны эх үүсвэрт нөлөөлөхгүй гэдэг дүгнэлт гарсан.
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2018 онд уг ордын ашигт малтмалын нөөцийг батлуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ашиглалт явуулахын өмнө гүйцээх хайгуулын ажил хийхийг даалгасан.
 
Гүйцээх хайгуулын ажлыг 2019 онд хийх явцад нутгийн иргэд “зөвшөөрөлгүй уурхай ажиллуулах гэж байна" хэмээн эсэргүүцэж, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд буруу мэдээлэл өгсний улмаас “нутгийн иргэдээс зөвшөөрөл аваагүй ашиглалтын үйл ажиллагаа байж болохгүй" хэмээн түр зогсоож байсан бөгөөд дараа нь бүх шатны төрийн захиргааны байгууллага болон шүүхээс компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа нь зохих журмын дагуу байгааг тогтоосон тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдсэн.
 
Хайгуулын ажлын үр дүнд олж авсан мэдээлэл дээр үндэслэн ордын нөөцийг ил аргаар, эсхүл далд уурхайгаар олборлох техникийн шийдлийг тодорхой болгосны үндсэн дээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар боловсруулж, багийн нийтийн иргэдийн хурлаар хэлэлцүүлж саналыг нь авахаар ажиллаж байна.
 
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу гүйцээх хайгуулын ажил хийх болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулахад орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байдаггүй тул хэвлэл мэдээллийн сайтуудад бичээд байгаа шиг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байгаа гэж үзэх нь буруу юм.
 
Хайгуулын өрөмдлөгийн ажлыг “Эллекор” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өрөмдлөгийн үйл ажиллагаанд Полиакриламид /Polyacrylamide/ гэдэг бодис ашиглаж байгаа нь өрөмдлөгийн үед ханын сул шороон хөрсийг бэхжүүлэх, тогтворжуулах үүрэгтэй ба Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нийцүүлэн байгаль орчин болон эрүүл мэндийн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар батлагдсан химийн хорт болон аюултай бодисын ангилал, жагсаалтад багтдаггүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт 
ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн бодисын жагсаалтад ч ордоггүй байгалийн гаралтай химийн хоргүй бодис буюу шавар юм.
 
Хуулийн зохицуулалтын хувьд гүйцээх хайгуулын үйл ажиллагаа дуусмагц компани шууд ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг эрх бүхий байгууллагаас батлуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 35.4-т заасны дагуу “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа... ” ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх боломж бүрддэг.
 
Компанийн хувьд төрөөс даалгасан гүйцээх хайгуулын ажил хийх гэж 2019 оноос хойш өнөөг хүртэл орон нутгийн иргэдэд тухай бүр нь мэдээлэл өгч Багийн иргэдийн нийтийн хуралд удаа дараа танилцуулга хийж хуулийн хүрээнд ажиллаж байсан бөгөөд
 
 
хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг саадгүй явуулахыг бүх шатны байгууллагад шаардаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж олгохгүй бол буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэхээ мэдэгдэж, шат шатны захиргааны болон шүүхийн байгууллага, албан тушаалтны үүд сахисаар өнөөг хүрлээ.
 
 
Гэтэл уул уурхайн үйл ажиллагаа эсэргүүцэж байгаа иргэд мөрөөрөө хууль хэрэгжүүлж ажиллаж байгаа үе үеийн төрийн болон орон нутгийн албан тушаалтнуудыг “компанийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан” мэтээр элдвээр хардаж, дарамтлаж байгаагаас зарим Засаг дарга нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийж, ус ашиглах гэрээ сунгахгүй ээлжийн амралтаа авч зугтах, хайгуулын үйл ажиллагааг хууль бусаар түдгэлзүүлэн зогсоох захирамж гаргах зэргээр компанийн үйл ажиллагааг нутгийн иргэдийн дарамт шахалт дор зогсоохын төлөө ажиллаж байгаа нь хөдөө орон нутагт хууль хэрэгжиж байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна.
 
 
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлого зарлаж, эдийн засгаа сэргээхийн тулд хөгжлийн гол хөдөлгүүр болсон уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж байхад орон нутгийн засаг захиргаа нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, сонгуулийн элдэв амлалтадаа дөрлөгдөн, хууль ёсны хайгуулын үйл ажиллагаанд аль болох саад учруулахын төлөө зогсч байхад Монгол Улс хууль дээдлэх, хөгжил дэвшилд хүрнэ гэж мөрөөдөхөд үнэхээр хол байна.
 
 
Цаашид, тус компанийн талаар төрийн бүх шатны байгууллагад илт худал мэдээлэл явуулж цаг ямагт үндэслэлгүйгээр шалгуулж компанийн хайгуулын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж байгаа зарим нэг нэр бүхий этгээд, тухайлбал, “Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Мөнх-Эрдэнэ болон түүнийг өдөөн турхирагч Ш.Шагдарсүрэн, хамсаатан Д.Бэлэгбаяр нарын “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан” үйлдэлд зохих журмын дагуу хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад хандах болно.
 
 
"Шинэ Уужим Орд" ХХК