sonin.mn
"Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн" гэх мэдээлэлтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий Газраас тайлбар, мэдээлэл өглөө. Тодруулбал ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир: "Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нягтлан бодогч “С”-ийн гэрээс  10  орчим тэрбум төгрөг, 9 кг алт хураан авсан гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй мэдээлэл юм.
 
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нягтлан бодогч “С”-ийн гэрээс 60 орчим мянган Рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан бөгөөд эдгээр зүйл нь ямар эх үүсвэрээс бий болсон гэдгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. 
 
Тэрээр 2015 оноос хойш буюу сүүлийн 8 жилийн хугацаанд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж байсан. Ажлын чиг үүргийн хувьд гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй.
 
 
Сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд гаалийн байгууллагад ажиллаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан. Түүний гэрээс хурааж авсан валют, эд зүйлийг гаалийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой олж авсан хөрөнгө гэж гаалийн байгууллага үзэхгүй байна.
 
 
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь захидал, илгээмжинд гаалийн хяналт шалгалт хийж ажилладаг. Шуудан илгээмжээр их хэмжээний валют улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломжгүй." гэв.
 
М.Чой