sonin.mn
Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн. Түүнээс хойш авлигын эсрэг акциуд өрнөсөөр байна. “Шүүр”, “Шүгэл”, “Шувуу”, “Шилэн”, “Шилжүүлэн авах” зэрэг ажиллагааг хэн хэн удирдаж, ажлын хэсэгт ямар хүмүүс багтаж байгаа, мөн одоогоор ямар үр дүн  гарсныг тоймлон хүргэе.
 
1.“Шүүр” ажиллагааг  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж байна.  Ажлын хэсэгт Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, ТАЗ Д.Баатарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Сангийн яам Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, ХЗДХЯ –ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарын 16 хүн багтжээ. "Шүүр" ажиллагаа нь төрийн болон төрийн өмчит компанид хийсэн хууль бус томилгоотой холбоотой зөрчлийг арилгахад чиглэж буй юм. Энэ хүрээнд 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөж байгааг ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан хэлсэн.  Улмаар 187 хүнийг ажлаас чөлөөлснөөр ажиллагаа үргэлжилж байна.
 
2.“Шилжүүлэн авах” ажиллагааг мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалж байна. Ажлын хэсэгт хуулийн байгууллагынхан багтаж буй.  Энэ ажиллагааны хүрээнд оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэхээр болсон юм.  Хэрэв оффшор бүсээс мөнгө оруулж ирвэл чамгүй хөрөнгө болно гэдэг.
 
3.“Шувуу” ажиллагааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт даатгасан. Ажлын хэсгийн хувьд яг хэн хэн багтаж байгаа нь тодорхойгүй, хуулийн байгууллагын удирдлагууд гэсэн ерөнхий мэдээлэл өгөв.  Энэ хүрээнд одоогоор Монголоос зугтаад таван жил болсон Т.Бадамжунайг эх оронд нь авч ирээд байна. Түүний гадаад пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцааснаар Филиппин улсаас авч ирж, хуулийн байгууллагынхан шалгаж байна. Т.Бадамжунайгийн араас хоёр ч монгол иргэн өөрсдийн хүсэлтээр ирж шалгуулж байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн. Мөн “Шувуу” ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд 20 орчим хүнийг авчрахаар ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн захирал асан Н.Удаанжаргал нарын нэр жагсаалтын эхэнд бичигдэж байна.Гадаадад оргон зайлсан иргэний талаар өгсөн мэдээлэл нь батлагдсан иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулахаа мөн Засгийн газраас зарласан билээ.
 
4.“Шилэн” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариуцаж байна. Тухайлсан ажлын хэсэг гараагүй бөгөөд ерөнхийдөө яамны бүтэц бүрэлдэхүүн бүхэлд нь хариуцаж байна. Тус ажиллагааны хүрээнд  Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгч нарын мэдээлэл, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийн бүтэц бүрэлдэхүүн, цалингийн хэмжээ олон нийтэд ил болсон. Түүнчлэн "МИАТ", "Хөгжлийн банк", "Эрдэнэс Монгол" компанийн охин компаниудыг мэдээллийг shilen.gov.mn-д байрлуулжээ. Өчигдөр Н.Учрал сайд мэдээлэл хийж, байрны түрээсээрээ хамгийн их ашиг олдог төрийн өмчит  газруудын мэдээллийг ил болгов.  Энэ жагсаалтыг Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, “Чингис хаан” ОУНБ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэсэн таван байгууллага тэргүүлжээ.
 
5.“Шүгэл” ажиллагааны ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна. Ажлын хэсэгт, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар багтжээ.  “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгийнхэн “1111” төвтэй хамтран мэдээлэл авч, нягтлан шалгаж ажиллаж байгаа юм байна.
 
 
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин