sonin.mn
Сүхбаатар аймгийн Уулбаян суманд “Шинэ уужим орд” ХХК иргэдийн зөвшөөрөлгүйгээр тус сумын нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэд болоод компанийн хооронд томоохон зөрчил үүсээд буй. Энэ талаар Уулбаян сумын Баян багийн иргэн, “Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
 
-“Шинэ уужим орд” компанитай холбоотой асуудал 2019 оноос эхэлсэн. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Сүхбаатар аймагт Уулбаян сумын иргэдийн төлөөлөлтэй уулзаад тус уурхай үйл ажиллагаагаа зогсоосон юм билээ. Гэтэл хэзээнээс дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм бэ?
 
-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт орших “Уулбаян-Овоо” нэртэй 22 мянга гаруй га талбайн XV-011242 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 оны нэгдүгээр сарын 25-нд АМХЭГ-ын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “Сентерра гоулд Монголия” ХХК-д олгосон. Үүний дараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 384 дугаар шийдвэрээр энэ зөвшөөрлийг “Шинэ уужим орд” ХХК-д шилжүүлсэн байдаг. Ийн “Шинэ-уужим Орд” компани 2018 оны долдугаар сарын 02-нд ашиглалтын тусгай зөвшөөрлийг 862.39 га талбайд авсан. Үүнээс нэг жилийн дараа буюу 2019 оноос нутгийн иргэд тус уурхайг үйл ажиллагаа явуулж эхлэхийг эрс эсэргүүцэн мал ахуй, ажил амьдралаа хойш тавин байж гурван сарын турш жижүүрлэн жагссан. 
 
Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудаар ажиллах үеэр нутгийн иргэдийн төлөөлөл болох 40 орчим хүн Ерөнхий сайдтай Сүхбаатар аймгийн төв дээр очиж уулзаж болж буй бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд “Уурхайн үйл ажиллагааг зогсоо. Нутгийн ард иргэдийн санал хүсэлтийг харгалзаж үзэх ёстой” гэж аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, тус компанийн үйл ажиллагааг зогсоосон.
 
Гэсэн ч 2022 оноос энэ уурхай гүйцээх хайгуулын үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалж уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэдийг хуулийн мэдлэг дутуу байдлыг дамилдуулж, олон нийтийг тэмцэлд уриалсан гэсэн шалтгаанаар зөрчлийн хэрэг үүсгэж, аймаг руу дуудаж тэднийг шүүх, цагдаагаар  торгуулж  иргэдийн “үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхийг зөрчиж байна.
 
-“Шинэ уужим орд” компани холимог металь олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрлөө авсан юм байна. Хэдэн жилийн хугацаатай хайгуул, ашиглалтын зөвшөөрөл авсан юм бол?
 
-“Шинэ уужим орд” компанийн хайгуул хийж байгаа газар полиметаль буюу холимог металь, зэс, хөнгөн цагаан, төмөр, хар тугалга зэргийн хоёр сая 800 мянган тоннын нөөцтэй гэсэн мэдээлэл авсан. 2018 оны долдугаар сарын 02-ноос  2048 оны долдугаар сарын 02-ныг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан юм билээ. Нутгийн ард иргэд зөвшөөрөөгүй байхад гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулахаар зүтгээд байгаагийн далд учрыг ойлгохдоо “Шинэ уужим орд” ХХК  хайгуулын үйл ажиллагаагаа дуусгаад, ашиглалтын зөвшөөрлөө өөр компанид дамлан зарж магадгүй гэж нутгийн иргэд бид хардаж байгаа учраас хүчтэй эсэргүүцсээр байх болно.
 
-Иргэд эсэргүүцсэн ч гэсэн тус компани хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юу?
 
-Одоогийн байдлаар тус компани ашиглалтын үйл ажиллагаагаа хараахан эхлээгүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслээд гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. Гүйцээх хайгуулын үйл ажиллагаа нь нэг сарын хугацаанд дуусвал цаашид ашиглалтын үйл ажиллагаанд шилжинэ. Тиймээс нутгийн иргэд эрс эсэргүүцсээр байна. Тус компани сумын төвд газар худалдаад авчихсан, багаж техникээ оруулчихсан, суманд өөрсдийн төлөөллийн хүмүүстэй болчихоод ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон.
 
-Иргэдийн зөвшөөрөлгүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг ямар нэгэн компанид өгөх эрхгүй гэж үйл ажиллагааг нь зогсоосон юм байна. Тэгэхээр тухайн үед Уулбаян сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Шижирбаатар та бүхэнд мэдэгдэлгүйгээр зөвшөөрөл олгосон гэсэн үг үү?
 
-Уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн 2019 онд Уулбаян сумын Засаг даргаар Дондогийн Шижирбаатар ажиллаж байсан. Тэрбээр ард иргэдийн санал хүсэлтийг үл харгалзан ашиглалтын үйл ажиллагааны гурван талт гэрээнд дур мэдэн гарын үсэг зурсан. Үүний дараа тус компани хайгуулын үйл ажиллагаа явуулах техник хэрэгслээ байршуулж эхэлсэн.
 
Тэр үед нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж Д.Шижирбаатар иргэдээс зугтааж гэртээ нуугдаж байсан ба иргэд тэр орой нь гэрийнх нь гадаа жагсаж байсан. Уулзаж тайлбар авах үед “Аймгийн Засаг дарга хүчээр гарын үсэг зуруулсан” гэж хэлсэн. Тиймээс аймгийн Засаг дарга болон албан тушаалтан, Д.Шижирбаатарыг эрх ашгийн зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан гэж иргэд хардаж байгаа юм.
 
Нэг ноцтой баримт нь тухайн компанийн үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлахгүй гэсэн хаалтын гэрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд Баруун-Урт хотод Д.Шижирбаатар тэргүүтэй есөн хүн гарын үсэг зурсан юм билээ. Ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэхдээ хаалтын гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Д.Шижирбаатарыг Засаг дарга байхад манай сумын байгаль орчны байцаагч нь Эрдэнэцагаан сумын харьяат Дэлгэрмандах гэж эмэгтэй байсан. Энэ байцаагч тус компанитай холбоотой ус, хог хаягдал гэсэн холбогдох гэрээ хэлэлцээр дутуу байхад зөвшөөрөл олгосон учир аймгийн Байгаль орчны газраас зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргаж үйл ажиллагааг нь түр зогсоож байлаа.
 
-Тухайн үед Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар байсан билүү?
 
-Гурван талын гэрээнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар Д.Шижирбаатарыг хүчээр гарын зуруулсан гэж өөрөө 2019 онд иргэдтэй уулзах үеэрээ хэлж байсан. Гэрээнд гарын үсэг зурсан гурван талын хэн нь ч нутгийн уугуул иргэд, сумын ИТХ, “Баян” багийн иргэдийн нийтийн хурлын үеэр алинтай нь ч уулзаагүй.
 
-“Шинэ уужим орд” компанийн төлөөлөлтэй та бүхэн уулзсан уу?
 
-Мэдээж 2019 оноос эхлээд байнга уулзаж байгаа. “Бид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулна. Хэрэв үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах юм бол танай сумаас олон тэрбум төгрөг нэхэмжилнэ” гэсэн хариу өгдөг. “Баян багийн” иргэдийн нийтийн хурал 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон. Тус хуралд иргэд, сумын засаг захиргааны удирдлагууд оролцсон.
 
Мөн “Шинэ уужим орд” ХХК-ний төлөөлөгч гэсэн гурван хүн хуралд дайрч орж ирж суусан. Энэ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж иргэд бид үзэж байгаа. Тэр үеэр “Шинэ уужим орд” компанийн төлөөлөл “Бид ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны дүгнэлтийг үндэслэж зөвхөн гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулна.
 
Гүйцээх хайгуулын үйл ажиллагааг эхлэхэд иргэдээс санал авах шаардлагагүй” гэсэн тайлбарыг бичгээр өгч байсан. Тэр бичиг нь бидэнд хадгалагдаж байгаа. Гэтэл БОАЖЯ-наас “Шинэ уужим орд” ХХК менежментийн төлөвлөгөө, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ батлуулаагүй учир үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэс байхгүй байна” гэсэн бичиг 2022 оны долдугаар сарын 1-нд ирсэн. Үүнээс хоёр сарын дараа буюу есдүгээр сарын 15-нд тус компани менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан байдаг. Энэ төлөвлөгөөнд “Ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайд урсгал ус байхгүй. Цас борооны усаар тэжээгддэг Баянцогт болон Жаргалант булагтай” гэж бичсэн байна. Үүнийг иргэд бид ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.
 
-“Шинэ уужим орд” компанийн захирал Ч.Рэгзэдмаа Сүхбаатар аймгийн хүн үү?
 
-Ч.Рэгзэдмаа нь “Сентерра голд” компанийн ахлах инженерээр ажиллаж байсан гэж сонссон. “Баян” багийн иргэдтэй уулзахдаа “Манай гэр бүлийн бизнес.Нөхрийн хөрөнгөөр боссон бизнес учир гүйцээх хайгуулын үйл ажиллагааг дуусгана” гэж ярьсан учраас бид гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэж байгаа. Анх алтны хайгуул гэж орж ирсэн.Тэгээд нөөц нь багаар тогтоогдоод полиметалийн хайгуул болж өөрчлөгдсөн.
 
-Одоо Уулбаян сумын Засаг даргаар Д.Амартайван гэж хүн ажилладаг юм байна. Тэрбээр үүсээд буй энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Одоогийн Засаг дарга Д.Амартайван “Аймгаас гарын үсэг зур гэсэн шахалт шаардлага их ирж байна. Гэхдээ би гарын үсэг зурахгүй ээ” гэсэн тайлбар өгсөн. Тэрбээр 2019 онд нутгийн иргэд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж байхад бид нартай хамт байсан. Ингэж 2020 оны сонгуульд иргэдийн саналыг авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл сумын засаг дарга болоод түүний байр суурь эрс өөрчлөгдөж, иргэдийн талд гаргасан бодитой шийдвэр одоогоор байхгүй байна. “Эрх мэдэл хүрэлцэхгүй байна” гэсэн тайлбар өгдөг.
 
-Одоогийн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбаттай та бүхэн уулзсан уу. Ямар тайлбар өгсөн бэ?
 
-М.Идэрбат Засаг дарга “Энэ уурхайн үйл ажиллагааг явуул, тэгэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байр суурийг 2022 онд сумын иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн. Ийм учраас энэ хүн бидний эсрэг байр суурьтай байгаа гэж ойлгож байгаа.
 
-Нутгийн захиргааны бай­гууллагатай хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан Д.Шижирбаатар аймгийн Засаг даргын орлогч хэвээрээ юу. Ямар нэгэн шинэ тайлбар та бүхэнд өгсөн үү?
 
-Иргэдийн хүчтэй эсэргүүцэл дахин эхэлснээс хойш Д.Шижирбаатар нутгийн иргэдтэй нэг удаа ажлын шугамаар уулзсан. Аймгийн ИТХ-д Уулбаян сумаас сонгогдохдоо сумын байгаль орчны байцаагч Дэлгэрмандахыг авч явсан. Ингээд манай сум байгаль орчны байцаагчгүй үлдсэн.Үүнийг уул уурхайн компани ашиглаж байна гэж харж байна.
 
-Одоо асуудлыг яаж шийдэхээр төлөвлөж байна. Шүүхэд хандаж үзсэн үү?
 
-Тус компани хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бүрдүүлэх бичиг баримтуудыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон харьяа газруудад хүсэлт тавихад ирсэн бичгийн хариунд маш олон зөрчил илэрч байгаа.Тиймээс бид ард иргэдийнхээ хүчийг нэгтгэж “Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ыг байгуулсан. Тэгээд мэргэжлийн өмгөөлөгч аваад шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр ярьж байна.Өөр арга зам бидэнд үлдсэнгүй. Шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэл компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой баймаар юм.
 
-Энэ уурхай Уулбаянчуудын эртнээс тахиж шүтэж ирсэн Баянмөнх хайрханы ойролцоо байгаа нь иргэдийн бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн гэж ойлгосон. Байршлынх нь тухайд та тодруулахгүй юу?
 
-Уулбаян сумаас баруун зүгт 8.8 километрт орших “Цагаан ширээ” хэмээх газар уг уурхай 862.39 га талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан. Энэ газар нь бидний өвөг дээдсийн үе уламжлан шүтэж ирсэн “Гурванбаян”-ы нутгийн гол цөм хэсэгт байрладаг. Өөрөөр хэлбэл Уулбаян сумын “зүрх” гэж хэлж болно.
 
-Цагаан ширээ хэмээх газрын ойролцоо хэд хэдэн булаг байдаг. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор булаг ширгэх тохиолдол гарсан уу?
 
-“Шинэ уужим орд” ХХК-ний ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбай нь бидний өвөг дээдсийн үе уламжлан тахиж, шүтэж ирсэн Баянмөнх, Баянцогт, Батцагаан хайрхдуудын дунд “Цагаан ширээ” хэмээх газарт оршдог. Тойроод Баруун сайн, Хадан худаг, Тойрмын ус, Дэрсэн худаг, Билүүтийн худаг, Уулын ус, Агтан худаг, Баянцогт, Баруун булаг, Жаргалант гэсэн олон мянган жил хүн, мал, ан амьтныг ундаалж ирсэн  ариун дагшин олон булаг бий.
 
 
Баярмэндийн ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин