sonin.mn
Иргэн Д.Монголхүүгийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж, цагдан хорьсонтой холбогдуулан түүний өмгөөлөгч Б.Баяраа болон эгчийн хамт мэдээлэл хийлээ. 
 
Уг мэдээллийн үеэрээ өмгөөлөгч Б.Баяраа: Иргэн Д.Монголхүүг Сүхбаатарын талбай дээр жагсаал хийх явцдаа цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн гэдэг шалтгаанаар 1 жил зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэсэн. Тухайн үед Д.Монголхүүгийн хувийн өмчид халдсан, эрүүл мэндэд гэмтэл учруулсан, мөн жагсаал цуглаан хийх эрх чөлөөг нь хязгаарласан цагдаа нарт хариуцлага тооцоогүй. Эсэргээрээ тухайн цагдаа нарын биед нь халдсан гэдэг үндэслэлээр Д.Монголхүүд эрүүгийн ял шийтгэл ногдуулсан. Ингээд 1 жил зорчих эрхээ хязгаарлуулах ял эдлэж байх хугацаандаа Д.Монголхүүд харамсалтай нь 2 удаагийн тохиолдол гарсан.
 
 
Нэг нь эгэмний гэмтлээ ГССҮТ-д үзүүлэх шаардлага гарч прокуророос зөвшөөрөл авсан байдаг. Прокуророос ганцхан хоногийн зөвшөөрөл өгсөн. Ингээд ГССҮТ орж үзүүлчихээд буцаад гэртээ харьсан байдаг. Үүн дээр гэмтлийн эмнэлэг явсан замаараа буцаж ирээгүй буюу маршрут зөрчсөн гэдэг үндэслэл гардаг.
 
 
Ер нь маршрутыг ямар нөхцөлд тогтоодог вэ? гэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийг тодорхой газраар явахыг хориглож гаргадаг. Түүнээс биш эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа хүн дээр маршрут тогтоож, тогтоосон маршрутаас гарсан гэдэг үндэслэлээр шоронд хорьдог үйлдэл байж болохгүй. Ер нь заавал нэг замаар зорчих албагүй. Дараа нь давтан зөрчил гарсан ноцтой зүйл болсон учраас хорьсон гэсэн. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр цахим бугуйвчтай холбоотой асуудал. Тэр бугуйвчийг нь бид үзсэн. Хямдхан төхөөрөмж байна лээ. Бидний гар утас 1-2 хоног цэнэгээ барьдаг бол Д.Монголхүүгийн шүүх хурал дээр хэлсэн тайлбараар тус бугуйвчийг 1 хоногт 4 удаа цэнэглэдэг. Дээд тал нь 6 цаг цэнэгээ барьдаг. Уг нь цахим бугуйвчаа цэнэглээд яваад байсан байгаа юм.
 
 
Гэхдээ нэг өдөр гэнэ алдаад бугуйвчны цэнэг дууссан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн яаралтай ирсэн. Хамгийн гол нь Д.Монголхүү Баянзүрх дүүрэгтээ байсан. Д.Монголхүүд ямар ял өгсөн юм бэ? Цахим бугуйвчийг цэнэгтэй байлга гэдэг ял өгсөн юм уу?
 
 
Баянзүрх дүүргээс гарахгүй байх гэдэг ял өгсөн. Энэ ялаа зохих ёсоор эдлэж байсан. Өөрсдөө биечлэн очоод Баянзүрх дүүрэгт байгааг нь тогтоочихсон. Ингээд шаардлага тавиад бугуйвчаа цэнэглээд хэвийн болоод явсан. Энэ зөрчил юм уу? Цахим гавны цэнэг дууссан нь Д.Монголхүүгийн санаатай үйлдэл юм уу? Тийм л бол ядаж 24 цаг цэнэгээ барьдаг цахим бугуйвч өгөх хэрэгтэй. Ийм гэмт хэрэгтэн гэж байдаг юм уу? No War, No Double Standart гэх зэрэг дандаа олон нийтийн эрх ашгийн төлөө л явж байсан хүн. Бид давж заалдах шүүхэд гомдол гаргана гэсэн байр суурьтай байгаа." гэсэн юм.
 
 
М.Чой