sonin.mn
Хүн эрүүл амьдралын хэв маягаар л амьдрах ёстой 
 
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8 дахь заалт (төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа)-ын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн төрийн зохих байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэн явуулахаар хуульчилсан. 
 
-Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 1-нээс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны хооронд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг байсан бол Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
 
-Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мөрийтэй тоглоомын гэмт хэрэг, зөрчлийн хамгийн сүүлийн судалгааг харахад гэмт хэргийн шинжтэй хэргүүд 2020 онд 38 байсан бол 2021 оны эхний 10 сард гэхэд 305 болж өссөн байна. Харин учирсан хохирлын хувьд 2020 онд 56,735,000 төгрөг байсан бол 2021 оны байдлаар 258,507,000 төгрөг болж өссөн үзүүлэлт гарчээ.
 
-Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучууд покер нэртэй хөзөр ашиглан цахимаар тоглодог тоглоомын хувьд, хэн хожих нь тодорхой биш, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог шинжээрээ болон уг тоглоомыг тоглож буй оролцогчид бэлэн мөнгөөр бооцоо тавьж, хожсон хүндээ бооцооны мөнгөө шилжүүлэн өгдгөөрөө мөрийтэй тоглоомд хамаарна.
 
-Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл хэрэглэн тоглодог хэрэгсэл, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын ширээ, мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.  
 
-Хуулиар зөвшөөрөгдөөгүй мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд (Мөрийтэй тоглоом зохион байгуулсан) зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 
 
Хэрэв та хуулиар зөвшөөрөгдөөгүй цахим болон бусад хэлбэрийн мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний мөнгө, эд хөрөнгө алдах, өрөнд орсон бол дараах зөвлөмжийг анхаарна уу. 
 
1.Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1 дэх хэсэгт “Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй”;  
 
2.Мөн хуулийн 486.2-т “Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ”;
 
3.Мөн хуулийн 486.4-т “Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно.” гэж тус тус заасныг анхаарах шаардлагатай.
 
Учир нь иргэд хууль бус мөрийтэй тоглоомоос үүдэлтэй өр, төлбөрөө барагдуулахын тулд өөрийн эд хөрөнгөө худалдан борлуулах, бусдаас зээлэх, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх замаар өрөө төлөх нь үндэслэлгүй гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй. Шууд утгаараа хууль бус буюу төрөөс зөвшөөрөгдөөгүй мөрийтэй тоглоомын улмаас үүссэн мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй.
 
МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ТАЛААР МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨМЖ
 
Мөрийтэй тоглоомд ямар хүмүүс уруу татагддаг вэ? 
 
Тэр хэн байх нь хамаагүй. Дээд боловсролтой байж болно, олон хэл мэддэг  байх нь хамаагүй, нэг л яваад орчихвол жингүйддэг. Уг нь “Би юу гэж донтох вэ дээ. Алдвал больчихно” гэж боддог. Гэтэл нэг тавьж үзээд алдаад л, дахиад тавихаар олоод байгаа юм шиг. Энэ чинь тактикийн юм шүү. Мөрийтэй тоглоом гэдэг том бизнес. 100.000 өгөөд тоглотол 200.000 олоод, 300.000 олоод дахиад 500.000 олох маягаар итгэлийг нь төрүүлдэг. Ингэж олоод байгаа юм чинь гээд том хөдлөөд л хамаг юмаа алддаг. Мөрийтэй тоглоом гэдэг чинь шударга тоглоом биш. Ашгийн төлөө хүн зохиосон программ шүү дээ. Хяналтгүй 50, 100 саяар алдаад ирэхээр хэн нэгэн мөнгөө нэхнэ. Түүнийг нь олж өгөх гээд янз бүрийн буруу зүйл хийнэ. Сүүлдээ явах газаргүй болно. Энэ нь асар их дарамт үүсгэж гишгэх газаргүй болоод ирэхээр айна, ичнэ. Санаа зовно, мөнгөө бодно. Ингээд ирэхээр хүн сэтгэл санаагаар унана. 
 
Тэр хүнтэй ойр байгаа найз нөхөд, мэддэг хүмүүс нь нэг л биш байгааг мэдсэн бол анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ хүн яасан юм бол, ажил төрлөөсөө халагдсан юм болов уу, хүний дарамтад орчхов уу, яагаад дуугаа хураачхав гэж соргог байх учиртай.  
 
Хүн амьдрал ахуйгаа залгуулж эрүүл амьдралын хэв маягаар л амьдрах ёстой. Олж байгаа мөнгө нь цалингийн доод хэмжээ байсан ч хамаагүй. Хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд, орой ажлаасаа ирээд хоол ундаа идэн, гэртээ амраад, зурагтаа үзээд сайхан амрах нь амьдралын зөв хэв маяг юм. 
 
Хэрэв та зөвшөөрөгдөөгүй мөрийтэй тоглоомоос шалтгаалан хэн нэгний дарамт, эсхүл их хэмжээний өр, төлбөрт орсон тохиолдолд мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид хандах шаардлагатай гэдгийг анхаараарай. 
 
Хуульч, өмгөөлөгч А.ЭРДЭНЭМӨНХ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин