sonin.mn
Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг өнөөдөр/2022.05.25/ хянан хэлэлцжээ.
 
 
Шүүхээс түүнийг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцжээ.
 
 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байна.