сонин mn
УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрогт бие даан нэр дэвшсэн хуульч Х.Бат-Ялалт мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Зөвхөн энэ удаагийн нөхөн сонгууль ч биш өнгөрсөн 8 удаагийн сонгууль бүгд хууль бус боллоо. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг гэмт хэрэг төгс үйлдэгдэж байна. Хууль хяналтын байгууллага нь үүнийг шалгаж чадахгүй, нүд нь сохорсон байна. Сөрөг хүчин болж яваа хүмүүс нь эрх баригчдын янз бүрийн явуулганд битгий автаач ээ. Битгий хоорондоо хэрэлдэж, талцаж хуваагдаач ээ гэж уриалмаар байна. Энэ удаагийн нөхөн сонгууль сурталчилгаа эхэлсэн өдрөөсөө л хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалт маань хэрэгжсэнгүй. Төрийн албан хаагчид буюу хорооны дарга нар, хороо хэсгийн ахлагчид зөвхөн нэг намд үйлчилж байна. Энэ хүмүүс иргэдийн саналыг худалдаж авах ажлыг илэрхий явууллаа.
 
 
Үүн дээр МАН гэхээсээ илүүтэй ХҮН-аас нэр дэвшсэн хүн, ШИНЭ нам, Ардчилсан нам бүгдээрээ яг адилхан аргаар мөнгө тарааж, архи тарааж өрсөлдөөд байна.Сонгуулийн санал хураалтын орой хүртэл хэсгийн хороод дээр маш их согтуу хүмүүс байсан. Өнөөдөр архи зардаггүй өдөр шүү дээ. Яагаад согтуу хүн байгаа юм бэ? гээд цагдаад нь хэлэхээр хараагүй юм шиг байдаг.
 
 
Өнөөдөр эрх баригчдаас буруу хайхаасаа өмнө сонгуулийн тогтолцоо зөв юм уу? Буруу юм уу? гэдгийг нийтээрээ эргэж хараад, шударга нийгэмд амьдрах хүсэл байна уу? гэдгээ бодох хэрэгтэй. Сонгуулийн санал авах байранд хөтлүүлээд орж ирж байгаа хүнд тэрийг дугуйлаарай. Энийг дугуйлаарай гээд хэлж байна. Ажиглагчид сууж байхад нүдэн дээр нь дугуйлсан цаасаа үзүүлээд, нүдээ ирмээд гарч байна. Санал авах ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс нь ч тэр, саналаа өгч байгаа хүмүүс нь ч тэр шударга бус зүйлтэйгээ эвлэрчихсэн юм уу? Үндсэн хуулинд заасан заалтыг байхгүй болгоод, шударга бус зүйлстэй зохицож амьдрах шаардлагатай юу? гэсэн сонголт Монголын ард түмэнд тулгараад байна. Элдэв гүтгэлэг доромжлол байгаа хэдий ч бид шударга нийгэм байгуулахын төлөө тэмцэж байна. Сонгуулийн Ерөнхий хороо, цагдаагийн байгууллагуудад бид сонгуультай холбоотой олж авсан шударга бус зүйлсийн талаархи баримтуудаа өгнө. Иргэдийн регистерийн дугаар, хувийн мэдээлэл нууц байх ёстой. Гэтэл хэсгийн ахлагч гээд хүн зүгээр бариад явж байна. Тэр баримтаа үндэслээд машин машин дамжаад хүмүүст мөнгө тарааж байна. Гэх мэтчилэн нүдний өмнө шударга бус зүйлс байхад үүнтэй эвлэрээд чимээгүй байгаа хууль хяналтын байгууллагад үнэхээр харамсаж байна." гэв.
Дашрамд дурьдахад түүнийг мэдээлэл хийхийн өмнө тэмцэгч гэх Б.Цэгмэд ирэн үг сөрж, улмаар түүнтэй маргалдсан юм.
 
 
 
 
М.Чойжал