sonin.mn
Замын-Үүд сумд үүссэн нөхцөл байдал өдгөө ч хэвийн болоогүй, бүр хүндэрсэн талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар мэдээлэл хийлээ. Тэд Улсын Онцгой Комисст шаардлага хүргүүлж буй ажээ.
 
Уг шаардлагад: "Дорноговь аймаг Замын үүд сумын хилийн боомт дээр тулгарч буй асуудлын талаар нийт тээвэрчдийн төлөөллүүд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж, эрх ашгаа хамгаалахаар нэгдлээ. Бидний зүгээс Улсын онцгой комисст дараах шаардлагыг хүргүүлж байна.
1-рт Замын-үүд сум нийт 20000 гаруй оршин суугчтай суурьшлийн бүс нутаг юм. Хүн амын нягтаршил ихтэй газар стандарт бус аргаар зарим нэг тээврийн компани нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах эрхийг зөрчиж хөрс, агаарын бохирдол ихээр үүсгэх юм. Мөн Монгол Улсын импортын хүнс барааны томоохон боомтоор зүй бус аргаар нүүрс тээвэр явуулахыг орон иргэд болон нийт тээвэрчид хатуу эсэргүүцэж байна. Монгол Улсад нүүрс тээврийн стандарт шаардлага хангасан Цагаан хад, Бичигт, Шивээ хүрэн зэрэг боомтоор тээврийн үйл ажиллагааг явуулахыг шаардаж байна.
 
2-рт Ковид -19 цар тахал гарч улс орны импорт, экспортын хангамжийн асуудал муудаж өргөн хэрэглээний барааны хомсдол үүссэнээс ачаа барааны тээврийн хөлс эрс нэмэгдсээр тодорхой хугацаа өнгөрлөө. Үнийн хөөрөгдлийн асуудлыг нийт тээвэрчдийг зохиомлоор өсгөлөө гэж төр засаг аж ахуй нэгж, жижиг дунд бизнес эрхлэгч, нийт ард иргэдийн дунд буруу ташаа мэдээ мэдээлэл түгэж байна. Үүний үндсэн дээр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч бүхий ажлын хэсэг очиж тодорхой хугацаанд ажилласан ч бодит байдал хэвийн байна.
 
Үнийн хөөрөгдөл яагаад буухгүй байгаа бодит үнэн бол Замын-үүд авто замын боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо болон Эрээн хотод байгаа монгол жолоочийн тоо нэмэгдэхгүй байгаад гол асуудал байгаа юм. Хилийн боомтоор гарч байгаа тээврийн хэрэгсэл, урд байгаа жолоочийн тоог нэмж байж үнийн хөөрөгдлийн асуудал бодит байдлаар буурна. Эрээн хотод Монгол жолоочийн тоог нэмэх боломжгүй бол Өвөр монгол жолооч нарыг тодорхой тоогоор нэмж нийт тээвэрчид өөрсдийн тээврийн хэрэгсэлээ 0 цэг дээр хүргэж өгч авч гардаг болох хэрэгтэй. 
 
Энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол Эрээн хотын ачаа бараа карго эрхэлдэг хэсэг бүлэг өвөр монголчууд өнөөдөр манай улсын импорт болон өргөн хэрэглээний бараа, ачаа тээврийн үнэ ханшийг тодорхойлж байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн машинаас өдөрт 25 бусад тээврийн хэрэгслэл нь Засгийн газрын цохолт, нүүрс тээвэр гэх нэршлээр өдөрт 40 орчим машинууд орж байна.
 
3-рт Нийт тээвэр эрхэлж буй тээвэрчид Замын-үүд сумын Шаргын овоон дээрх байнгын постыг татан буулгах шаардлага тавьж байна. Тус пост нь ямар ч үр дүнгүй эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоол хүнсээр үйлчлэх, тээвэрчдийг ая тухтай байх нөхцөл бүрдүүлээгүй, нийт тээвэрчдийг зөвхөн мөнгөний нүдээр харж, төрийн байгууллагийн дарамтаар айлган сүрдүүлж тодорхой хэмжээний төлбөр төлсний дараа машин тэрэг, ачаа бараагаа авах эрхтэй болдог. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан цаашид нийт тээвэрчид шаргын овоон дээр байх нөхцөл бололцоогүй тул өдөрт 100 жолооч өөрсдийн биеэр машин тэргээ хилийн 0 цэг дээр хүргэж шаардлагатай гэх бүх шинжилгээг цаг тухайд нь өгч байх. Өдөрт 100 жолооч өөрсдийн биеэр машин тэргээ 0 цэг дээр хүргэж өгдөг болсоноор Замын-Үүд сум ногоон бүс болох, очер дарааллын асуудалд ахиц гарч тухайн тээврийн хэрэгсэл эзгүйрэх, эд зүйлээ хулгайд алдах, эвдрэл гэмтэл, зам тээврийн осол гаргах, ачаа бараа унах, өр зээлэнд орох зэрэг олон асуудал шийдэгдэнэ.
 
4-рт Ковид-19 цар тахал өвчин гарсан цагаас хойш нийт тээвэрчид төр засгаас болон сум орон нутгийн засаг захиргаас гаргасан тушаал шийдвэр, захирамж заавар, дүрэм журам,үүрэг чиглэл гэх мэт шийдвэрүүдийг иргэнийхээ хүлээсэн үүргийн дагуу ёсчлон биелүүлж ирсэн. Гэвч зарим нэг гаргаж байгаа шийдвэрүүд чинь амьдралд нийцэхгүй хөрсөн дээр буухгүй ажлын үр дүн гарахгүй иргэд тээвэрчдийг бухимдуулсан асуудал байна. Бид өнөөдөр ковид-19 өвчний талаар хэн хүнгүй багагүй мэдлэгтэй болсон. Энэ өвчнийг далимдуулан төр засаг, яам агентлаг, эрх дархтаны нэрийг барин хүч түрэмгийлэн орон нутгийн иргэд болон нийт тээвэрчдийн эрх ашиг, ажил амьдралыг нь булааж авах санаа бүхий аж ахуй нэгж, компани хуулийн этгээдүүдтэй бид тууштай хатуу тэмцэнэ. Өнөөдөр нийт 5000 гаруй тээвэрчид бид ар гэр, ам бүлээ авч явахын тулд төр засаг та бүхнээс ямарч дэмжлэг туслалцаа авалгүйгээр дийлэнх хувь нь банк, банк бус байгууллагад байж болох бүхий л зүйлээ барьцаалан амьдарч байна. Одоогийн байдлаар нэг машин бараг улиралд нэг удаа хилийн боомтоор гарч байна. Бидний тавьж буй албан шаардлага үзэл бодлыг шийдэж өгөхийг шаардаж байна. Төр засаг болон орон нутгийн засаг захиргаа дээрх шаардлагыг дорвитой шийдэж өгөхгүй бол бид тэмцлийн дараа дараагийн шатанд шилжихийг мэдэгдье." гэсэн байв.