сонин mn
ЦЕГ-ын Урьдчилан сэр­гийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.
 
 
 
-“COVID-19” цар тахал гарснаас хойш цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, иргэдийнхээ амар тайван аюулгүйн төлөө өдөр шөнийг үл ажран ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл байна уу?
 
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн “COVID-19”-ийн халдварын эсрэг дотоодын хатуу хөл хорио тогтоож эхэлснээс хойш Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд гурван удаа 68 хоног, өндөржүүлсэн бэлэн байдалд гурван удаа 57 хоног ажилласан.  Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн халдварын тархалтын улбар шар түвшинд шилжүүлсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байд­лын зэрэгт шилжин ажиллах бүрд эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчид өдөрт 6-8 цаг, жижүүр, харуулд үүрэг гүйцэтгэх алба хаагч 24 цагаар ээлжээр ажилладаг. Одоо ч шөнийн 23:00 цагаас өглөөний 06:00 цагт нийслэл хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоож цагдаагийн байгууллага хяналт шалгалтыг хийж байна.
 
Цагдаагийн байгууллага орон тоо дутуу хэдий ч “COVID-19”-ийн халдвартай тэмцэх энэ цаг үед алба хаагчдынхаа хүн хүч, техник хэрэгсэл бүхий л нөөц бололцоонд тулгуурлан ажиллаж байна. Жишээлбэл, сэжигтэй тохиолдол илэрсэн цэг /обьект/ бүрд эмнэлгийн байгууллагаас шинжилгээ авах, урьдчилсан шинжилгээ хийх үед хамгаалалт, зохицуулалт хийх, халдвар тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох гээд олон ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байгаа юм.
 
Бид хүндрэлтэй асуудал тоочихоосоо өмнө энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулах нь чухал. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цагдаагийн болон төрийн байгууллагын албан хаагчдынхаа ажлыг ойлгож, хөл хорионы дэглэмийг чанд сахиж, гэр гэртээ байж, шаардлага биелүүлж, хамтран үүрэг гүйцэтгэн иргэний үүргээ маш сайн биелүүлснийг энд онцлон хэлэх нь зүйтэй. Сайны хажуугаар саар гэж үг байдаг.  Зарим иргэн төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй маргалдах, эсэр­гүүцэх, үл ойлголцох, бие эрх чөлөөнд нь халдах зэрэг асуудал  гарсан ч тодорхой хариуцлага хүлээлгэсэн. Гэхдээ олонх иргэн бидний ажлыг ойлгож, дэмжин урам өгч, хамтран идэвхтэй ажиллаж байсанд дахин талархал илэрхийлмээр байна.
 
-Гэмт хэрэг, зөрчлийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэр байгаа вэ?
 
-Он гарсаар эхний хоёр сард 2341 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2064 хэрэг буюу 46.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс өмчлөх эрхийн эсрэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 50.3-58.6, олон нийтийн газарт үйлдэгдсэн гэмт хэрэг 576 нэгжээр буюу 78.7 хувиар тус тус буурсан. Гэмт хэргүүд буурсан үзүүлэлттэй байгаа ч ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил буураагүй. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 218 бүртгэгдэж урд оны мөн үеэс 34 хувиар өссөн байна. Эхний хоёрдугаар сард  26696 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 1625 нэгжээр буюу 5.7 хувиар өссөн. Тухайлбал, шүүхэд санал хүргүүлж баривчлах шийтгэл ногдуулсан хүний тоо 8.9 хувиар буурсан байна
 
-Ямар зөрчил их гарч байна вэ?
 
-Эхний хоёр сард бүртгэгдсэн зөрчлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 1.8 дахин, танхайрах 10.7 хувь, хүүхдийн эрхийг  зөрчих зөрчил нэг дахин өссөн. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил ихэвчлэн үйлдэгдэж байна.
 
-Архидан согтуурсан үедээ нийгмийг цочроосон гэмт хэргүүд гарах нь ихэсч байна. Эрүүлжүүлэх байранд ирэх иргэдийн тоо нэмэгдэж байна л гэдэг. Өдөрт хэчнээн хүн эрүүлжүүлэх байранд хонодог вэ?
 
-Нийслэлийн хэмжээнд эхний хоёр сард согтууруулах ундаа хэрэглэж, зөрчил гаргасан 9017 хүн эрүүлжүүлэгдсэн. Энэ нь улсын хэмжээнд эрүүлжүүлэгдсэн хүний  73  хувийг эзэлж байна. Ер нь нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 180-220 хүн эрүүлжүүлэгддэг байсан. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч эрүүлжүүлэгдсэн хүний тоо хатуу хөл хорионы өдрүүдэд 70-80, зарим өдөр 100 хүрдэг. Харин одоо 160-180 хүн эрүүлжүүлэгдэж байгаа. Согтууруулах ундаа худалдахыг хориглосон сар бүрийн 1-ний өдрүүдэд энэ тоо 50 хувиар буурдаг.
 
-Иргэдийн зүгээс цар тахлын үед согтууруулах ундааг хориглох хэрэгтэй гэх саналыг цахимаар өрнүүлсэн байна лээ. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн олонх нь архи уусан үедээ үйлдсэн байдаг?
 
-Өмнө нь хатуу хөл хорио тогтоосон үед архи, согтууруулах ундааг тодорхой хугацаагаар хориглосон шийдвэрийг нийслэлийн Засаг дарга захирамжаар гаргасан. Тухайн үед гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл, эрүүлжүүлэгдсэн хүний тоо хоёр дахин буурсан байдаг. Энэ удаагийн хэсэгчилсэн хөл хорио тогтоох үед согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гараагүй нь аж ахуйн нэгж, байгууллагуудын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзсан явдал байсан. Гэвч зарим иргэний архины зохисгүй хэрэглээ их байна.
 
Энэ нь гэмт хэрэг, зөрчлийн гаралтад тодорхой хувиар нөлөөлнө. Цагдаагийн байгууллагаас эрүүлжүүлэгдсэн иргэдэд тогтмол сургалт яриа, нөлөөллийн арга хэмжээ явуулдаг. Түүнчлэн ар гэртэй нь хамтран архинаас татгалзуулах, нийгэмшүүлэх ажлыг олон талт хэлбэрээр явуулж байгаа ч иргэдийн өөрсдийн ухамсар, хандлагаас хамаарч үр дүн нь харилцан адилгүй байдаг.
 
-Хүүхэд болон хүн алга боллоо гэх мэдээлэл цахим орчноор хөвөрч, нийгмийг айдаст автуулдаг. Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад энэ асуудлаар хэчнээн дуудлага ирсэн бэ. Цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай ажиллаж, хүүхдийг эцэг эхэд нь олж өгсөн олон тохиолдол байдаг. Одоогоор хэчнээн хүүхдийг цаг алдалгүй олж өгсөн бэ?
 
-Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний хоёрдугаар сарын байдлаар 353 хүүхэд сураг­гүй алга болсон гэсэн дуудлага, мэдээлэл  цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Үүнээс 339 хүүхдийг 2-24 цагийн дотор эрэн сурвалжлан олж, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Нийтлэг шалтгааныг судлан үзэхэд зарим эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдал нөлөөлж байна. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийллийн болон таарамжгүй харилцааны улмаас хүүхдүүд дайжих, үе тэнгийн хүүхдүүд нэгнийгээ уруу татах, хүүхэд насны гэнэн томоогүй зангаасаа болж гадуур дэмий сэлгүүцэх зэрэг олон шалтгаан тогтоогдож байсныг тухай бүр нь зөвлөмж, зөвлөгөө өгдөг. Хэрэв хүчирхийлэлд өртсөн тохиолдол тогтоогдвол холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Цагдаагийн байгууллагын хэмжээнд сураггүй алга болсон иргэдийн мэдээллийг www.Police.gov.mn сайтад тухай бүр нь иргэдэд нээлттэй, дэлгэрэнгүй байршуулдаг бөгөөд эрэн сурвалжилж олж тогтоох чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин