sonin.mn

Энэ дэлхий байгаагүй бол хүн үүсэхгүй, хүмүүс байхгүй байв. Ингэхлээр хүний үүсэл, оршлын гол нөхцөл нь газар нутаг юм. Хүмүүс хувьссаар, хөгжсөөр угсаатнууд буй болжээ. Амьдардаг газар нутаг нь нэг, харилцдаг хэл нь, эрхэлдэг аж ахуй нь, бүтээсэн соёл нь, зан заншил нь адилхан томоохон бүлэг хүмүүсийг угсаатан гэдэг. Угсаатан томорсоор, нийгмийн ухамсар нь хөгжсөөр, төв төртэй тусгаар улс болж бэхждэг. Ихэнх угсаатан хувьсал, хөгжлийн ийм л замыг туулжээ. Зарим угсаатны түүх 8 мянган жилийн өмнөөс яригдах байх. Одоогоос 6 мянган жилийн өмнө Египетэд хаант улс байжээ. Дүрс бичигтэй, өвөрмөц шашинтай байв. 4 мянга гаруй жилийн өмнө Хятадад Ся, Шан улс байжээ. Мөн дүрс бичигтэй.


Одоогоос 3 мянга орчим жилийн өмнө Төв Америкт Майяа нарын улс гэж байжээ. 6-5 мянган жилийн тэртээд Тигр, Евфрат, Нил, Инд, Шар мөрөн, Эгейн тэнгис, Газар дундын тэнгист хот суурингууд, хот улсууд мөн байжээ.


Формацийн онолд баригдаж, үйлдвэрлэх хүчний хөгжилд уягдаж угсаатны үүслийг ихэд хойшлуулж үздэг, тооцдог алдаа ялангуяа нүүдэлчдийн тухайд гарсаар, үргэлжилсээр байна. Монгол угсаатны тухайд ч энэ дутагдал давтагдсан хэвээрээ... Өмнөхийг дурдаад өөр зүйл яръя. Монголынхоо газар нутаг, түүний урт, өргөн, зузаан, хадгалж буй баялгийн талаар залууст цөөн зүйл өгүүлье. Манай газар нутаг нийтдээ далайн түвшнээс их өндөр, дундач өндөр нь ойролцоогоор 2500 орчим метр. Өндөр уулсын нь оройд мөнх цас, мөсөн голууд бий. Дулааны улиралд тэдгээр нь хайлаад гол, горхи болж урсдаг, хүн малыг ундаалдаг. Мөнх цас, мөсөн голтой улс орон олон биш. Уулсын нь оройгоор цэнгэг уусны их нөөц байгаа нь нэгэн гайхамшиг. Цэнгэг усны нөөцийн хоёрдахь хэсэг нь цэнгэг устай нууруудад бий. Харин гуравдахь хэсэг нь газрын гүнд байгаа. Монголчуудын амьдралыг үржил шимтэй хөрс шороо, таван хошуу мал, цэнгэг ус гурав л тэтгэж иржээ. Далайн түвшнээс доошоо байгаа хөрс шороонд ч ашигт малтмал их бий, мөн дээшээ байгаа (дундчаар 2500 орчим метр зузаан) хэсэгт нь ч ашигт малтмал их бий. Номхон далайн хамгийн гүнзгий цэг нь 11.000 орчим метр гэдэг. Энэ хэмжээгээр багцаалаад гүнийн 11.000 метр, дээр нь Монголынхоо дундач өндрийн 2500 метрийг нэмээд наад зах нь л нийтдээ 13.500 метр зузаан хөрс шорооноос бид алт, мөнгө, зэс, төмөр, хөнгөн цагаан, газрын ховор металл, уран мэтийг олборлох боломжтой. Далайн түвшнээс дээшээ байгаа 2500 метрийн зузаанаас хэрэгтэй бүхнээ ялгаж аваад үлдсэн хөрс шороог нь далайн хөвөөн дэх улс орнуудад худалдаж ч болно. Тэд усан дор орчихож болох газар нутгаа өндөрлөг л дээ. Харин бид лавлуулаад л далайн түвшнээс доошоо байгаа хөрс шороон дахиа ашиглаж эхэлнэ шүү дээ. Уулсын чулуулаг бол чулуужсан хөрс шороо л юм. Бутлаад л, услаад л хөрс шороо л болно. Бүх газар нутаг маань бүхлээрээ далайн түвшнээс дээшээ өндөр байгаа нь тун ч их аз юм шүү. Ашгийн үүднээс ч, аюулгүйн үүднээс ч, мөнх цас, мөсөн голыг нь тооцсон ч...


Таван хошуу мал бол бэлэн хүнс ч мөн (аль ч улиралд), хүнсний нөөц ч мөн, хөлөөр нь дагуулаад аялж ч болдог, хөлөөр нь туугаад бусдад өгч ч болдог, мөн өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэж ч чаддаг, тоо хэмжээг нь байнгад нэмэгдүүлж ч болдог, ашиг шимийг нь аль ч улиралд авч болдог тун ч өвөрмөц баялаг юм.


Малаас ёстой л амьсгалаас нь бусдыг нь ашиглаж болдог. Чухам энэхүү үнэт чанарыг эрт таниад өвөг дээдэс маань мал аж ахуйд 10 гаруй мянган жил “хадагдчихжээ”. Монголчууд бид гаршуулж, гэршүүлсэн малынхаа зэрлэг амьтан байх үеийн нь нутаг, усыг дагаж, бараадаж байсныхаа ачаар Азийн зүрхнээс нүүгээд явчихаагүй юм. Ингэхлээр бид малынхаа ач, буянаар л одоо энэ их баялагтай газар нутгийн эзэн гэгдэж байгаа болно. Сонин барилдлага шүү! Далайн ус яаж ч ихэссэн гэсэн далд орчихооргүй “сэргэлэн дэнж дээр”, “уулсын оройгоор нь хөлдөөж хураасан цэнгэг усны их нөөцийн дэргэд”, “хэдийд ч бэлэн хүнс болдог таван хошуу малын эзэд” болж монголчууд бид 10 гаруй мянган жилийн туршид ташууртлаа жаргаж ч үзэж, бас тамтаггүй хүчирхэгжиж ч явж... Далайн түвшнээс өндөрт байгаа хөрс шорооны хэмжээ маань 1.531.000 х 2.5 км3 буюу 3.827.500 км3 юм. Энэ бол ойролцоогоор 4 сая километр куб гэсэн том тоо! Барж идэх баялаг, жин, хэмжээ биш! Бэлчээр, тэжээл, ус байж л байвал мал маань мөнхөд байж л байна. Энэ бол хүний хувьд ч амьдрах таатай орчин, нөхцөл юм. Хүннүчүүд (өвөг дээдэс маань) “газар нутаг бол төрийн үндэс мөн” хэмээж хамгаалж байжээ. “Миний Монголын газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг!” гэдэг үг ч бас буй. Монголчууд бидний хувьд хамгийн гол бодох, тооцох, нөөцлөх зүйлийн нэг бол цэнгэг ус юм. Цаг уур ихэд дулаарах аваас мөнх цас, мөсөн гол хайлж дуусах болно. Тэр цагт Ховд гол, Буянт гол, Гурван Цэнхэрийн гол мэтийн цас, мөснөөс эх авдаг голууд алга болно. Хавар цасны усаар, зун борооны усаар тэжээгдэж л хааяа хааяа устай, урсгалтай байх болно. Иймд эдгээр уулын гол, горхи бүхэнд боломжтой цэг бүхэн дээр нь том цөөрөм, усан сангууд буй болгох хэрэгтэй. Тэнд нөөцлөгдсөн усны хэмжээ цас, бороо, үерийн усаар нөхөгдөөд байх боломжтой. Хүн, малаа цэнгэг усаар хангаад л байх болно. Цас, бороо, үерийн усыг болж л өгвөл улсын хил дотроо л авч үлдээд байх нь чухал юм. Хөрсөн доорх усаа судалж таних, нөөцийг нь тогтоох, ихэд сайн хамгаалах хэрэгтэй. Энэ ажлын амин чухлыг засгийн газрууд одоо хэр нь сайн ойлгоогүй янзаараа л байна. Энэ бол том дутагдал, их хохирол юм шүү! Нэг сая таван зуун мянган километр квадрат талбайгаас жилийн туршид цуглуулсан цас, борооны цэнгэг ус бол байгалиас бидэнд өгч байгаа мөн ч том, мөн ч чухал бэлэг юм. Энэнийг барууныхны амладаг, хагасыг нь өөрсдөө халаасалдаг элдэв сангийн тусламжтай харьцуулахад ёстой л жинхнээрээ буцалтгүй тусламж, чин үнэн тэтгэлэг мөн.


Элдэв зүсмийн шулаачдын амладаг тэтгэлэг, тусламж бол бүгд л загасны дэгээ дэх мах, оготны хавх дахь бяслаг шүү дээ! АНУ-ын Ардчилсан гэгдэх акулуудын шидсэн дэгээг (өгөөшийг) үмхсэн Украины нялзрайхан улстөрчид улс орон, ард иргэдээ хэрхэн сүйтгэж буйг дэлхий нийтээрээ харлаа...


Ховор, нандин ашигт малтмал бүхнээ олборлоод, боловсруулаад, үнэтэй байгаа дээр нь борлуулаад, авсан орлогоо алт, мөнгө (металл) болгоод нөөцлөөд байх хэрэгтэй. Цаасан мөнгөний нөөц бол төр улсын хувьд найдвартай, баталгаатай нөөц биш. Тийм гэдгийг түүх нотолчихсон. 2-р дайны дараа Германы марк яалаа? АНУ дампуурвал доллар ногоон цаас болж л хоцорно...Билчээр сэлгэж малчид, нутаг сэлгэж шувууд, цаа буга, эрвээхэйн сүрэг, зээрийн сүрэг нүүдэг. Амьдрах, оршихуйн чухал нэгэн хэлбэр нь нүүдэл юм. Гадаад их далайд ч зарим амьтад нүүдэллэдэг. Малчдын хүнс олох хоёрдахь арга нь ан гөрөө байжээ. Энэ нь тэдний зайнаас амьтныг хөнөөх зэвсэг бэлдэхэд нөлөөлжээ. Малчид тахийг гаршуулж адуутай болсноор “бүр ч гарч өгчээ”. Хөлөг морьтой, нум сум, жад, сэлэмтэй нүүдэлчид Евразийн өргөн уудам газар нутагт, Азийн өндөрлөгт хэдэн зуундаа л өрсөлдөгчгүй аж төрцгөөжээ.



Судлаач, профессор Д.Чулуунжав