sonin.mn

АНУ-аас хэрэгжүүлж буй өндөр тарифын бодлогын эсрэг Хятадын эрх баригчид дотоод, гадаадад чиглэсэн идэвхтэй арга хэмжээг авч буй ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна.


Тухайлбал:


1) 2025 оны 4-р сарын 18-ны өдөр Хятадын Сиамэнь агаарын тээврийн компани АНУ-д захиалсан Боинг онгоцыг буцаан илгээснээр дотоодын иргэний агаарын тээврийн зах зээлээс АНУ-ыг шахан гаргах үйл явц эхлэв. Талуудын хооронд нисэх онгоц, түүний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээг нэг талын санаачлагчаар ийнхүү цуцалж байгаа нь нислэгийн аюулгүй байдалд үүсэх эрсдэлийг үл харгалзан хятадын талаас авч буй шийдэмгий бөгөөд эрсдэлтэй алхам боллоо. 


“Хятадын талын энэхүү арга хэмжээ АНУ-ын тарифын бодлогын эсрэг чиглэсэн ч улс төрийн шалтгаанаар нэгэнт байгуулсан гэрээний үүргээ зөрчиж буй нь Хятадад итгэх дэлхийн нийтийн итгэлийг бууруулж, эргэлзээ төрүүлэв” хэмээн эдийн засгийн шинжээчид дүгнэж байна.


Хятадын Сиамэнь агаарын тээврийн худалдан авахаас татгалзсан Боинг онгоцыг малайзын тал худалдан авахаар яриа хэлэлцээг эхлүүлээд байгаа бөгөөд яг одоо Энэтхэгт айлчлал хийж буй АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вейнс Боингийн зах зээл дээрх Хятадын орон зайг Энэтхэгээр орлуулахаар ажиллаж байна.


2)АНУ-ын тарифын бодлогод хамгийн ихээр өртөж буй Хятадын дараагийн том салбарт нийлэг эдлэлийн үйлдвэрүүд багтаж байна. Энэ салбарт дэлхийн зах зээлийн 30-аас дээш хувийг дангаараа эзэлдэг Хятадын үйлдвэрүүд гол түүхий эд буюу propane-ий 60 хувийг АНУ-аас импортолдог. Харин тариф нэмэгдсэнээр propane-ий үнэ “тэнгэрт хадаж”, Хятадын дотоод дахь нийлэг эдлэлийн үйлдвэрүүд олноор үйл ажиллагаагаа зогсоож байна.


3)2025 оны 4-р сарын 15-18-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Си Зиньпин Вьетнам, Камбож, Малайз зэрэг Зүүн Өмнөд Азийн улс орнуудад айлчлал хийхдээ, “Хятадын аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг АНУ-ын тарифт үл өртүүлэх буюу үйлдвэрийн эх үүсвэрийг халхавчилж, өөр улс орнуудаар дамжуулан барууны зах зээлд гаргах” гол зорилгыг өвөртөлсөн. Ялангуяа нарны хавтан, литийн батарейн үйлдвэрлэл үүнд хамаарч буй юм.


Харин АНУ-ын Худалдааны яам Си Зиньпин-ий айлчлалын дараа буюу 2025 оны 4-р сарын 21-ний өдөр Камбож, Вьетнам, Малайз, Тайландын нарны хавтан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тарифыг 35 дахин нэмэгдүүлж буйгаа зарлав.


Үүний дараахан Вьетнам, Камбож зэрэг улс орнууд АНУ-тай тарифын хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа мэдэгдэж, “үйлдвэрийн эх үүсвэрийг халхавчлах” оролдлогын эсрэг хатуу тэмцэхээ зарласан нь дээрх улсуудад хийсэн Си Зиньпин-ий айлчлалыг “үр дүнгүй” болгоход хүргэв.


4)Сүүлийн өдрүүдэд Д.Трампын зүгээс “Хятадад чиглэсэн тарифыг багасгах, талууд харилцан буулт хийх, хамтран ажиллах боломжтой” зэрэг мессежийг өгөх болсон нь “Америк, Хятадын худалдааны дайн”-д эерэг өөрчлөлт гарч болзошгүй гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Гэвч хятадын талаас тодорхой хариу өгөөгүй буюу олон нийтэд мэдээлээгүй, түүнчлэн яриа хэлэлцээ хийгдлээ ч богино хугацаанд, нааштай үр дүнд хүрэх магадлал багатай байна.


дүгнэлт:


Д.Трампын засаг захиргаанаас дэлхийн улс орнуудад тавьсан өндөр тарифын бодлогын эсрэг Хятадын эрх баригчид шийдэмгий хариу арга хэмжээ авахаа зарлаж, тодорхой алхам хийж эхэлсэн нь аль аль талд хохирол учруулахаар байгаа юм. Талуудын хооронд өрнөсөн “Худалдааны дайн” гаалийн тарифыг урьд өмнө байгаагүй хэмжээнд өсгөж, эргэн тойрны улс орнуудыг түрүүлж өөртөө татах идэвхтэй дипломат тактикт шилжихэд хүргэв.


Тухайлбал, Хятадын нөлөөний улсууд гэгддэг Зүүн Өмнөд Азийн улс орнуудад хийсэн Си Зиньпин-ий айлчлал нь дээрхийн илрэл ч АНУ-аас хэрэгжүүлж буй идэвхтэй бодлогын үр дүнд “зогсонги” байдалд ороод байна.


Вьетнамын эрх баригчид “Америк, Хятадын худалдааны дайны үед аль нэг талд үл орохоо илэрхийлсэн”-ий зэрэгцээ “үйлдвэрийн эх үүсвэрийг халхавчлах”-ын эсрэг шийдэмгий арга хэмжээ авахаа зарлаж, америкийн талтай яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн зэрэг нь Хятадад ашиггүй тусч байна. Хятадын талаас АНУ-ын Боинг компанитай байгуулсан гэрээгээ цуцалж эхэлсэн, нийлэг эдлэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож буй зэрэг нь Хятадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байна. Иймд манай улсын хувьд цаашид дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй. Үүнд:


  • Хоёр тал худалдааны дайнд аль нэг улс орныг өөртөө татах, мөн зорилгоор улс төр, дипломат, эдийн засгийн дарамт шахалтыг хүчтэй үзүүлэх;
  • Хятадын зүгээс “үйлдвэрлэлийн эх үүсвэрийг халхавчлах” бодлогыг хөрш улс орнуудад “тулгах”, түүнд манай улс өртөх;
  • Нийлэг эдлэлийн нийлүүлэлт хомсдох нөхцөл байдал үүсэх магадлалтай тул энэ чиглэлийн бараа бүтээгдэхүүнийг нөөцлөх зэрэг болно.


Сүүлийн үед америкийн талын хандлагад зарим нааштай өөрчлөлт орж буй ч хоёр талын “Худалдааны дайн”-ыг богино хугацаанд зогсоох, тарифын өсөлт буурах магадлал бага байна.



Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв