
ВИЛЬНЮС, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /Delfi/. Явган цэрэг эсэргүүцэх мина үйлдвэрлэх, хадгалах, ашиглахыг хориглох тухай Оттавагийн конвенцоос Латви улсыг гаргах тухай хуульд тус улсын Ерөнхийлөгч Эдгарс Ринкевичс гарын үсэг зуржээ. “Бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл эрс өөрчлөгдөж байгааг харгалзан үзвэл Латви улсын хувьд аливаа аюулын эсрэг уян хатан, үр дүнтэй арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлэх, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, тогтоон барих чадавхаа бэхжүүлэхийн тулд төрөл бүрийн зэвсэг хэрэгслүүдийг ашиглах боломжтой байх нь чухал” гэж хуулийн төслийн тайлбарт дурдсан байна.
Явган цэргийн эсрэг минаг бусад төрлийн зэвсэглэлтэй хамт ашиглах нь батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх бөгөөд тэдгээрийг орлох өөр шийдэл одоогоор байхгүй гэж Латвийн эрх баригчид үзэж байгаа ажээ.
Үүний сацуу тус улс “цэргийн ажиллагааны улмаас энгийн иргэдэд учрах хохирлыг багасгах, олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх” үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ гэдгийг дурдсан байна. Өмнө нь Латвийн Сейм буюу парламент тус улсыг Оттавагийн конвенцоос гаргах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгээр баталжээ. Балтын тэнгисийн тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Латви тус гэрээнээс Польш, Эстони улсуудтай нэгэн зэрэг гарна гэж найдаж байна.
Латви, Литва, Польш, Эстони улсын батлан хамгаалахын сайд нар гуравдугаар сарын 18-нд хамтарсан мэдэгдэл гаргаж, улс орныхоо удирдлагуудад Оттавагийн конвенцоос гарахыг зөвлөмж болгожээ.
Сайд нарын мэдэгдсэнээр, ОХУ болон Беларусьтай хил залгаа НАТО-гийн гишүүн орнуудад учрах цэргийн аюул мэдэгдэхүйц нэмэгдсэн нь ийм алхам хийх үндэслэл болсон байна. Явган цэрэг эсэргүүцэх мина ашиглахыг хориглох тухай Оттавагийн конвенц 1999 оноос хэрэгжиж эхэлжээ. Уг конвенцод 164 орон нэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0