sonin.mn

Нийслэлийн прокуророос “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ”2025 оны 4-р сарын 11-ний өдөр Монгол Улсын ЗГХЭГ-аас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн.

 

Уг мэдээллийг АТГ болон УЕП-ын газарт ирүүлсний дагуу 2025 оны 4-р сарын 17-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр ирүүлсэн. 


Уг тогтоолын дагуу нийслэлийн прокурорын газар хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, 22.10-д заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж магадгүй гэдэг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд явж байна.  


Одоогоор тус хэлтэс дээр хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 


Ямар нөхцөлд хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгадаг гэхээр хэд хэдэн байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх үед шалгадаг. Улмаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улмаар Улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулаад өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна. Өнөөдрийн байдлаар хэрэгт нотолбол зохих байдлыг шалгах тогтоох зорилгоор мөрдөх ажиллагааг явуулж байна. 


Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тухайн хэрэгт буруутай этгээдийг яллагдагчаар татах зарчимтай. Өнөөдрийн байдлаар уг хэрэгт хэн нэгэн хуулийн этгээд, хувь хүнийг холбогдуулж татаагүй байна.


Хуулинд зааснаар мөрдөн байцаалтын явц, үр дүн, төлөвлөлтийн талаар нууцалдаг. Үүнээс үндэслээд тухайлсан хувь хүн, хуулийн этгээдийг нэр зааж хэлэх боломжгүй. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа нотлох баримт дээр үндэслэн яллагдагчаар татна. Тодорхой хүмүүс, хуулийн этгээдүүдийг шалгаж байна. Гэхдээ тоо зааж хэлэх боломжгүй. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учир бид нууцлалыг хангах ёстой” гэв.



С.Хулан