sonin.mn

Хууль, шударга ёсыг сахиулах тухай


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа 


Ц.Элбэгдоржийн "Хуулийн хонгил"-ын үед эрүүдэн шүүгдэж, хилс хэрэгт ял шийтгүүлж хохирсон Монгол Улсын 47 иргэн, тэдгээрийн гэр бүл, төрөл садангийн 800 иргэн нэгдэж, энэ гэмт хэргийн гол зохион байгуулагч, эрүүдэн шүүх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн Алтан Батын Хурц гэгч этгээд Тайваньд дипломат статустайгаар томилогдох гэж буйг эсэргүүцэж энэ захидлыг өргөн барьж буйг хүлээн авна уу. Хохирогч иргэд бид нэгдэж "Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо" ТББ-ыг байгуулж, "Хуулийн хонгил"-д эрүүдэн шүүгдэж, хилс хэрэгт ял шийтгэгдсэн иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, ийм алдаа завхрал дахин гарахгүй байхад чиглэгдсэн үйл ажиллагaaг Үндэсний болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа болно.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын зүгээс Хууль, шударга ёсыг тогтоох галаар ихээхэн хүчин чармайлт гаргаж буйн үр дүнд Ц.Элбэгдорж. Б.Хурц нарын үед хэлмэгдсэн иргэд олон нийт, хуулийн байгууллагад хандаж, бодит үнэн нийгэмд ил болсоор байна.


Эдгээр иргэдийн ярьсан зүйлс, гаргасан баримтуудаас үзэхэд тухайн үед олон иргэнийг аймшигтайгаар хохироосон гол хүн нь АТГ-ын Дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж асан Бат овогтой Хурц гэгч болох нь нэгэнт тодорхой болсон. Энэ хүний төрийн албаны замналын бодит түүх, хүртсэн генерал цолны нэр хүнд, үйлдсэн хэрэг, ёс зүйгүй, увайгүй байдлын талаар ард нийтээрээ үзэн ядаж, жигшин зэвүүцэж, шударга ёсыг хүсэн хүлээж байгааг Эрхэм Ерөнхийлөгч Та ард иргэдийнхээ санал бодлоос харж болно, Эрүүдэн шүүгдэж, хэлмэгдсэн иргэдийн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий байхаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт" сэдэвт Хяналтын сонсголын дүнг үндэслэн УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр "Хяналтын сонсголыг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 09 тоот тогтоолыг гаргасан билээ.


Уг тогтоолд заасны дагуу улс төрийн болон бусад ашиг сонирхлын үүднээс эрүүдэн шүүгдэж, хилс хэрэгт хэлмэгдсэн талаар тодорхой баримт бүхий өргөдөл гомдол гаргаж буй иргэдийн хүсэлтийг шалгаж нягтлах ажил явагдаж байна.


Гэтэл, маш олон иргэнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж амь амьдралаар нь тоглосон, 3 шатны шүүхээс иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгтээ хорих ял шийтгүүлсэн ялтан Б.Хурцыг Тайваньд суух Монгол Улсын Төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат эрх ямбатай албан тушаалд томилох гэж байгаад бид үнэхээр харамсаж бас бухимдаж байна. 


Дээр дурдсанчлан, Монгол Улсын Их хурлаас бидний асуудлыг анхааран үзэж нягтлах үйл ажиллагаа дуусаагүй байхад, гол буруутан болох Б.Хурцыг өндөр албан тушаалд томилж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж иргэдээ ялгаварласан, хохирогч биднийг басамжлан доромжилсон үйлдэл гэж үзэж байна.


Энэ этгээд бусдыг эрүүдэн шүүж, шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэргээ Төрийн даалгавраар үйлдсэн мэтээр олон нийтийн хэрэгслээр зарлаж буйг юу гэж ойлгох вэ? Монгол Төр иргэдээ эрүүдэн шүүж тамлах, зохиомол хэрэгт хилсээр яллах даалгаврыг Б.Хурц мэтийн бусармаг этгээдүүдэд өгдөг болсон юм уу? 


Эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын үйлддэг гэмт хэргийн хамгийн жигшүүрт хэлбэр болох Эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, өмнө нь БНСУ-д томилогдоод тухайн улс нь хүлээж авахаас татгалзсан этгээдийг улс орноо төлөөлүүлэн дипломат статустайгаар гадаад улсад томилох нь тухайн орноо үл хүндэтгэсэн, улс хоорондын дипломат ёсонд үл нийцэх үйлдэл билээ. 


Иймд, Монгол Улсын иргэн 47 хохирогч болон тэдний гэр бүлийн 800 шахам иргэд бид нэгдэн дараах шаардлагыг Эрхэм Ерөнхийлөгч Танд хүргүүлж байна:


  1. Бат овогтой Хурцыг Тайваньд Төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох шийдвэрийг яаралтай нягталж, хууль, шударга ёсонд нийцүүлэн хүчингүй болгох 
  2. Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дэх хэсгийг (...ял шийтгүүлсэн бол цэргийн цолыг хураана") үндэслэн Б.Хурцад олгосон "Хошууч генерал" цолыг ураах шийдвэрийг тус тус гаргаж, хууль, шударга ёсыг сахин хамгаална уу.


Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. 



ЭРҮҮДЭН ШҮҮЛТ, ХЭЛМЭГДҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО