ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /FT/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Хятадын өндөр албан тушаалын төлөөлөгчийг илгээхээр шийдвэрлэсэн тухай Их Британийн "Financial Times" сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ.
Эх сурвалжуудын хэлснээр, Хятадын төлөөлөгчид Д.Трамптай хэлэлцээ хийх бөгөөд тангараг өргөх ёслолд Хятадын дэд дарга Хань Жэн эсвэл Гадаад хэргийн сайд Ван И нарын аль нэг нь оролцож магадгүй байна.
Америкийн тал Хятадын Коммунист намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Цай Циг илүү нөлөө бүхий хүн гэж үзэн ёслолд оролцохыг санал болгосон гэж эх сурвалжууд ярьжээ. Нэгдүгээр сарын 20-нд болох тангараг өргөх ёслолд Д.Трамп Хятадын удирдагч Ши Жиньпинийг урьсан тул зочны зиндаа Вашингтоны хувьд маш чухал юм. Өмнө нь Америкийн Ерөнхийлөгч нарын тангараг өргөх ёслолд Хятадын Элчин сайд нар оролцож байсан юм.
"Хятадын тал шинэ засаг захиргаатай харилцаагаа зөв голдирлоор эхлүүлэхийн тулд зохих дээд түвшинд төлөөлөгчөө илгээх ёстой" гэж FT-ийн эх сурвалжийн нэг хэлсэн байна.
Вашингтон дахь Хятадын элчин сайдын яам болон Д.Трампын ойрын хүрээний хүмүүс дээрх мэдээлэлтэй холбогдуулан тайлбар өгөхийг хүссэн "Файнэншл Таймс" сонины тавьсан хүсэлтэд хариу өгөхөөс татгалзжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Дональд Трамп хятадын хулхи бараанд өндөр татвар оногдуулна гэж хэлсэнд Ши Жинпин маш их гомдсон бололтой.