sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /CNN/. 100 насандаа таалал төгссөн АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картертай салах ёс гүйцэтгэх ёслол нэгдүгээр сарын 9-ний пүрэв гарагт Вашингтон дахь Үндэсний сүмд боллоо. Ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцож үг хэлсэн байна. Түүнчлэн тус улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Билл Клинтон, бага Жорж Буш, Барак Обама, Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп нар оролцжээ.


Энэ бол маш ховор тохиолдол бөгөөд 2018 оны 12 дугаар сард эцэг Бушийг оршуулах ёслолоос хойш ерөнхийлөгчийн клуб хэмээгддэг энх тунх байгаа ерөнхийлөгч нар анх удаа нүүр тулан уулзлаа гэж CNN суваг мэдээлжээ. 


Үүнээс зургаан жилийн дараа клубийн уур амьсгал таагүй болсон юм. Дөрвөн жилийн өмнө ялагдал хүлээснээсээ хойш улс төрд эргэн ирж, удахгүй тангараг өргөх гэж буй Д.Трампыг ерөнхийлөгчийн албыг хашиж байсан эрхмүүд шууд болон шууд бусаар эсэргүүцэж байлаа.


"Орчин үеийн түүхэнд Кеннедигээс хойш эдгээр хүмүүсийн хооронд ийм зөрчилдөөнтэй үе байгаагүй нь лавтай" гэж "Таван хүний баг: Трампын эрин үеийн ерөнхийлөгчийн клуб" номын зохиогч Кейт Андерсон Броуэр хэлж байлаа. 


Үүнээс гадна, Д.Трамп болон түүний дэд ерөнхийлөгч асан Майк Пенс нар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа уулзжээ. Д.Трамп сүмд М.Пенстэй гар барьсан гэж Reuters агентлаг мэдээлсэн байна. 2017-2021 он хүртэл үргэлжилсэн Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш тэдний харилцаа муудсан юм.


Энэ хугацаанд М.Пенс Д.Трампад үнэнчээр зүтгэсэн боловч 2020 оны сонгуульд Трамп ялагдсаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг цуцлахаас татгалзсан юм. М.Пенс мөн 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампыг дэмжээгүй байна.


Өнгөрсөн оны сонгуульд Д.Трампад ялагдсан АНУ-ын одоогийн дэд ерөнхийлөгч Камала Харрис салах ёс гүйцэтгэх ёслолд мөн хүрэлцэн иржээ. Түүнчлэн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Ж.Картерын дурсгалыг хүндэтгэхээр хүрэлцэн ирсэн байв. 


Салах ёс гүйцэтгэх ёслол дууссаны дараа Ж.Картерын шарилыг Плейнс хотод 2024 онд 96 насандаа таалал төгссөн эхнэр Розалинных нь дэргэд оршуулсан байна.  


39 дэх Ерөнхийлөгч Ж.Картерыг оршуулах төрийн ёслолын хүрээнд болсон гашуудлын арга хэмжээ нэгдүгээр сарын 5-нд АНУ-д эхэлсэн юм. Ёслол нэгдүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд Ж.Байдены зарлигаар энэ өдрийг амралтын өдөр болгожээ. 


Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ" агентлаг