sonin.mn

-Хэрэв эх орноо аврая гэж байгаа бол!

 

МОНГОЛ ХҮН-тэйгээ ажиллаагүй, ажилладаггүй, ажиллах ч зориг зүрх байхгүй гэж би улс төрчдөө шүүмжилдэг. Худлаа биш. Монгол Улсад учирсан бүх гай зовлон (жагсаавал маш их зовлон байна) хэний бүтээл вэ? Хэдхэн улс төрчид, олигархи, баячууд гэж чичрэн дайрдаг бол тэдэн дээр монголчууд өөрсдийгөө нэмж нэрлэ хэмээн би бичдэг, уриалдаг.


Ерөөсөө энэ бүх гай зовлонг МОНГОЛ ХҮН л тарьсан, ургуулсан, буй болгосон. Нийслэлээр аваад үз.


Нийслэлийг амьдын там болгосон тухай тоо баримт, үглээн дуулаан, шүүмжлэл доромжлол эрүүл ухааны хязгаарыг давсан тул би давтаж бичихгүй. УИХ дээр өвөлжин ярилцах өргөн хүрээтэй сонирхолтой сэдэв. Зовлон нь их учраас цаг наргүй ярьцгаах биз. Улс төрчдийнхөө нүдийг сайн ухсаар Цагаан сартайгаа золгоод цаашаа ирэх 2025 оны 12 дугаар сарыг хүртэл мартагдана. Мартахаас нь өмнө би үзэл бодлоо ил гаргаж хөзрөө дэлгэж байгаа нь энэ болно. Номын садангаасаа эхлээд эшлэл авъя.

 

Хэн ч хүлээн зөвшөөрнө дөө. Бүх тамын 90 хувь нийслэлд бугшсан. Нийслэлдээ ирж шавчихаад, бүх гай зовлонг өөртөө өөрсөддөө зориулж бий болгочихоод тэр зовлонтойгоо тэмцэн тэлчлэн ядаж байгаа МОНГОЛ ХҮН л тэр их тамыг бүтээсэн. Тиймээс өөрийн бүтээлийнхээ хариуцлагыг хүлээх учиртай, ёстой. Хэн зовлон тарьсан, тэр зовлонгоо өөрийн биеэр гэтэлгэх ёстой. 


Гарчигт хатуухан хэллээ. Ардчилал, хүний эрх гэж гонгинох, “1990 он”-ыг эргэж ноцож гутаахыг чинь ойлгож байна. Гэхдээ өөрсдийгөө гомдоохоор “нүгэл” өөрсдөө үйлдчихсэн учраас гомдож гомдоож байж л цаана нь гарна.


Цаана нь гарна гэдгийг эхлээд нийслэлээ аварна, нийслэлийн иргэдийг үхэл ба өвчнөөс аварна, том утгаар эх орноо аварна гээд сэтгэчих. Тэгээд сэтгэлээ жигүүрлэчих. Гомдох, гомдоох. Юу хэлээд байгаа юм. Нийслэлийн хүн амыг тал хувиар, эсвэл гуравны хоёроор хорогдуулж багасгахгүй бол энэ нийслэл ойрын арав, хорь, гучин жилдээ өөдлөхгүй нь харагдаж байна. Иймд нийслэлд бүгсэн иргэдийн ихэнхийг төрөлх аймаг сум руугаа нүү, эсвэл бүсийн хөгжлийн төвүүдийг бараад гэж албадаж явуулахыг хэлж байгаа юм. Гомдох уу гомдоно, гомдолтой юу гомдолтой. Тэгэхдээ өөр арга алга. Бүх арга мухардсан. Нийслэлийн хэт төвлөрлийг задлах анхны алхмууд хийгдэж байгаад Төр ташуур өгч нэгдсэн бодлогоор дэмжье.


Дархан-Сэлэнгэ бэлээхэн дэргэд чинь, төмөр замын дагуу хөгжлийн шинэ төв хаалгаа нээж байна. Сэлэнгэ аймгийг тэр чигт нь фермерийн аймаг болгоод газар тариалан–мал аж ахуй хослуулчихна гэхэд лав нэг сая МОНГОЛ ХҮН-ийг шингээх орон зай байна. Бэлэн дэргэд чинь байна, улаанбаатарчууд аа!

 

Тэр их халамжийн мөнгө, халамжийн бодлогоо аймгуудад шилжүүлээд төвлөрүүлчих. Эхний ээлжинд Дархан ба Сайншанд руу төвлөрүүлнэ ч гэх юм уу. Хэнтий аймгийг үлгэр жишээ, жишиг аймаг болгоё гэж би дээхнэ бичиж байсан. Тэр санаагаа орхиогүй. Нийслэлд халамжийн бодлогоо шал өөр болгоё. Хийсэн бүтээсэн, эх орноо хөгжүүлсэн, монгол хүнээ хөгжүүлсэн, оюун тархиа дайчилсан, нийгмийг урагш ахиулахад хувь нэмрээ оруулсан, ядаж зөв амьдарсан (сахилга бат) хэмээн өндөр босго, шалгуур тавьчихъя. Босго давж чадахгүй нь гомдог, хохь нь. Нутгаа бараадтал нь гомдоочих!


Захиргаадалт гэж зөөлрүүлэх хэрэггүй. Түгжрэл гэж явцууралгүй утаа, орчны бохирдол (экологийн терроризм!), арчаагүй үхээнц аж төрөл, ажил хийхгүй амьдраад болоод байдгуудад эрс тэс, хайр найргүй хатуурхахаас өөр гарцыг би олж харахгүй байна.


Яагаад? Өнгөрүүлсэн 35 жил чинь дэндүү хайран! Эрх чөлөөг нь гарт нь атгуулчихаад байхад үхсэнээ хийж сул дэл явж, ердөө идэж ууж, бааж шээж, унтаж, зурагт үзэж, гар утас маажиж, хов ярьж, сул дэл тэнэж, уран сайхандаж явсныхаа горыг амсаг.


Ажлын байранд тэнцэхгүй болтлоо, ажил хөдөлмөр хийх хүсэлгүй болтлоо сэлгүүцлээ. Нийслэлээр дүүрэн эмзэг бүлэг. Тэнэгтэж илжирснээ одоо амсаг. Гомдолтой байна уу, нүцгэн үнэн чинь энэ шүү дээ. Монголын нийгэм сайхан сэтгэлтэй тэнэгүүдээр дүүрч болохгүй. Нэг хэсэгтээ цэвдэг сэтгэлтэй ухаантнуудаар дүүрэг.

 

Тэнэглэлд хязгаар байдаг юм. Гучин хэдэн жил тэнэгтлээ. Олуулаа нийлж дарвиж тэнэгтлээ. Төр нь тэнэгтүүлэхэд нь халамжийн бодлогоор ташуур өглөө. Одоо ч ташуур өгөхөд (мөнгө тараах, одон тэмдэг тараах гэх мэт) бэлэн байна.

 

Болих цаг болоогүй юү? Гомдоох нэгнийг нь гомдоогоод улс эх орноо үтэр түргэн өөд нь татахгүй бол дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй шүү. Хөгжлийн хурдны зууны хөлд нийгмийн халамжтайгаа, “100 жил”-ийн ойнуудтайгаа, энэ их бялхсан одон тэмдэг, гавьяатуудтайгаа, ядууралтайгаа арчигдах нь юуны сайхан байх вэ? Сэтгэцгээ! Нийслэлийн тамыг улс нийтээрээ, 21 аймаг, Дархан, Эрдэнэт, Ханбогдтойгоо нийлж арилгах сүүлчийн мөч ирчихээд байна! Магадгүй энэ 2025 онд?

  

Д.Баярхүү