sonin.mn

Нэрт нийтлэлч, улс төр, нийгмийн зүтгэлтэн Баабар буюу Батжаргалын Батбаярын 70 насны ой тохиолоо.


Энэ тухай МСДН-ын дарга А.Ганбаатар : "Улаанхүү найз маань утасдаж байна. Тэрээр Баабарын 70 насны найр хуримд уригдсан уу гэнэ. Үгүй л гэлээ. Мань хүн их гомдолтой байх шиг. Би ч элдвийг бодоогүй байтал интернет сошиалын нэг алиа салбадай Баабарын 70 насны нижгэр найранд орсон тухайгаа бахархан бичсэнийг үзээд хор шар хөдлөв. Улаанаагийн гомдох нь ч аргагүй юм гэж бодлоо. 

1989 оны сүүлчээр АСХ байгуулагдаж байх үед Улаанхүү маань Баабарыг авчирч бидэнд танилцуулж байсан юм. Ламжав багш, Улаанхүү, Хатанбаатар болон би гээд АСХ, МСДН-ын суурийг тавьж байгуулсан хэдэн нөхөд байдаг. Бид Баабарыг алга ташин хүлээн авч өөрсдийн хүрээлэлдээ оруулаад зогсохгүй МСДН-ын даргаар сонгож байлаа. Баабарын үзэл бодол, тогтолцооны өөрчлөлтийн санаанууд шинэ МУ-ын хувьд чухал үүрэг гүйцэтгэснийг хэн хүнгүй л мэднэ. 


Гэхдээ бидний байгуулсан АСХ байгаагүй бол Баабар маань яах байсныг таамаглах аргагүй. АСХ, МСДН-ыг Баабар дангаараа биш, бид хамтдаа байгуулсан юм. Хэрэв Баабар дангаараа нам байгуулсан бол тэр нь яавчиг социал демократ биш харин либерал, бүр либертар чиглэлийн нам байх байсан. 


Бидэнд Баабар шиг хүн хэрэгтэй байсан бол Баабарт бид хэрэгтэй байсан. Гэтэл АСХ, МСДН-ыг Баабар байгуулсан, ардчилсан хувьсгалыг Баабар хийсэн гэх мэтээр бялдуучлан сурталчлах болов. Уул нь АСХ-ний жинхэнэ үндсийг тавьсан хүн бол Ламжав багш, амьд хөдөлгөөн болгосон хүн бол Улаанхүү, социал демократ чиг зорилгыг тодорхойлсон хүн нь бол би гэж хувьдаа боддог юм. 

Баабар бол гүн сэтгэгч, эрх чөлөөний үзэлтэн, социалист нийгэмд диссидент буюу системийн эсрэг тэмцэгч нэгэн байсан. Би хувьдаа Баабарыг Чехословакийн диссидент Вацлав Хавелтай зүйрлэж боддог юм. Хавелийн бичсэн нийтлэлүүдийг уншиж, орчуулж байхад түүний бичвэрийн хэв маяг, агуулга зэрэг нь Баабарынхтай нэн төстэй санагддаг байв. 1989 оны 12 сард Чехословакийн сөрөг хүчин Хавелийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн ялалт байгуулсан байдаг. Ийнхүү улс төрийн хоригдол, эсэргүү Хавел социалист Чехословак улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор тогтолцооны өөрчлөлт буюу чехэд “хилэн хувьсгал” ялах эхлэл болсон юм. Чехэд болсон “хилэн хувьсгал”-ын үйл явцын тухай Хавелийн бичсэн “Сизифийн чулуу” , “Үзэн ядах үзлийн анатом” зэрэг нийтлэлийг орчуулан нийтлүүлж байлаа. Тэрээр Хавел хувьсгалын үйл хэргийн тухай бичихдээ БИ ингэсэн тэгсэн гэж нэг ч бичээгүй, харин бид ялсан, бидний ялалт хэмээн онцолсон байдаг.


Баабарын хамгийн ойрын хамтрагч төрийн соёрхолт Цэнддоо гуай “Баабарын сургууль” нэртэй нийтлэл бичиж түгээснийг уншаад нөгөө соц ком нийгмийн үеийн нэг хүнийг тахин шүтэх үзэл эргээд сэргэж буй мэт санагдав. АСХ, МСДН-ыг байгуулж байх үед Цэнддоогийн сураг нь ч байгаагүй. Тиймээс АСХ, МСДН-ыг Баабар байгуулсан, ардчилсан хувьсгалын оюун санааны удирдагч нь Баабар байсан, 2000-2004 онд ганцаараа сөрөг хүчин байсан гэх зэрэг МАХН-ыг нартай зүйрлэж байсан шигээ нэг хүнийг бурханчилж болохгүй ээ. Энэ бичвэрийг нь Баабар уншсан, уншаад ичиж улайсан гэж бодож байна. 

Би Баабартай гайгүй дотно харилцаатай, ойр ойрхон уулзалддаг юм. Би үүнийг найз нөхрийн хувьд бичиж байна. АСХ, МСДН-ыг үүсгэн байгуулалцсан Ламжав, Улаанхүү, Хатанбаатар бид нарын хэн нь ч шинэ цагийн баяд ноёд дээдсийн хүрээлэлд багтдаггүй ч жирийн бөгөөд сайн сайхан амьдарцгааж л байгаа. Биднийг мартаж болох ч хамтдаа явсан цаг үеэ бүү мартаарай." гэжээ.