ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /DW/. АНУ-ын Массачусетс муж улсын Агаарын цэргийн үндэсний гвардын албан хаагч 22 настай Жек Тейшейрад Пентагоны нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг задруулсан хэргээр мягмар гарагт 15 жилийн хорих ял оноожээ.
Эрх баригчдын мэдээлснээр, Ж.Тейшейра эхлээд өөрийн нэвтэрсэн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг шивж, дараа нь “Нууц”, “Маш нууц” гэсэн бичиг бүхий файлуудын зургийг бусадтай хуваалцаж эхэлсэн байна.
Мөн электрон төхөөрөмжүүдөө байшингийнхаа хажуугийн хогийн саванд хаяж, өөрийн үйлдлээ нуун далдлахыг оролджээ. Шүүхийн байранд улбар шар өнгийн комбинзон өмсөж ирсэн Ж.Тейшейра яллагдах үедээ ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй байна. Тэрбээр Тагнуулын тухай хуулийн дагуу үндэсний батлан хамгаалахын мэдээллийг санаатайгаар хадгалж, дамжуулсан зэрэг зургаан зүйл ангиар гэм буруутай гэдгээ энэ оны эхээр хүлээжээ.
Ж.Тейшейра шүүгчийн өмнө хэлэхдээ, хохирол учруулсандаа уучлал хүссэн байна. “Миний бие өөрийн гаргасан алдааг ухамсарлаж байгаа бөгөөд ямар ч ял шийтгэл ногдуулсан хүлээн зөвшөөрч байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Украинд зэвсэг нийлүүлэхтэй холбоотой зарим баримт бичиг 2023 онд алдагдсан нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн их хохирол учруулсан хэрэг байв. Энэ хэрэг явдал нь өндөр зэрэглэлийн нууцлалтай баримт бичгийг хамгаалахтай холбоотой шүүмжлэл дагуулснаар Жо Байдены засаг захиргаа дипломат болон цэргийн үр дагаврыг арилгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Ж.Тейшейрад ял оноосны дараа дараа АНУ-ын прокурорын үүрэг гүйцэтгэгч Жошуа Леви хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ж.Тейшейра “хууль тогтоомж зөрчиж, хор хохирол учруулсныхаа төлөө маш өндөр төлөөс төлж байна” гэлээ. “Нууцын зэрэглэлтэй мэдээллийг хууль бусаар тарааж, үндэсний аюулгүй байдалд санаатайгаар заналхийлсэн хэнбугай ч бай ноцтой шийтгэл авах болно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Америк айлын хаалгаар зөвшөөрөлгүй хүч түрэн орж ирсэн урилгагүй зочныг гэрийн эзэн буудан хороох эрхтэй байдаг. Тэгвэл америк улсын хилээр зөвшөөрөлгүй хүч түрэн орж ирсэн урилгагүй дүрвэгсдийг буудан хороож болох эрх байх ёстой.