sonin.mn

БАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд санхүүгийн зорилтуудыг тодорхойлох нь Азербайжанд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын дээд түвшний уулзалтаар хэлэлцэх гол асуудлуудын нэг юм.


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурал (COP29) Азербайжан улсын нийслэл Баку хотноо даваа гарагт, бага хурлын хүрээнд хоёр өдөр үргэлжлэх дэлхийн улс орнуудын удирдагчдын дээд түвшний уулзалт мягмар гарагт эхэллээ. 


Энэ онд COP29 бага хурлын үеэр хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх шинэ зорилтуудыг дэвшүүлэхээр төлөвлөж байна. Арлын орнуудын удирдагчид тус бага хуралд оролцогчдод хандан эргийн элэгдэл болон бусад асуудлын улмаас уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий болоод байгаа улс орнуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалжээ. Тухайлбал, Мальдив улсын Ерөнхийлөгч Мохамед Муиззу мэдэгдэхдээ, тус улсын өмнөө тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухамдаа санхүүгийн бэрхшээл саад болж байна гэв. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хэдэн тэрбум бус харин их наядаар хэмжигдэх хөрөнгө мөнгө шаардлагатай байна гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна.


Харин Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгдэхдээ, Европын Холбоо их хэмжээний мөнгө олгосон гэдгийг дурдаад, донор орнуудын баазыг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн нь битүүхэндээ Хятад, Энэтхэг хоёрыг дурдсан бололтой. 


АНУ шиг томоохон донор орнууд хандиваа түр зогсоох вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа энэ үед санхүүгийн шинэ зорилтуудын талаар тохиролцоно гэж уулзалтад оролцогчид найдаж байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээ авахыг дэмжихгүй байгаа юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг