sonin.mn


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн асуудлаар сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш нарт танилцуулах уулзалт өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож,мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасанбайдаг. Монгол Улсын

ЕрөнхийлөгчЦ.Элбэгдоржийн санаачилсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн санг бий болгох, санхүүгийн дэмжлэгийг томъёолсон  загварчлалаар төсвөөс олгож байх үзэл баримтлал “Төсвийн тухай” шинэ хуульд үндсэндээ туссан. Эдгээр арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий шинэтгэл өөрчлөлтийн эхлэлийг тавьж байна.

Төсвийн тухай шинэ хуульд иргэдийн оролцооны талаар бие даасан зүйл оруулж,“...Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна. ...гарсан саналыг иргэдийн Нийтийн хурал хэлэлцэн,тэргүүлэхач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно. Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглох...”гэх зэрэг заалт тусгасан нь төсвийн менежментэд иргэдийн оролцоог баталгаажуулсан бодлогын шинэлэг чухал арга хэмжээ болсон юм.

Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай шинэ хуульд тусгагдсан үзэл санааг бодит ажил хэрэг болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг” батлах тухай зарлиг гаргалаа.

Бодлогын баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар олон нийтийн хэлэлцүүлэгт оруулан саналыг нь авч тусгасан бөгөөд саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтын үеэр иргэд, олон нийтэд танилцуулсныг иргэд ихээр дэмжин хүлээж авсан. 

Иргэний оролцоо үгүй иргэний нийгэм гэж байхгүй. Энэхүү бодлогын баримт бичгийн зорилго нь нэг талаас иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн бүхий л төлөөлөл хамтран зөвшилцөх замаар өөрсдийн шууд оролцоотойгоор орон нутгийнхаа түвшинд шийдвэр гаргах, мөн төрийн шийдвэр гаргах явцад тодорхой хүрээнд, тогтсон дүрэм журмын дагуу оролцох, үйл ажиллагааг хянах нөхцөл бололцоог бүрдүүлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд иргэдийн оролцооны соёлыг хүлээн зөвшөөрөх хууль эрх зүйн хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа төр нь иргэдийн саналд тулгуурлан хамтран хэлэлцэж шийдвэр гаргаж хэвшүүлэхэд оршино.

Ингэснээр иргэдийн оролцоо зөвхөн хуулийн заалт төдий тунхаглал биш, харин ардчиллын чанарын гол шалгуур болох юм. Энэхүү бодлогын баримт бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаараа баталснаар Иргэдийн оролцоо Төрийн бодлого болж байна.

Танилцуулгад оролцогсод Үндсэн хуулийн болон Төсвийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, төсвийн менежментэд олон нийтийн оролцоог бий болгох энэхүү арга хэмжээг талархан дэмжиж байв.