sonin.mn

Ардчилсан Засгийн газрын халаа, сэлгээний шуурга цэрэг, цагдаагийн байгууллагаар үргэлжлэх янзтай. Тухайлбал, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын оронд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Билэгтийг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч гене­рал Ц.Бямбажавын оронд ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатарыг томилж магадгүй гэсэн шум дэгдээд буй. Тэгвэл дэслэгч гене­рал Ц.Бямбажавыг бригадын генерал Д.Энхбаатараар солих нь тодорхой болжээ.

ЗХЖШ-ын удирдлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шийдвэрээр өөрчилдөг. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, бригадын гене­рал Д.Энхбаатар нарын хооронд ардчиллын үйл хэрэгт мөр зэрэгцэн зүтгэж явсан гэх нандин холбоо бий.

Тэртээ 1990-ээд онд тэдний хүсч мөрөөдөж явсан бүхэн биеллээ олж, Ардчилсан нам Засгийн эрхэнд гарч ирэв. Тиймээс Ц.Элбэгдорж гэдэг Монгол Улсын Ерөнхийлөгч хэвээрээ байгаа цагт бригадын генерал Д.Энхбаатарт ЗХЖШ-ын даргын хувь ногдох нь дамжиггүй. Гэхдээ ард түмэн Д.Энхбаатарыг бригадын генерал гэхээсээ илүү «казино»-гийн гэдгээр нь андахгүй.

Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын гишүүн асан Д.Баттулга, С.Батчулуун нарын хамт Макаогийн хятадуудаас авлига, хээл хахууль авсан хэргээр аавын хаалга татаж байв. Хэдэн жилийн турш асар их дуулиан, шуугиан дагуулсны эцэст дээлээ нөмөрч явсан тэд, эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэгчлэн өдгөө бүгд л өөр өөрийн гэсэн томоохон албан тушаалд ирж байна. Д.Энхбаатарын хувьд асуудал дууссаны дараа БХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байгаад бригадын генерал цолоор шагнуулж, улмаар Цэргийн тагнуулын газрын дарга болон дэвшсэн билээ.

Харин Д.Баттулга «Улаан­баатар цахилгаан шугам сүлжээ» ХК-ийн даргаар хэсэг хугацаанд ажилласны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Ингээд өнгөрсөн сонгуулиар НИТХ-д ялалт байгуулж, НИТХ-ын даргаар сонгогдон хуучны анд Э.Бат-Үүлтэйгээ нэг баг болон ажиллаж байна. Харамсалтай нь тэдэнтэй хамт буруудаж, хоригдсон С.Батчулуун эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан боловч удалгүй нас барсан. Хэрэв бригадын генерал Д.Энхбаатар Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шийдвэрээр ЗХЖШ-ын дарга болбол хошууч генерал цол хүртэх ажээ.

Т.Энхмөнх

Эх сурвалж: "Өглөөний сонин"