sonin.mn
Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Ойрд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд яригдах боллоо. Хуульчийн хувьд та үүнд байр сууриа илэрхийлнэ үү?
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй танилцсан. Агуулгын хувьд ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр эргэж хармаар зүйлс их байна.
 
Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ хуульд хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг УИХ хэлэлцэх ёстой.
 
Гэтэл төслийн үзэл баримтлал, танилцуулга нь эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэгдээгүй, үндэсний хэмжээний зөвшилцөл хийгээгүй, хэсэг хүний бодлыг тулгасан, танин мэдэхүйн түвшинд хийсэн, ил тодоор олон нийтэд танилцуулагдаагүй төсөл байна. Зарим зүйлийг нь иргэд байтугай, хуульч нар дөнгөж харж байгаа гэнэтийн юм болж байна. 
 
-Төсөл санаачлагчид нь маш олон удаа хэлэлцсэн, судалгаа хийсэн гэж тайлбарлаад байгаа шүү дээ.
 
-Үндсэн хууль судалдаг ганц, нэг эрдэмтэнээс асуусан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ томъёолол тодорхойгүй байхад уг эрдэмтэд ерөнхий агуулга л ярих уу гэхээс юуг, яаж тодорхойлох гээд байгаа, ямар арга зүйгээр бичиж, тэрний эцсийн үр дагавар нь нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг шинжлэх ухаанчаар хэлэх ямар ч бололцоо байхгүй.
 
Энд тэндээс сонссон бөөн мэдээллээ хольж нийлүүлээд, тэгээд түүнийг судалсан гээд байвал утгагүй биз дээ. Ямар ч байсан Үндсэн хуулиас болоод улс хөгжихгүй байна гэдэг ойлголтыг ард түмэнд төрүүлэх гэж хичээж, түүндээ итгээд яваад байгаа нь хууль санаачлаад байгаа улс төрчдийн буруу.
 
Хэн хэдэн удаа Үндсэн хуульд нэмэлт оруулах гэж төсөл өргөн мэдүүлж байсан талаар бичсэн байна лээ. Тэгээд тэр бүр дээр дүгнэлт, мониторинг нь байхгүй. Тийм тоог хэлээд хэлэлцсэн, судалсан, мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан гээд байгаа нь монголын ард түмнийг ихэд дор үзэж байгаагийн шинж гэдгийг хатуу хэлмээр байна.
 
-Таныхаар бол томъёоллоо Их хурал хэлэлцчихээд, ард түмнээсээ асуух нь зөв гэсэн байр суурьтай байна уу?
 
-Тийм. Эс бөгөөс ард түмнээс ерөнхийдөө асуусан гэдэг төөрөгдөл бий болгох гээд байна. Өргөн барьсан гээд байгаа гишүүд ч гэсэн зарим нэг зүйл заалтыг би мэдээгүй байхад сүүлд нь нэмсэн байна лээ гээд зурагтаар яриад байна лээ. Тухайн асуудлыг мэдээгүй, санал нийлээгүй бол ямар учраас хууль санаачлагчдын нэрэнд ороод яваад байгаа нь ерөөсөө ойлгомжгүй.
 
Тиймээс зүйл тус бүрээр нь санал нийлсэн бол түүндээ гишүүд гарын үсэг зурж, салгаж төслөө өгөх ёстой. Үүнд УИХ-ын дарга хяналт тавих ёстой. УИХ-ын дарга болон байнгын хорооны дарга нар арай ч энэ төслийг хэлэлцүүлээд, тодорхойгүй юмаар ард нийтийн санал асуулга хийх гээд зүтгэхгүй байх. Энэ нь процессын алдаа болж, Цэц дээр дараа нь шууд унана. Хуульд зааснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй гэж заасан байгаа.
 
-Цэц дээр унавал ямар сөрөг үр дагавар үүсгэх вэ?
 
- Ард нийтийн санал асуулга явуулахад төсвөөс 5 тэрбум гаруй төгрөг гаргана гэж ярьж байна лээ. Процесс зөрчсөн нь тогтоогдвол үүнийг санаачлаад, дэмжээд байгаа гишүүдийн хувийнх нь халааснаас ард түмний мөнгийг гаргуулах уу? гэдэг асуудал тавигдана, хуульчид ч зохих газар нь тавих болно. Энэ улс чинь бас эзэнтэй улс, хэсэг хүний дур зоргоор энэ улсын язгуур эрх ашгийг тоглуулахгүй. Бид зөв зохицуулалт хийхийн тулд зөв замаар л хийх ёстой.
 
-Одоогийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэггүй гэж үзэж байна уу?
 
-Үгүй. Сайн зохицуулалтууд төсөлд байна. Хийх ёстой. Гэхдээ хууль ёсны замаар хийхгүй бол хийчихмээр, өөрчилчихмөөр асуудлуудаа буруу замаар хийгээд ямар ч үр дүнгүй, бөөн хохирол л амсах гээд байна. Одоогийн санаачилсан төсөл дээр Үндсэн хуулиар зохицуулахгүй, бусад хуулиар зохицуулах зүйл ч байна лээ.
 
Гэхдээ би энэ удаад агуулга яримааргүй байна. Тэгэхгүй бол зарим зөв юмаа гишүүд тайлбарлаад түүгээрээ түрий бариад, түүндээ хүч өгөөд бусад Үндсэн хуулийн бус зохицуулалтаа хийчих гээд байх болно. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна уу, байна.
 
Гэхдээ ийм яаруу сандруу, хүч түрж хийх зүйл биш. Яарч хийсэн нэмэлт нийгэмд маш олон хор уршиг авчирах болно. Эрт хийх байсан юм. Энэ УИХ-ын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах оройтсон.   
 
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилж магадгүй юм биш үү. Бас Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим зүйлийг өөрчилчихвөл болно биз дээ?
 
-Дур зоргоороо хийх гэж байвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөх болно. Гэтэл энэ хуулийн ач холбогдол нь зорилго дур зоргыг хязгаарлах явдал шүү дээ. Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулин дахь хугацаануудыг нааш нь татсан байна лээ.
 
Энэ чинь бас л дур зоргын нэг шинж шүү дээ. Тухайн тохиолдолдоо тааруулж, хуулийг засч болохгүй. Хийх ёстой юмаа ядаж жилийн өмнө хийсэн бол одоо яая гэхэв. Мөн дээр нь ард нийтийн санал асуулга явуулахад өвлийн улиралд хөдөө байгаа иргэдэд маш хохиролтой. Энэ нь Үндсэн хуулиар олгосон санал өгөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн болно. Ер нь сүүлийн үед манай төрийн түшээд нэг зүйлийг маш сайн ойлгомоор байна. Мэргэжлийн хүмүүсийн үгийг ав.
 
Эс бөгөөс төрийн болон ард олны ажлыг алдагдуулсан агуу их цэцэрхэгчидийн улмаас төр болж тоглодог хүмүүсээс болж, цаг зав, хүч хөрөнгөө барж байна. Тухайлбал, Өршөөлийн хууль гаргах гэж хэдэн сар ажлаа алдав. Угаасаа л авилгалын гэмт хэрэг өршөөлд хамрагдах ёсгүй гээд олон улсын конвенцод нэгдээд орчихсон, Үндсэн хуулийн өөрийн язгуур зарчим нь тодорхой байхад баталсан.
 
Тэгээд Ерөнхийлөгч хориг тавилаа. Эцэст нь бөөн маргаан. Анхнаасаа тодорхой зүйл дээр хэт их цаг барж байна. Иймд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж цаг алдмааргүй байна. Одоохон энэ яриагаа больж, төр хуульд заасан өөр ажлуудаа л хиймээр байна. 
 
Л.Ганчимэг
 
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин