sonin.mn
Ашиг сонирхол ба түүний зөрчил гэж юу вэ. Хуулийн үг, тодорхойлолт хэрэггүйгээр бүгд үүнийг ойлгоно.
Төр ийм шийдвэр гаргасан, эсвэл хүлээн зөвшөөрсөн гэхэд итгэмээргүй ажил үүргийн давхцал байх ажээ. Энэ нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгосон явдал юм. 
Б.Бат-Эрдэнэ улс төрийн намд ямар албан тушаал хашиж, хэнийг дагаж зөвлөхөөр нь ажиллаж байсныг төрийн хэрэгтэй хутгаж болохгүй. Төр бол эрх мэдэлтний өр төлдөг, тус хариулдаг газар байх учиргүй.
Тэгвэл 2020 оны наймдугаар сарын дундуур Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын даргаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ 2020 оны аравдугаар сарын 19-ний Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүн болжээ. 
ШӨХТГ нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх эрхэм зорилготой Засгийн газрын тохируулагч агентлаг юм. 
Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий  нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг. Б.Бат-Эрдэнэ энэ хоёр байгууллагын хамгийн том дарга нь гэсэн үг. 
Тэгвэл ийм байж болохгүй гэдгийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зөвлөх Эндрю Бауэр тайландаа маш тодорхой бичжээ. Уг тайланд “...”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанид ТУЗ, охин компанийн ТУЗ, удирдлагын тодорхой бүтэц, аудитын хороо, хувьцаа эзэмшлийн бүтэц гэх мэт сайн засаглалд шаардлагатай үндсэн институциудын олонх бий.
 
 
 
Нөгөө талаар, сонгууль бүрийн дараа “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх удирдлага, ТУЗ солигддогоос үзэхэд улс төрөөс хамааралтай нь ажиглагддаг. Дээд түвшний удирдлагын томилгооны шалгуур тодорхойгүй хэвээр байна. ... ТУЗ болон дээд удирдлагын түвшинд шударга ёс, мэргэжлийн өндөр ур чадварыг хөхиүлэн дэмжихийн тулд ТУЗ-ийн гишүүд, менежерүүдийг томилох тодорхой шалгуур боловсруулахыг бид санал болгож байна” гэжээ. 
 
 
 
Энэхүү Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих, бодлогын судалгаа шинжилгээ хийх, чадавх бэхжүүлэх замаар тухайн улс орны иргэд газрын тос, байгалийн хий, уул уурхайн баялгийнхаа үр шимийг хүртэхэд туслалцаа үзүүлдэг. Мөн засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хууль тогтоох байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд дахь бүтээлч өөрчлөгчидтэй хамтран ажиллах замаар олборлох салбарын хариуцлагатай, үр дүнтэй засаглалыг дэмждэг байгууллага юм.
Гэтэл ШӨХТГ-ын жилийн төсөв гэж жилд 1.0 тэрбум орчим төгрөг зарцуулдаг Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувьд маш том “аж ахуйн ажил” хийж сууна. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувьд тус компанийн 2021 оны хөрөнгө оруулалтын төсөв гэж 2 454 455 023 392 /Хоёр их наяд дөрвөн зуун тавин дөрвөн тэрбум нэг зуун хорин хоёр сая хорин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ буюу ойролцоогоор 2.5 их наяд төгрөгийг баталж, гарын үсэг зурсан байгаа юм. Энэ юу болж байна вэ. 
Нөгөө олон асуудал дагуулдаг худалдан авалтыг хийдэг хөрөнгө энэ шүү дээ. 
Үүнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хяналтаа тавина. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалтыг ШӨХТГ хянана. 
Гомдсон, маргасан компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэд ШӨХТГ-ын даргынх нь хувиар хандаж, асуудлаа шийдвэрлүүлнэ. Ингээд бод доо.
 
 
 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК ч “ШӨХТГ биднийг хаянадаг учраас та тайван бай” гэж тайвшруулдаг. 2020 оны гуравдугаар сарын 27-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нэг мэдэгдэл гаргасан. Түүнд “...“Эрдэнэс Тавантолгой” ХК нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг.
 
 
 
Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа ШӨХТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бидний бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнийгээ хянадаг гэсэн үг. Иймээс ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг ард түмний өмч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга хэмээх ашиг сонирхол ханхалсан ажлаас нь холдуулж, түүнд Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх үүргийг нь дангаар гүйцэтгэх боломжийг нь  олгохыг шинээр томилогдож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсье.  
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин