sonin.mn
ҮАБ-Д МАШ АЮУЛТАЙ, АСАР НУУЦ БАГАНУУРЫН КОНЦЕССИЙГ ЗОГСООЖ, ХУЙВАЛДААНЧДЫГ ШАЛГУУЛЪЯ
 
Монгол улсын засгийн газраас зарласан Багануурын 700 мВт-ын чадалтай цахилгаан станцын концессийн шалгаруулалтанд БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22-р товчоо” гэх барилгын цэргийн нэгж болон “Пинггао групп” компанийн нэгдэлээс бүрдсэн Консорциум шалгарсан. Улмаар“Багануур холдинг лимитед” компанийг Хонконгод болон, түүний 100 % охин компани болох “Багануур Пауэр” ХХК-ийг Монгол улсад байгуулан, Концесс эзэмшигчээр бүртгүүлж Концессийн гэрээг байгуулан, 2015 оны 4 сарын 1–ний өдөр гарын үсэг зурсан.
НЭГ. 21 ЖИЛ ХЯТАДУУДАД АШИГЛУУЛААД, ХУГАЦАА НЬ ДУУССАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ, БҮХ ЮМ НЬ ХЯТАДААР БАЙГАА ХУУЧИН ДЦС ХҮЛЭЭЖ АВНА. Концессийн хугацаа нь барилгын хугацаа (4 жил) болон ашиглалтын хугацааг (21 жил) оролцуулан, нийт 25 жилийн хугацаатайгаар “барих - ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэй байгуулсан. 700 МВт-ын хүчин чадалтай Цахилгаан станц, түүний дагалдах байгууламжуудад 1.2 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалт шаардлагатай.
ХОЁР. МАШ ӨНДӨР ҮНЭТЭЙ ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ МОНГОЛ УЛС ЗААВАЛ ТӨЛНӨ. “Багануур пауэр” ХХК нь Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК–тай 2015.8.28-ны өдөр байгуулсан. 
Гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг тохирсон тарифаар бодон, худалдах авах үүрэгтэй. Хэрэв энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлэээсэн. Багануурын ЦС-аас нийлүүлэх энэ хэмжээ нь Монгол улсын хэрэглээний 60-70 хувийг дангаар хангахаар байгаа нь зах зээлд шууд шингээхэд хүндрэлтэй учир ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2 станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. 3000 орчим хүн ажилгүй болно.
Гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын ЦС-ын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт-ыг нь хамгийн багадаа 9 центээр (225 төгрөг) бүрэн хэмжээгээр, үг дуугүй худалдаж авах заалт оруулсан. Харьцуулахад ОХУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60.06 төгрөг, 2013 онд 81.8 төгрөг байжээ. Түүнээс гурав дахин илүү дахин үнээр дотоодод буюу Багануурт үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг худалдаж авах утга учир юунд байх вэ? Багануурын ДЦС-ын гаргах цахилгааны үнийг зохих журмаар бодвол бүр 250 төгрөгөөс дээш болохоор байна. Маш их дарж мэдээлдэг.
ГУРАВ. ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ДЭЭД ЗЭРГИЙН ЭРСДЭЛД ОРНО. Хэрэв Монголын эрчим хүч нийлүүлэлтийн 50 хувийг(700Mвт) хангах болсон хойноо Багануур ЦС-ын нэг 350 МВт-ын блокод л түр зогсолт, эсвэл аваарын байдал үүсэхэд түүнийг богино хугацаанд орлон ажиллах боломж Монголын эрчим хүчний системд байхгүй. Энэ нь аюулгүй байдал, тогтвортой байдал талаасаа том эрсдэл учруулахаар байна.
ДӨРӨВ. БАРИГДАХ ХАНШ 2 ДАХИН ӨНДӨР. Дэлхийн жишгээр Дулааны цахилгаан станц барих өртөг дунджаар 1мВт нь нэг сая ам.доллар байдаг. Гэтэл Багануурын ДЦС-ын өртөг 700 мВт = 700 сая доллар байх ёстой атал, 1,2 тэрбум доллар буюу бараг 2 дахин үнэтэй төсөвлөгдсөн нь асар их хардалт дагуулж байна.
ТАВ. МЕГА ТӨСӨЛ ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛДЭГ. Энэ төсөл нь мега төсөл гэх ангилалд багтаж байгаа учир аюул эрсдлээр дүүрэн, сүйрэл дампуурлаар төгсөх магадлал их ажээ.
ЗУРГАА. НҮҮРСЭЭР ХАНГАХАД МАШ ТОМ БЭРХШЭЭЛ УЧРАВ. Багануурын ДЦС төсөлд учирч буй хамгийн том эрсдэл нь нүүрсний хангамжийн асуудал болоод байна. Заавал хангах ёстой тохироо бий, эсбөгөөс Монголын тал хариуцлага хүлээнэ.
Багануурын нүүрсний орд 40 гаруй жил УБ хотын ДЦС-3, ДЦС-4, ДЦС-2, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж ирсэн юм. 1974-1975, 1988-1989 онд хайгуул, 2014-2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж 812 сая тоннын хүрэн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон. Гэтэл Монгол улсын цахилгаан эрчим хүчний 70% гаруйг дангаараа хангаж байгаа стратегийн чухал энэ ордын нөөцтөй талбайн 60 % гаруйг (530 сая тонн) “Алтайн гянт” хувийн компани маш ойлгомжгүй эргэлзээтэй байдлаар эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж байна. Монголчуудад Эрдэнэтийн 49 %-ийг гэнэт худалдан авснаараа танигдсан 27 настай Ц. Пүрэвтүвшин энэ компанийн захирал бөгөөд, “Алтайн гянт” ХХК-ийн цор ганц, 100 % хувьцаа эзэмшигч. “Эрдэнэт”-ийн асуудалтай хүйн холбоотой болж ирж байна.
ДОЛОО. АВЛИГЫН ҮНЭР. Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын ДЦС-ын концесст ялсан хятадын компани 60 сая орчим долларыг тендерт ялахын
тулд зарцуулсан гэж яригддагийг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой. Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон. Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улс төрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл юм. Цахилгаан станцийн төсөлтэй болон хятад компанитай холбоотойгоор сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа бөгөөд, гадуур тархсан мэдээллээр 16 давхар зочид буудлын барилга бариулсан нь хятад компаниас авлига авсан гэж хардагддаг, барилга дээр нь хятад компанийн ажилчид ажиллаж байсан гэж дуулддаг. Багануурын хачирхал төрүүлсэн концессийн ард авлига нуугдаж байгаа юм биш биз гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа. ЭНЭ АСУУДЛЫГ БОЛОН, ДЭЭР НЭР ДУРДАГДСАН ХҮМҮҮСИЙГ ИРГЭНИЙ НИЙГМИЙНХЭН ШАЛГУУЛАХ БОЛНО. МӨН ТУСГАЙ ХӨДӨЛГӨӨН ҮҮСГЭН ТЭМЦНЭ.
НАЙМ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИЙН АТГАНД БАЗАГДАЖ, ХЯТАДЫН ЦЭРЭГ ОРЖ ИРНЭ. Багануурын ДЦС-ын Үндэсний аюулгүй байдалд учруулах гол эрсдэл нь хятадын төрийн өмчит компани эрчим хүчний системд 25 жилийн турш ноёлох байдал эзлэх явдал юм. Үүний аюул нь юундаа байна гэхээр БНХАУ-ын гадаад бодлого, үзэл баримтлалд гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө оруулалт, өмчийг цэрэг - зэвсгийн хүчээр хамгаалах тухай заалт байгаа явдал юм. Монгол улсын зүрхэнд, эрчим хүчний системийн 50 хувийг эзлэсэн хятадын хөрөнгө оруулалт 25 жилийн турш байна гэдэг бол асар том эрсдэл мөн. Түрэмгий санаа өвөртөлсөн үед ямар ч аян шалтаг гарч магадгүй юм. Цахилгааны төлбөр саатах үед л шалтаг гаргах боломжтой. Энэ ЦС-ийг хятадууд барина, дараа нь ч хятадын цэргүүд орж ирэх нь баталгаатай болчихоод байгаа юм. Өмнө манай УИХ-ын холбогдох шийдвэр гараагүй байхад Нүхтэд хятадын барилгын цэргийн анги төмөр зам барина гэж шууд орж ирж байсан. Одоо яах бол? 
Нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, үндэсний аюулгүй байдлын болон тогтвортой байдлын шаардлага хангахгүй, асар үнэтэй цахилгаан хүчээр нийлүүлэх заалттай, бүтэхгүй байх магадлал нь 75% гэгдсэн, хятадын цэрэг орж ирэх магадлалтай ийм төслийг үргэлжлүүлэх утга учир монголчуудад огт байхгүй. Өмнө манай УИХ-ын холбогдох шийдвэр гараагүй байхад Нүхтэд хятадын барилгын цэргийн анги төмөр зам барина гэж шууд орж ирж байсан. Монголын эрх ашгийг огт тооцоогүй энэ мэт төслийг эртхэн хааж байсан нь өлзийтэй тусахаар байгааг Засгийн газар, холбогдох яамд нь анхаармаар байна.
 
ҮАБ-Д МАШ АЮУЛТАЙ, АСАР НУУЦ БАГАНУУРЫН КОНЦЕССИЙГ ЗОГСООЖ, ХУЙВАЛДААНЧДЫГ ШАЛГУУЛЪЯ!
 
Ч. Мөнхбаяр