sonin.mn

Японы сумогийн Их аварга Д.Дагвадоржийг эхнэр Тамираагаасаа салж,  шинэ  гэргийтэй болж буй талаар нэгэн хэвлэл мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар тэрээр тайлбар хийжээ.

Надтай холбоотой мэдээлэл гарсан байна. Би үүнд хариулт өгье. Тамир бид хоёр сайхан охин, хүүтэй. Хагарсан шилийг эвлүүлж болдоггүйн адил буцааж эвлүүлэх гэж их хичээсэн зүтгэсэн. Мэдээж бурууг би өөрөөсөө хайсан. Миний амьдрал хэт их ачаалалтай. Өөр хот болон тойргийн барилдаан гээд жилийн талыг гэр орондоо байдаггүй. Эмэгтэй хүнийг халамж хайраар дутаасан зүйл байгаа болов уу.

 

Чадах чинээгээр нь хүссэн зүйлийг нь авч өгч сэтгэлээ хуурдаг байсан байх. Хүний дотоод сэтгэлийг баярлуулж чадахгүйгээс хойш. Тамир маань сайхан бүсгүй, сайн ээж юм шүү. Бид хоёр сайн ярилцсаны үндсэн дээр тусдаа амьдарч байгаа нь үнэн. Хэдий тусдаа байгаа ч байнга гэр орноороо орж гарч, хүү охиндоо сайн аавын үүргээ биелүүлж л яваа. Монгол улсын хуулийн дагуу эрх үүргээ 100 хувь биелүүлж яваа гэдгээ хэлмээр байна. Тэрнээс биш энд тэнд хаяад явдаг бусадтай зүйрлүүлж болохгүй болов уу. Цагийн эрхээр цэл залуу нас маань өнгөрч, аливаад буйр заах нас маань ирээд байна. Юмыг учирлаж тунгааж бодох нас, хийж бүтээх нас. Хүн хэдий ганцаар явах тусам улам зожиг болж, бор дарсны амсар зуух ойрхон болдогийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа. Ингэж явж хэрхэвч болохгүй. Би өөртөө цэг тавьсан.

 

Ахиад гэдэг үг байхгүй болж байгаа мэт. Олон түмний хайр хишгийг даахгүй ингэж явах ч дээ гэсэн өөртөө гутарсан олон өдрүүд байсан. Би одоо л Асашёорюү гэж брэндийг авч хаяж, Дагвадорж гэсэн аав ээждээ хайртай хүү нь болохгүй бол болохоо байж байгааг ухаарсан. Олонд нэртэй хүнийг сайлах муулахыг алийг тэр гэхэв. Хорвоо дэлхий чинь бие биенээ мэрж амьдардагаас хойш бидний монголчууд тэр тусмаа цөөхүүлээ. Ховын яриа талын түймэр мэт. Би амьдралаа дахин шинээр эхлүүлэх талаар нэлээд бодсон. Харин яаж, ганцаар явах аль эсвэл гэдэг асуулт гарсан. Сайн хүний үрийг хайрлаад, үүргээ ухамсарлаад ухаан хэрэгтэй гэдгийг маш их тунгаан бодох хэрэгтэй. Надад бодох цаг хугацаа их байна. 2015 оны 3 дугаар сарын 20 Токио хот Имприал зочид буудал.Д.Дагвадорж