sonin.mn
Намуудын нэр дэвшүүлсэн байдлыг харвал МАН харьцангуй нэр цэвэр, боловсрол, туршлагатай хүмүүсээ нэр дэвшүүлжээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  намаа цэвэрлэнэ гэж амлаж байснаараа “ЖДҮ”-гийн хэрэгт холбогдсон хүмүүсээсээ татгалзаж,  ёс зүйтэй хүмүүсийг илүүд үзсэн байна.
 
 
 
Харин АН-ын хувьд авилга, албан тушаалын хэргээс гадна танхайн хэрэг өдүүлж байсан ёс зүйгүй хүмүүсээ түлхэх биш харин ч дэмжээд гаргаад ирж. Энэ намд 100 сая төгрөг өгсөн л  бол чөтгөр байсан ч хамаагүй гэдэг “хууль” үйлчилжээ.
 
 
 
Архангайд нэр дэвших Н.Батбаярын хувьд  Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс завшсан  байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан ч хөөн хэлэлцэх хугацаагаар мултраад амжсан. Гэхдээ шинэ хуулиар хэрэг нь дахин шалгагдахаар болоод байгаа бөгөөд тэрбээр хамаг боломжоо шавхаж УИХ-д орж авахыг яарч байгаа нь илт.
 
Сэлэнгэд Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа Сангийн сайд асан С.Баярцогт, Хэнтийд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан,  хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүгдэж байгаа Э.Бат-Үүл, Сонгинохайрханд бусдад 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй Кекүшюзан Д.Батбаяр, Дундговьд ЖДҮ-чин Б.Наранхүү, Ховдод Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байсан МАН-ын экс гишүүн Ш.Адьшаа, Сэлэнгэд Аж үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг хувийн компанид шилжүүлэх зорилгоор бусдад давуу байдал олгосон хэрэгт шалгагдаж буй Д.Эрдэнэбат гэх зэрэг дандаа авлига, албан тушаалын хэрэгтнүүд нэр дэвшихээр болжээ. Үүнээс харвал эдгээр хэрэгтнүүд УИХ-ын гишүүний хамгаалалтад орж, амиа хоохойлохыг илүүд үзэж байгаа нь илт.
 
Дарханд нэр дэвших Н.Мөнхдашийн хувьд 2008 оны сонгуулийн өмнө хүн зодож, мандатаа хураалгаж байсан бөгөөд аймгийнхаа ИТХ-ын хуралдаан дээр бусад руу салаавч гарган, танхайрч хэн болохоо харуулсан билээ. АН-ын хувьд намынхаа шинэчлэлийн төлөө явдаг, дарга нараа шүүмжилдэг, алдаа дутагдлыг нь нүүрэн дээр нь ил хэлчихдэг  шударга, нэр цэвэр хүмүүсээсээ зайгаа барьж, 100 саяын барьцаагаар нэр дэвшилтээ хийчихлээ.