sonin.mn
“Оточ Одь” эмнэлэг,оточ П.Баатар гэхээр хүмүүс одоо  андахгүй болжээ. Монголын анагаах ухаанд “Дээд эрүүл мэнд”-ийн онол арга зүйг боловсруулж, амьдралд хэрэгжүүлэн амжилтанд хүрч, ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ эрхэм төрдөө үнэлэгдэн “Монгол Улсын хүний гавьяат эмч” цолыг Монгол төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос саяхан гардан аваад байгаа билээ. 
 
Ард олноо өвчин зовлонгоос нь гэтэлгэх ариун үйлсдээ эргэлт буцалтгүй зүтгэж буй түүний алтан гараас тан хүртэж, аюулт өвчнөөс салсан олон хүний чин сэтгэлийн үг бүхий  “Дахин төрөхүйн хувь тавилан” ном эдүгээ гурван боть болжээ. Ингээд П.Баатар эмчтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.
 
 
-Ингэхэд та уламжлалт анагаах ухааны салбартай хэдийнээс холбогдсон бэ?
 
-Анагаах ухааны сал­бартай холбогдсоноос хойш миний амьд­ралын 28 жи­лийн түүх өнгөр­чээ. Уг нь би өөрөө биеийн тамирын багш мэргэжилтэй хүн шүү дээ. Яахав хүний амьдрал эрээнтэй бараантай, өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг.
 
Би өөрөө өвчин тусч байлаа. Хүн өвдөнө гэдэг ямар хэцүү байдгийг өөрийн биеэр мэдэрч байсны хувьд хүнийг зовлонгоос нь салгаж эмчлэх нь асар их буян юм байна гэдгийг ойлгосон. 
 
Ингээд л энэ эрдмийг ном ёсоор нь сурч бусдад туслахын тулд яг 28 жилийн өмнө Одь багшдаа шавь орж байлаа. Тэр үед мөнгө төгрөг ашиг хонжооны төлөө биш өвдсөн хүнийг яаж анагаах вэ, яаж ганц хором ч болтугай өвчнөөс нь салгаж тус болох вэ гэдэг үүднээс багшийнхаа заасан бүхнийг чин сэтгэлээсээ сурч байлаа.
 
 
-Одь багшийнхаа тухай ярих­гүй юу. Нутаг усандаа нэртэй, их эрдэм номтой оточ байсан гэдэг? 
 
-Одоо миний багшийн 100 жилийн ой болж байна. Манай Одь багшийг багш нь “Энэ хүний эрдэм 60 жилийн дараа гарах юм байна” гэж хэлсэн гэдэг. Тэгсэн чинь багшийг 1937 онд хэлмэгдүүлээд 60 жилийн турш өөрийн эрдмээ нууж явахад хүргэсэн.
 
Аз болж 1990 онд би шавь нь болсон түүхтэй. 15 жилийн турш багшийгаа дагаж их эрдмээс нь суралцсан даа.  Багшийн маань шавь нар дотроос нэг ардын эмч, зургаан гавьяат, зурхайн ухааны хоёр доктор төрсөн. Зургаан гавьяатын маань хоёр нь нэг эмнэлэгийн эмч нар. Гэхдээ энэ бол зөвхөн миний мэдэж байгаа тоо. 
 
Мундаг багш гэдэг нэг том үндэснээс олон салаа мод ургахтай адил тийм гайхалтай. Шавь нар нь хүртэл мундаг байж чадвал нэг хүний нийгэмд хийсэн хамгийн том зүйл тэр юм болов уу. Түүнчлэн Одь багшийн маань багш Өндрийн Дамчаа гэж хүн Богдын дэргэд шадарладаг долоон мундаг цорж ламын нэг нь өвдөхөд түүнийг гурван тун эмээр эдгээж байсан.
 
Үүнийхээ төлөө Богд хаант Засгийн үед “Дархан эмч” цол хүртсэн мундаг оточ байсан. Мөн Дамчаа эмчийн багш буюу аав нь Түвдэд 23 жил болсон өндөр Аюуш гэдэг хүн байсан юм билээ.
 
Түүнийг нутагтаа ирэхэд нь хүмүүс Аюуш гэлгүй Түвд гэж дууддаг байсан гэнэ билээ. Багш шавийн барилдлага гэдэг их сонин. Нодлин жил Одь багшийн суварганы наадамд Аюуш багшийн удмын морь түрүүлж байх жишээтэй. 
 
 
-Танай эмнэлэгээс хоёр гавьяат эмч төрсөн  гэсэн. Нэг нь ямар хүн байдаг вэ?
 
-Нэг нь би нөгөөх нь хүний их эмч Цэрэндорж багш маань. Цэ багш хэдийгээр 80 насны босго давж яваа ч ном зохиол бичээд, хүмүүсээ эмчлээд, шавь нараа бэлтгээд явж байна. 
 
 
-Уламжлалт анагаах ухаан гэж юуг хэлдэг юм бэ?
 
-Уламжлалт буюу тэжээ­хүйн ухаан нь арга билэг, хүний таван мах бодь, хар цагаан зурхай болон гурван хий, шар бадганы онол мөн долоон тамир, цаг хугацаа, улирал, түүнчлэн нар, сарны хөдөлгөөн зэрэг олон зүйлсийн нэгдэл юм. Нэг ёсондоо хүний бие, хэл, сэтгэл гурав цогц, цөм буюу тэнцүү байж хүн эдгэнэ гэсэн үг.
 
Ингэхлээр гүн ухааны хувьд зурхай буюу нээлттэй тогтолцоонд суурилсан бай­даг. Ер нь тухайн өвчин туссан хүнд зөвхөн өөрт нь зориулсан эм, тангаар эмчилнэ. Шинжлэх ухааны эмнэлэг болохоор өвчнийг нь анагаадаг харин уламжлалт буюу тэ­жээхүйн ухаан нь хүнийг нь эмчилдэг.
 
Харин барууны буюу орчин үеийн шинжлэх ухаан нь дүрс, шинжилгээ, судалгаа мөн орчин үеийн хүчтэй технологийн тус­ламжтай судалгаан дээр тулгуурладаг. 
Орчин үеийн шинжлэх ухаан, ардын уламжлалт анагаах ухаан хоёр эцсийн дүндээ хүнийг анагаах, аливаа өвчнөөс урьдчилан сэр­гийлэх мөн уг салбараа цаашид хөгжүүлэх гэсэн нэг зорилготой. Гэсэн хэдий ч арга ухаан нь өөр юм.
 
 
-Уламжлалт анагаах ухаан болон шинжлэх ухаа­ны өвчний оношийг тогтоох арга өөр гэж та хэл­лээ. Тэгвэл эмчилж ана­гаах тал дээр бас өөр гэсэн үг үү?
 
-Ер нь хүний өвчин цаг ирэх тусам өөрчлөгдөж байдаг. Аривдана, хомсдоно гэх мэт. Энэ нь юуг хэлээд байна гэвэл зарим өвчин улирлын чанартай байдаг. Хавар модон мах бодитой улиралд элэгний эсны дархлаа суларч далд өвчин нь ил гарч ирдэг.
 
Зун гэхэд л зүрхний өвчин дэлгэрдэг. Мөн зуны дэлгэр цагт хоолны хорд­лого их байдаг. Үүнийг нь мэдэж байгаа учраас зун өвдөх өвчнийг чинь олж мэдээд хавар нь урьдчи­лаад эмчилчихэж болно. Өв­чин гэдэг зарим улиралд нууг­дана, заримд нь хүчтэй болж гарч ирнэ.
 
Тэр үед нь эмээ яаж өгөх вэ гэх зэрэг олон асуудал бий. Ер нь өвчнийг нь бүхэлд нь эмчлэхгүй ганцхан тэр өвдсөн нүд юмуу чихийг нь эмчлэх юм бол голомт нь байгаа болохоор ахиад л өвдөнө шүү дээ.
 
 
- Тэгвэл орчин үеийн эмнэ­лэгийн эмчлэх боломжгүй гээд оношилчихсон өвчнийг уламж­­­лалт анагаах ухаан буюу тэ­жээ­­­хүйн ухаан ана­гааж чадна гэсэн үг үү?
 
-Тэжээхүйн ухаанд эд­гээж чадахгүй өвчин гэж байхгүй. Орчин үеийн ана­гаах ухааны эмчилж чадах­гүй байгаа хорт хавдар гэх мэт бүх өвчнийг эмчлэх боломж байна. Учир нь манай Монгол нутагт цэвэр ариун ус мөрөн, газар шороо, өвгөдийн үлдээсэн ном судар, оюун ухаан, дээдсийн сургааль, эрдэм чадал гээд бүх зүйл нь байна.
 
Байгальд ургаж байгаа ургамал, ус нь үхмэл биш онгон дагшин,  амьдаараа байна. Усан мандал, агаар мандал, шороо мандал, соронзон мандал нь хэвээрээ байна. 
Эдгээр дөрвөн орон амьд байхад бүхнийг анагааж чадна.
 
Нэг сонин зүйл нь манай орчин цагийн эмнэлэг 12 мянга шахам хүнийг эдгэхгүй өвчтэй гэж үзсэн байдаг. Түүнээс манай “Оточ Одь” эмнэлэг дөрвөн мянга орчмыг нь эмчилсэн. Харин шинжлэх ухааны эмнэлэг хоёр хүнийг баттай эдгэсэн гэж батламж гаргаж өгсөн.
 
 
-Урьд өмнө танай эмнэлгээр эмчлүүлээд эдгэ­сэн хүмүүст ингэж батал­гаа гаргаж өгч байсан уу?
 
-Үгүй баталгаа гаргаж өгч байгаагүй. Тухайн хүн эдгэсэн ч бай, үгүй ч бай эдгэхгүй өвчтэй гээд амьд­рах итгэлгүй болж нийг­мээс тусгаарлагдах ёсгүй. Тэдэнд амьдрах итгэл өгөх нь хамгийн чухал. Эд­гээ­­хийн тулд өв­чин  үүс­сэн шалтгааныг нь хам­гийн түрүүнд олох ёстой.
 
Тэгэхгүйгээр шинж тэмдэг­тэй нь зууралдаад байвал анагааж чадахгүй. Гэхдээ хамгийн чухал зүйл нь хүний сэтгэл байдаг. Үл итгэх, хэн нэгний буруу ташаа үгэнд итгэх, мөнгө төгрөг гээд өөр бусад олон шалтгаантай. Энэ мэтээр ойлголцож тухайн хүний сэтгэлийг таньж чадаа­гүйгээс олон хүн хохирч байна.
 
Зөвхөн биеийг нь эмчлэх бус сэтгэл санааг нь ана­гаах нь чухал. Түүнээс биш ганцхан тэр элэгний вирустэй нь ноцолдоод байвал учир дутагдалтай. Манай­хан болохоор та ямар ч найдваргүй гэж хэлсэн мөртлөө эм өгөөд л байдаг.
 
 
-Одоо манай эмнэлгүүд “Та эдгэх ямарч  найдваргүй болсон” гээд шууд хэлчихдэг. Энэ зөв үү?
 
-Ингэж хэлэхээр тэр хүн яаж сэтгэл санаа нь тогтвортой байж эдгэх, амьдрах хүсэл төрөх билээ. Ер нь сэтгэл, үйлийн үр, мунхаг гурваас болж өвчин үүсдэг. 
Тиймээс мунхагийг нь арилгаад, сэтгэлээ зөвтгөж, үйлийн  орон зайгаа ний­гэмтэй нь хөгжил, сэтгэл оюунтай нь эмчлэх юм бол тэжээхүйн ухаанд дий­лэхгүй өвчин гэж байхгүй.
 
Хэдэн зуун сая төгрөг төлж гадагшаа явж эмч­лүүлж ирээд эдгэхгүй насан эцэслэж байгаа хүмүүс ч байна шүү дээ. Хүнтэй нь тулж сэтгэлтэй нь ажиллахгүй зөвхөн техникт найдаад л байх юм бол анагааж чадахгүй.
 
Хүн өөрөө техникийг бүтээдэг. Тиймээс хүнээс илүү техник гэж байхгүй. Гэсэн хэдий ч уламжлалт болон орчин үеийн анагаах ухаан хоёр нэгдэх юм бол ямар ч өвчнийг асуудалгүй анагаах болно.
 
 
-“Дээд эрүүл мэнд”-ийн талаар дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу?
 
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэнд гээчийг маш олон янзаар тодорхойлсон байдаг. Анх “Оточ Одь” эмнэлэгээ бай­гуулж байхдаа ямар чиглэ­лийн эмчилгээ хийх вэ гэдгээ тодорхойлж “Дээд эрүүл мэнд” гэдэг тодорхойлолтыг гаргаж ирсэн. Энэ нь нөгөө талаар нээлттэй тогцтолцоо гэсэн үг. Бие, хэл, амин орон, цэнэгт орон, гал тогтолцоо гэх мэт найман зүйл тэгш байж хүн эрүүл байна. 
 
Энэ талаар илүү дэлгэ­рэнгүй арга боловсруулж ийм онол гаргаж байлаа. Үүн­тэйгээ холбоотойгоор удахгүй Солонгос улс руу урил­­­гаар явах гэж байна. Зорилго нь гэвэл дэлхийн 130 орны уламжлалт эмнэлгийн ЭКСПО Сөүл хотод болох юм. Үүнд урилгаар оролцох гэж байна.  
 
Бид гадныхныг дуурайж гадны зүйлсийг шүтэх биш өвгөдөөсөө өвлөж ирсэн энэ гайхамшигт уламжлалдаа суурилаад яв­бал эдгээхгүй өвчин гэж байхгүй. Ер нь ингээд үзэхээр Монголын анагаах ухаан дэлхийн хэмжээнд гарах болсон. 
 
Гагцхүү үүнд тогтвортой цогц бодлого боловсруулж түүнийгээ цааш цаашдын төрийн бодлогод суулгаж өгөх хэрэгтэй байгаа юм. Дээд эрүүл мэнд гэдгийг хүн бүр авч хэрэглээсэй. Амьдралаа уртасгаасай гэж хүсэж байна. Ингэвэл нийгэм маань ч эрүүлжинэ.
 
 
-Танай эмнэлэгийн хувьд, ер нь уламж­лалт ана­гаах ухааны салбарт ямар саад бэрх­шээл гардаг вэ?
 
-Таарсан саад бүхэнд шант­ралгүй өөрийгөө хурц­лах, оюу­наа хөгжүүлэх боломж гэж харж ирсэн. Бэрхшээл бүрийг өө­рийн нөхөр мэт хүлээн авч байлаа. Түүнээс биш бэрхшээл бүрт шантарч саад бүхнийг тоо­чоод байвал хүн хөгжихгүй. Багш маань барын сүүлийг барьж болохгүй, баривал тавьж болохгүй гэж сургадаг байсан. 
 
Энэ үг их дэм болдог байлаа. Нэгэнт л эхлүүлсэн болохоор дуусгах ёстой гэж өөрийгөө хурцалсаар өдий хүрлээ.Тэжээхүйн ухаан өмнө нь хэдэн зуун жилийн саад бэрхшээлийг туулаад, төгөлдөржөөд ирсэн болохоор бидэнд харьцангуй хөнгөн байдаг. 
 
Ер нь лам багш нар шавиа бэлдэхийн тулд эхлээд сэтгэлийн хат суул­гаж, хүнийг хайрлах нин­жин сэтгэлтэй болгодог. Ха­рин орчин үеийн багш ша­вийн харилцаанд шүтэн барилдлага гэх зүйл дутаг­далтай харагддаг.
 
 
-Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхийн тулд манай улс цаашид ямар зүйлсийг нэн тэргүүнд хийх шаардлагатай  байна вэ?
 
-Монголд анагаах ухааныг хөгжүүлэхэд Өвөр Монголын ч юмуу туршлагатай мундаг багш нарыг урилгаар авч ирж багшлуулах хэрэгтэй байна. Жигмэд, Лувсандорж гээд том оточ маарамбууд бий. 
 
Орчин үеийн анагаах ухааны залуухан доктор багш нар ном хуулж заагаад түүнийгээ ярьсаар байгаад доктор профессор болчихож байна. Дэлхийн хэмжээнд гаргах тийм чадвартай эмч нарыг бэлтгэх хэрэгтэй. Мөн гэрийн багш шавийн харилцааг сэргээх хэрэгтэй.
 
Энэ үед шавь сургалт гэдэг утгаараа хөгжинө. Уурхайгаа ухахын оронд монгол оюун ухаанаараа дэлхийн тавцанд гарч ирэх цаг ирсэн. Ер нь хүн төрөлхтний анагаах ухааны төв нь монголын анагаах ухаан юм.
 
 
-Тэгвэл таны хувьд өөрийн шавь нарыг бэлдэж байна уу?
 
-16 хүүхдийг бэлдэж байгаа. Хятадаас багш авчирч хичээл заалгаж байна. Мөн өөрийн хоёр хүүхдийг бас сургаж байгаа. Эднийгээ ирээдүйд овоо гайгүй эмч болно гэж итгэж байгаа. Мөн орчин үед мөнгөнөөс болоод багш шавийн хооронд буруу ойлголцол их болж байна. Хүүхдүүд мөнгөний төлөө болчимгүй зүйлс их хийдэг болж.
 
Би шавь нартаа өөрийнхөө сурсан аргаар гэртээ хичээл заадаг. Энэ нь ч бие биенээ мэдэрч ойлгоход тустай байдаг юм. Эмч хүн цаг үргэлж суралцаж байдгийн адилаар би, “Өглөө бүр өөртөө би суралцаж байгаа шүү” гэж хэлээд тэдэндээ сургахын хажуугаар өөрөө суралцаад явж байна даа.
 
 
-Саяхан манай  иргэд Ерөнхийлөгчөө сонголоо. Таны хувьд энэ сонголтыг хэр зэрэг үнэлж байна?
 
-Би сая Ц.Элбэгдорж Ерөнхий­лөгчийг дэмжсэн. Яагаад вэ гэхээр Чингис хаан 13 настайдаа Монгол Улсыг байгуулах санаа агуулж хорин хэдэн жилийн дараа санаснаа биелүүлсэн. Түүнтэй адил Ц.Элбэгдорж мөн энэ хугацааны дараа ардчилсан нийгмийг бай­гуулсан.
 
Ардчилсан нийгэм залхуу хүнд юу ч өгдөггүй. Хүн өөрөө хийж бүтээж байж л ашиг шимийг нь хүртдэг нийгэм. Харин сэтгэдэг, ажил хийе бүтээе гэсэн хүнд асар том боломж өгдөг. Үүнээс эхлээд бүх зүйл нээлттэй, хөгжих бололцоотой болсон. 
 
Өмнө нь манай уламж­лалт анагаах ухаан ч мөн хаалттай шахуу байлаа. Энэ нийгэмтэй холбоотой манай Одь багш маань “Одоо л төрийн хир буртгийг угаах, нүднийх нь нуухыг авах  ийм сайхан цаг ирлээ” гэж хэлж байсан юм. 
 
 
-Хийсэн бүтээснээ төр засгаар өндрөөр үнэлүүлсэн хүний хувьд одоогийн энэ Засгийн газрын хийж бү­тээж буйг хэрхэн харж байна?
 
-Шинэчилсэн засгийн газар маш их зүйлийг хийж байна. Хууч­ны уламжлалаа сэргээж мон­гол хүний оюун ухааныг брэнд болгоно гэж ярьж байгаа нь маш сайшаалтай. Уламжлалт зүй­лээ дээдэлнэ гэдэг өөрөө их ухаан байгаа юм.
 
500 гаруй жилийн түүхтэй гэгээн буурал өвгөдийн цагаан буяныг Монголын төр үнэлж на­майг “Монгол Улсын хүний гавьяат эмч” цолоор шагнасанд баяртай байна. Анх 1990-ээд онд шар цэцэг маш их ургаж байсан тэр үед Одь багш маань “Удахгүй төр өөрчлөгдөж шинэ цаг ирэх нь” гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй ардчилсан хувьсгал гарч байсан. 
 
 
-Танай эмнэлгээр эмч­лүүлсэн хүмүүстэй уулзаж байхад “Баат­раа эмч гавьяат болсон нь нүдээ олсон шагнал. Төрийн шаг­нал одоо л нүдээ олж байна. Өмнө нь урлагийнхан л голдуу шагнуулдаг байсан. Цаг өөр болжээ” гээд ярьж байна лээ. Та цаашид улам ихийг хийж бүтээхсэн гэж бодож байгаа байх?
 
-Ер нь хийсэн бүтээсэн зүйлийг маань төр өндрөөр үнэлэхээр өөртөө тавих шаардлага асар өндөр болдог юм байна. Цаашид улам хичээж ажиллах ёстойг надад санууллаа гэж бодож байна. Манай ардын уламжлалт ухаан гэдэг бол өрнө дорнын Хятад, Солонгосын соёл биш, харийн ухаан биш шүү дээ. Энэ бол бидний уламжилж ирсэн асар том өв хөрөнгө. Үүнийгээ одоогийн Засаг маань үнэлж цэгнэж байгаад нь баяртай байна. 
 
Мөн өвс ургамлыг нь түүж авдаг уул, усандаа баярлалаа. Бас түүгээр хийсэн эм танг надад итгэж ууж хэрэглэн эрүүл саруул болж байгаа тэнгэрлэг хүмүүстээ баярлалаа. Нэрийг нь сонсоод хүн төрөлхтний өвдөг нь чичирдэг хавдар хэмээх өвчнийг даван туулж чадсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.
 
М.Санчир
 
Эх сурвалж: