sonin.mn
Эрийн гурван наадамд хурдан морьдын уралдаан зүй ёсоор ордог. Эрт дээр үеэс энэ цагийн он тоолол хүртэл шандаст хурдан хүлгүүдийг нь шөрмөст бяцхан жаалууд унаж, хурдлуулж ирсэн түүхтэй.
 
Тэгвэл түүхэнд мөнхөрч, түмэн олны мэлмийг гийх энэ уралдаан нь хүүхдийн эрхийг зөрчиж, хүний амиар наадсан үзүүлбэр болж хувирчээ. Жилийн жилд хурдан морь унаач хүүхдийн асуудал хөндөгдөж, тэдний эрх зөрчигдөж буйг хэвлэлийнхэн хэлдэг, ярьдаг, бичдэг.
 
Харамсалтай нь нэмэр алга. Наадам эхлэхээс өмнө хүүхдийн эрхийн байгууллагууд хөдөлгөөнд орж, унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах тал дээр арга хэмжээ авч байна гээд ам гарч байсныг нь тодхон санаж байна.
 
Гэтэл энэ жилийн наадмаар хоёр ч аймагт унаач хүүхэд амь насаа алдчихлаа. Тодруулбал, Архангай, Төв аймагт. Энэ нь өнөөх хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж гэм, зэмгүй балчир үрс нөгөө ертөнц рүү явчихлаа.
 
Манай улс Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенци, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг халах тухай конвенцид нэгдэн орсон байдаг. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг конвенцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.
 
Энэ жилийн баяр наадмаар хүүхэд бүрт хамгаалах хэрэгсэл өгнө гэж байсан. Бодит байдал дээр тал хувьд нь хамгаалах хэрэгсэл өгсөн нэр зүүгээд хаясан. Хамгаалах хэрэгсэл болох, малгай, өвдөг, тохойны хамгаалалт нь манай орны нөхцөл байдалд нийцэхгүй гаднын улсад морин тойруулга төдийхөнд өмсдөг хэрэглэл аж.
 
Угтаа бол унаач хүүхдүүд уяач нарын гар хөлийн үзүүрт зарцлагдаж байдаг утсан хүүхэлдэй төдий зүйл болжээ. Угшил сайтай морьд гэж ярихаас унаач хүүхдийн эрхийг хөндөхгүй уяачид олон.
 
Тэд хурдан морио хэдэн зуун мянган төгрөгөөр даатгуулдаг атлаа унаач хүүхдийг нь 5-10 мянган төгрөгөөр даатгуулсан нэр зүүдэг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, уяач нарын уршгаар унаач хүүхдүүд эндэж байна.
 
 
Хүний эрхийн комисс мэдэгдэл гаргав
 
Унаач хүүхдүүд осолдож, амь насаа алдсанд харууссан Хүний эрхийн комиссынхон мэдэгдэл таргасан байна. Энэхүү мэдэгдэлд бичсэнээр хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр нухацтай арга хэмжээ авахыг сануулсан байна.
 
Тухайлбал, "Хүний эрхийн комисс 2007 онд хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг үндэсний хэмжээнд тусгайлан судалсан. 2003, 2008, 2010, 2012 оны хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх асуудлыг Улсын Их Хуралд илтгэн Засгийн газарт зөвлөмж өгч ажилласан.
 
Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 2010 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 1501 дүгээр хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт хүүхэд бүрийн амьд явах эрхийг хамгаалахад бүх хүчин чармайлтаа дайчлахыг зөвлөсөн юм.
 
Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага "MNS 62645 2011" стандарт зэрэг хууль тогтоомж, Комиссоос өгсөн зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлээгүй.
 
Мөн хурдан морь унаач хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хохирлоо бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх эрх зүйн орчин болон хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүйгээс хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирч эрх нь ноцтойгоор зөрчигдсөн хэвээр байна.
 
Ялангуяа орон нутгийн түвшинд аймаг, сумын Засаг дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө үндэсний газар түүний салбар нэгж, холбогдох хууль, хяналтын байгууллагууд, хурдан морины салбар комиссууд хүүхдийн эрхийг хамгаалах талаар хариуцлагагүй, хяналтгүй ажилласнаас болж хүүхдийн амь нас хохирч байгааг таслан зогсоохыг шаардаж байна.
 
Монгол Улсын Засгийн газар Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай олон улсын байгууллагуудын шаардлагыг дэмжихийн зэрэгцээ хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд аюултай нөхцөл байдал үүсгэхгүй байх үүргийг хүн бүр хүлээж байгааг мэдэгдье" хэмээжээ.
 
 
Эх сурвалж: