sonin.mn

ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн худалдаанд үүссэн тодорхойгүй байдлаас шалтгаалан эрсдэл багатай актив хөрөнгө болох алтны үнэ даваа гарагт 3405.19 ам.доллар болж, дахин шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.  


Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний худалдааны зөрчил хурцадсанаас үүдэн хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж буй энэ үед унц алтны үнэ даваа гарагт 2.3 хувиар өссөн байна. 


Төв банкууд бодлогын хүүгээ бууруулах хандлагатай байгаа нь мөн алтны үнэ өсөхөд нөлөөлсөн бөгөөд Европын Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулсан юм. Дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн 180 гаруй орны бараанд шинээр татвар ногдуулахаа мэдэгдсэний дараа алтны үнийн өсөлт эрчимжжээ. Хятад улс АНУ-ын шийдвэрт хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлж, тус улсад ижил хэмжээний татвар ногдуулан хариу арга хэмжээ авсан юм.Улмаар хоёр улс татварыг ээлж дараалан нэмэгдүүлснээр Америкийн тал Хятадад ногдуулах гаалийн татвараа 145 хувь, Хятадын тал АНУ-д ногдуулах татвараа 125 хувь болгосон билээ.


Хэдийгээр Вашингтоны засаг захиргаа бусад улс оронд татвар ногдуулах шийдвэрээ 90 хоногоор хойшлуулсан боловч Хятадын бараанд ногдуулсан татварууд үйлчилж эхэлжээ. 


АНУ-ын Засгийн газар мөн Nvidia компанийн H20 чипийг Хятадад экспортлохыг хоригложээ. Мөн Цагаан ордноос дөрөвдүгээр сарын 15-нд гаргасан мэдэгдэлд дурдахдаа, Хятад улс хариу арга хэмжээ авсантай холбогдуулан тус улсад 245 хүртэлх хувийн ногдуулна гэсэн байна. Үүний зэрэгцээ, АНУ болон түүний худалдааны түншүүдийн хооронд Хятадын ашиг сонирхлыг хохироох аливаа хэлэлцээр байгуулахыг хатуу эсэргүүцэж байгаагаа Хятад улс даваа гарагт мэдэгджээ. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зохих хариу арга хэмжээ авах болно гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. 


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг